Дундговь аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад донгодуулав
2013/11/13
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэдхэн хоногийн өмнө Дундговь аймагт очиж ажилласан юм. Аймгуудын Засаг дарга нартай өнөөдөр өглөө хийсэн цахим хурлаар Дундговь аймгийнхан багагүй донгодуулав.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хамгийн сүүлд Дундговь аймагт ажиллалаа. Та бүхэн ард иргэдээ сонсож чадаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ард иргэдтэй бүр ойртож ажиллаж уулзалтаа сар бүр тогтмол хийж бай.
Орон нутагт очоод иргэдтэй уулзалт хийхээр Засаг даргын газар дээр нь шийдчих хэмжээний орон нутгийн чанартай асуудлууд дандаа ярьцгаах юм. Биднийг ирэх завшааныг ашиглаад гэдэг шиг ийм зүйл ярьж цаг алдмааргүй байна. Иргэдтэй хийх уулзалтаа тогтмол болго, болж бүтэхгүй ажлыг нь хурдан хугацаанд шийдэж өг" гэсэн даалгаварыг уулзалтын эхэнд өглөө. Үүний дараагаар аймгуудыг төрийн байгууллагуудын мэргэжилтнээ чадавхжуулахыг анхааруулав.
"Тамгын газрын мэргэжилтэн боловсон хүчиндээ анхаар. Ам, цаас хоёр нь зөрдөг байж болохгүй. Дундговь аймгийн хэмжээнд ажиллаж буй аж ахуй нэгжийн тоо хэд вэ гэхээр 600 гаруй гэж хэлсэн атлаа надад бэлдэж өгсөн цаасан дээр 332 гээд биччихсэн байх юм. Хоёр тоо чинь зөрөөд байна, аль нь зөв вэ гэхээр юу билээ гээд сууж болохгүй биз дээ" гэдгийг энэ үеэрээ онцлон ярилаа.
Гэхдээ Дундговь аймагт саарын хажуугаар сайн зүйл байсан гэдгийг ч хэлэв. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэр 53 хүнийг ажлын байртай болгосон, 1000 орон сууцны хороололтой болсон зэрэг олон зүйл дурдагдлаа. Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл, Сум хөгжүүлэх сангийн зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн мэдээллийг ил тод болгохыг сануулав. Аль ч аймагт очсон дээрх гурван сангийн зээлийг нам, ах дүү, танил талдаа өгсөн гэдэг санал гомдол, хов жив угтдаг. Тиймээс ямар үйлдвэртэй хэн гэдэг хүн, хэдэн онд хэчнээн төгрөгийн зээл авсан, зээлийн эргэн төлөлт ямар байгаа зэрэг бүх мэдээллийг иргэдэд нээлттэй болгохыг үүрэгдсэн юм.
Ерөнхий сайд ирэх долоо хоногт Сайншанд, түүний дараа Архангай, Завхан, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг аймагт очно гэдгээ хэллээ. Аймгуудад очоод өгсөн үүрэг даалгавар ялангуяа иргэдэд зээлийн мэдээллийг ил болгосон эсэхийг хамгийн түрүүнд шалгах болно гэж орон нутгийн удирдлагуудад анхааруулсан юм. Үүнээс гадна цаашид шат, шатандаа хариуцлага тооцоод явна гэдгээ ч мэдэгдэв.
Х.Даваа