Макс группийнхэн шаардлага хангахгүй шүүсээ хямдрал нэрээр борлуулж хэрэглэгчдээ хохироож байна
2017/02/10
Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө эрүүл чанартай хүнс нийлүүлэхийн оронд муудсан бүтээгдэхүүн шахаж, үүнийгээ хямдрал нэрээр борлуулж байгаа Макс группийн булхайг хохирогч болоод буй нэгэн бүсгүй ил болгожээ.
“Макс супермаркет”-аар үйлчлүүлж, бага насны хоёр хүүхдэдээ жүүс авч өгсөн эмэгтэй эцэстээ гэм буруутан мэт болж, хууль цагдаагийн байгууллагад хүртэл очиход хүрчээ. С.Нарантунгалаг гэж эмэгтэй энэ сарын 7-ны өдөр “Макс супермаркет”-аас хүүхдүүддээ дараах зураг дээр харагдаж буй жүүсийг худалдан авсан аж. Тетрапак савлагаатай учир доторх харагдахгүй тул зааврынх нь дагуу онгойлгоод хүүхдүүддээ уулгасан байна. Хүүхдүүддээ уулгах гэж авсан болохоор өөрөө уугаагүй байж байгаад хүүхдүүдээ нэлээн их хэмжээгээр уусных нь дараа нөгөө жүүснээс нь амсаж үзтэл аман дотор нь хэсэг хэсэг юмнууд мэдрэгдэж байжээ. Тэгэхээр нь ямар учиртай юм бол гээд задлаад үзтэл дараах зураг дээр харагдаж байгаа байдалтай байжээ. Иргэн С.Нарантунгалагийн хувьд 1 настай, 12 настай хоёр хүүхдэдээ авч уулгасан жүүс дотроо ийм дүр зурагтай байсан гэдгийг баталж буй юм.
Эрүүл мэндийн баталгаагүй ийм бүтээгдэхүүн нийлүүлэн хохирсон тул Нарантунгалаг гэх бүсгүй тус компанид хандан эмнэлэгт очин шинжилгээ өгч, үүнийг зардалыг танайхаас гарга хэмээн шаардлага тавьжээ. Харин үүнийг
тус компанийн мэргэжилтэн Алтанчимэг, хуульч Энхгэрэл нар иргэн С.Нарантунгалаг руу дайрч давшлахаа л урьтал болгож байгаа аж. Алтанчимэг гэж эмэгтэй бол С.Нарантунгалагийг тетрапак савлагаатай бүтээгдхүүн хэрэглэж сураагүй юм уу, хэзээ худалдаж аваад, хэрхэн хадгалчихаад бидэн рүү ингэж дайраад байгаа юм гэх маягаар хандсан байна. Бүр Мэргэжлийн хяналт бидэнд нөлөөлөхгүй, дурынхаа мэргэжлийн хяналтад ханд гэж томорчээ.
Харин хуульч Энхгэрэлийн тухайд иргэн С.Нарантунгалагийг хүүхдүүдээ өөр сайн эмнэлэгт үзүүлмээр байна гэсэнд нь дургүйлхэж, эмнэлэгт үзүүл гээд өгсөн байсан 200 мянган төгрөгөө эмнэлэг дээр ирээд булааж аваад явжээ. Хүүхдүүдийг нь Баянгол дүүргийн эмнэлэгт үзүүл гэсэн шаардлагыг тэдний зүгээс тавьсан юм байна. Харин хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд зовж байгаа ээж тэдний зааж өгсөн эмнэлэгт очихоос татгалзаж байгаа аж.
“Макс”-ынхан Мэргэжлийн хяналт бидэнд нөлөөлөхгүй гэж том дуугарч байгаа ч, Мэргэжлийн хяналтын байцаагчид шударга ажиллаж, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа иргэд хэлж байгаа юм.