20 жил өндөр хөгжилтэй Япон, Америк, Өмнөд Солонгос болон барууныхныг шүтсээр ирсэн. Зээл, тусламжаас аваад хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи нутагшуулах гээд тэднээс бид бишгүй юм сурсан. Харин амьсгаа авсан уу яасан гэлтэй манайхан сүүлийн үед хоёр хөршөө "тоох" байдалд шилжээд байгаа. Тоохгүй гээд ч яах билээ. Хөршийг сонгодоггүй учир. Энэ тухай өгүүлэх нь. 
 
Хөрш байна гэдэг хэзээ ч нүүгээд явчихгүй, мөнхийн байдаг тул тэдэнтэй бид хүссэн хүсэдгүй , харилцсаар ирсэн. Ирээдүй хойшид харилцсаар ч байна. Энэ утгаар юм л бол гуравдагч ертөнцийг зорьдог манай төр, засгийнхан төрийн хэмжээнд урд, хойд хоёр хөршдөө айлчлах тухай аль намраас дуулдаж эхэлсэн.
 
Түүнээс хойш Ерөнхий сайд Хятадад айлчилсан. Айлчлал ч амжилттай болсон. Харин хойд хөршид хийх айлчлал дуулдсангүй. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн амнаас хоёр орны парламент хоорондын уулзалт болсон сураг хэвлэл, мэдээллээр сонсогдсоныг эс тооцвол шүү.
 
Уг нь Ерөнхий сайдын хүрээнд биш гэхэд Гадаад хэргийн сайдын хэмжээнд Москвад айлчлах тухай албан мэдээлэл сонсогдож байсан юм. Тэр хооронд манай хойд хөршийн хил залгаа муж, хотынхон манай улсад ирж явсаар. Энэ жил өмнөхөө бодвол Монголыг зорих оросуудын тоо өргөжсөн.
 
Эхлээд Москвагийнхан, дараа нь уламжлал ёсоороо Эрхүүгийнхэн, мөн Новосибирскийнхэн, хамгийн сүүлд гэхэд Буриадынхан ирцгээгээд явав. Оросуудын хөл ийнхүү татрахгүй байгаа. Үүнийг юу гэж үзэх вэ? Манайд тэднийг татах ямар сонирхол байна вэ?
 
Ёстой л нөгөө хөршийг сонгодоггүй гэдэг шиг манай хойд хөрш оросуудад Монголын юу нь татагддаг вэ гэвэл Төв Ази, Евроази, Алс дорнод, зүүн өмнөд Ази зэрэг олон бүс нутгийг холбох гарц болсон манай газарзүйн таатай байрлал бүхий Монголын зах зээл тэдэнд хэрэгтэй байна. Гэхдээ мэдээж урдын адил биш, шинэ байдлаар.
 
Нөгөө талаар тэднийг манай баялаг, тэр дундаа мал, махаас аваад ХАА-н уламжлалт түүхий эд арьс шир, ноос ноолуур, уул уурхайгаас нүүрс, алт, мөнгө, зэс, уран тэдэнд чухал байна. Ингээд Оросын томчуул манай уул уурхайн зах зээлд орохыг нэлээд хүссэн.
 
Чармайсан боловч даан ч манайхан "тоож'" хавьтуулаагүйгээс  шахагдсан гэж хэлж болно. Нэг жишээ хэлэхэд санаж байгаа байх. 2010 онд ч билүү, Оросын "Газпром", "Востокнефтгаз" болон "Внешторг", "Внешэкономик" банк зэрэг томоохон компаниудын төлөөлөл тэр үеийн Засгийн газрын тэргүүнийхээ хамт Улаанбаатарт ирж байв.
 
Олигарх тэрбумтан О.Дерипаска хүртэл тэгэхэд хувийн онгоцоороо бууж байсан. Тухайн үед оросууд манайд хөрөнгө оруулах боломжийг тандах гэхээсээ илүү манай уул уурхайд хэдийнэ нэвтэрсэн барууныхны ашиг сонирхлоос хоцрохгүй гэсэн хүсэл тэмүүлэл нь нефть боловсруулах хамтарсан үйлдвэр барих, Тавантолгойд төмөр зам тавих зэргээр хэдийнэ илэрхийлэгдэж байсан.
 
Гэвч даан ч хойд хөршийнхний хүсэлтийг тэр үеийн Монголын төр, засаг ойшоож үзэлгүй, "гуйлтанд" нь баталгаа гаргаж өгөөгүй явуулсан билээ. Ямар сайндаа оросууд Монголд хөрөнгө оруулах компаниудынхаа нэрсийг жагсааж өгөхөд манайхан өмнөөс нь "БНХАУ, БНСУ, Японоос тодорхой саналууд ирсэн.
 
Оросын компаниудаас санал ирүүлээгүй байна" хэмээн буцааж байх вэ. Асгатын мөнгөний ордыг эзэмшүүлэхгүй, Монгрлд ШТС-уудын сүлжээ байгуулах "Роснефт"-ийн саналыг хүртэл авч хэлэлцээгүйг бид мэднэ. Үүнд гоморхсон оросуудын Монгол дахь сонирхол түүгээр буурч дууссан уу гэтэл үгүй ээ.
 
Сураг дуулах нь Оросын нөгөө Олег Дерипаскагийн "Базовый элемент" компанийн мэдэлд манайд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн "Бату майнинг" ХХК-ийн 30 хувь, "Кредит", "Тээвэр хөгжлийн банк"-ны тодорхой хувь эзэмшил хэдийнэ орсон мэдээтэй байна.
 
Улмаар нөхөр С.Громовын эзэмшилд хувь нь байдаг "АПУ", "Монгол даатгал", Дарханы мах комбинат, "Чингис хаан" банкны мөн дийлэнх хөрөнгө О.Дерипаскад шилжих гэж байгаа дуулдана. Ингэснээр Оросын олигархиуд Монголын банк, санхүүгийн салбарын 35 хувийг хяналтандаа авахаар байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
 
Удахгүй мөн оросууд Монголын алтны салбарт орж ирэн Хятад, Өмнөд Солонгосын бүлэглэлүүдийг Монголын зах зээлээс шахан гаргах төлөвлөгөөтэй байгаа талаар бичиж байх юм. Тэр ч байтугай "Айвенхоу Майнз"-ийн охин компани "Гоби энержи" буюу хуучнаар "Asiagold"-ыг хойд хөршийнхэн мэдэлдээ оруулахаар зэхэж байна гэсэн "санааг" хүртэл дэвшүүлжээ.
 
Мөн Оросууд манай ХХБанк болон Эрдэнтэд катодын үйлдвэрийг сонирхож байна гэжээ. Энэ мэтээр оросуудын сонирхол буураагүй байна. Гэхдээ энэ бол албан бус, хэвлэлүүдээр цацагдаж буй таамаг төдий мэдээллүүд юм. Ямар ч байсан энэ бүхэн оросуудын сонирхол Монголд байгааг ил, далд тодорхой хэмжээгээр илтгэнэ.
 
Манайхыг алгасан урд хөрш рүү нүүрсний экспортоо нэмэгдүүлж байгаагийн хажуугаар шүү. Өнөөдөр манай хойд хөршийнхний зорилго, сонирхол цаг үеийн явцад өөрчлөгдөж ирэв. Хамтарсан үйлдвэр байгуулах боломж бүтэхгүй бол хөрөнгө оруулах, хөрөнгө оруулах боломжгүй бол хамтрах зэргээр үзсээр байна.
 
Нэгэн ёсондоо тэдний дараагийн алхам нь манай уул уурхайн салбарт техник, технологи нийлүүлэхээс эхлээд хөрөнгө оруулах, үгүйдээ хамтарч ажиллахыг хүсч байна. Оросуудын зорилго манайд гадаадын хөрөнгө оруулалт хориглолтод орчихоод байгаа завшаант үеийг ашиглах явдлаар ч өөрчлөгдөн Монгол дахь байр сууриа олж авахаар илэрхийлэгдэн өрнөж магадгүй болоод байна.
 
Оросуудад хэдий ийм сонирхол байвч тэдний хувьд нэг томоохон чөдөр тушаа байдаг нь яг асуудлыг шийдэх болохоор дээрээс буюу Москвагийн амыг хардаг хойд хөршийн босоо удирдлагад байдаг юм. Энэ тогтолцоо хил, гаалиас эхлээд хоёр орны харилцаанд бас нэг гол саад болж байдаг нь үнэн.
 
Гэхдээ Оросууд компани, ААН, муж, хотын гээд өөр өөрсдийн хэмжээнд асуудлаа шийдэж монголчуудтай харилцахыг чармайж байна.
 
 Сүүлийн үед манай хоёр орны хэмжээнд олон үйл явдал өрнөж байна. Хоёр орны харилцаа юу юугүй идэвхжих нь гэмээр. "Улаанбаатар" хамтарсан, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зөвлөлийн хурал саяхан болов. Энэ хурал олон улсын төмөр замын уулзалттай давхацсан.
 
Дээрх хурлуудад оролцохоор ирсэн ОХУ-ын төмөр зам ("РЖД")-ын удирдлага УБТЗ-ын шинэчлэлийг түргэтгэхийг санал болгож, энэ хүрээнд УБТЗ-аар дамжуулан хийгдэх транзит тээвэрлэлтийг 100 мянган тонноор нэмэгдүүлэх боломжтойг дуулгав.
 
Энэ нь УБТЗ-ыг шинэчилснээр манай хоёр орноор дайрах транзит тээврийн томоохон урсгалыг өсгөж, Монгол, Хятад, ОХУ-ын логистикийн системийг хөгжүүлж тээвэрлэлтийг хангах, Улаан-Үд -Наушк-Эрээн-Жининь чиглэлийн төмөр замын коридорыг байгуулах боломжтой юм.
 
Энэ нь зөвхөн манай улс төдийгүй Оросын хувьд баруун Сибирь, Алс дорнодын уул уурхайн томоохон баяжуулах үйлдвэрүүдийг мөн транзит тээвэрлэгч болгож Хятадын хойд болон төвийн нутгуудад Оросоос нийлүүлэх нүүрс, төмрийн хүдрийн тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ гэсэн үг.
 
Энэ бол тэдний сонирхол боловч оросууд манайхтай хамтарсан нийгэмлэг байгуулж Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замыг барихад оролцохоор болж байна. Удахгүй манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн Захиргааны дарга С.С.Собянин айлчлах дуулдана. Энэ мэтээр манай хоёр орны хоорондох харилцаанд үйл явдал өрнөх нь.
 
 
 Тэгвэл оросуудыг татах тал дээр манайханд ямар сонирхол байна вэ?
 
Монголчуудын хувьд хамтарсан үйлдвэрүүд болох "Эрдэнэт". “Монросцветмет”-д шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ-ын ХНН-ийн бараг анхныхаараа (1949 оны) мөрдөгдөж байгаа гэрээг шинэчлэх, хоёр орны хооронд өнөөдөр тодорхой хэмжээний төлбөр хураамжтай байгаа зорчих визийг чөлөөлөх, мал, махаа гаргах, хоёр орны хоорондын худалдааг либеральчилж хөнгөвчлөх, хил, гааль дээрх хүнд суртал, чирэгдлийг багасгах зэрэг сонирхол бий.
 
Визний тухайд манайхан үүнийг чөлөөлчихвөл яасан юм гэдэг. Гэтэл хэрэг дээрээ үүнийг Оросын тал зөвшөөрдөг боловч манайхан дээрээ хүлээн авдаггүй гэсэн яриа бий. Юунаас болж, ямар шаардлага байгаагаа манай төр, засаг илэрхийлээгүй ирсэн.
 
Энд хойд хил нээлттэй, чөлөөтэй болчихвол гэмт хэрэгтнүүд хойшоо зугтаж гарах нь ихэсч, Оросоос хар тамхины наймаа зэрэг эсэн бусын хууль бус "довтолгоо" Монголд орж ирэн халдварлана гэж эмзэглэл байдаг гэсэн.
 
Гэхдээ эдгээр нь үнэхээр болгоомжлохоор зүйл бол хяналт тавьдаг нь ажлаа сайн хийгээд байвал хориглож дөнгөхөөр, хоёр орны харилцаанд нэг их саад болж хор уршиг тариад байхаар хэмжээний зүйл биш учир энэ бол шалтгаан биш шалтаг гэлтэй.
 
Оросуудын хувьд дээр дурдсан хоёр талын харилцааны бүх асуудлаас болж бүтэхгүй байгаа зүйлээ дээрээс хамааралтай, Москва мэднэ гэсэн ганц үгээр халхавчлан хариулдаг "сайхан зантай". Манайх мах, малаа гаргая гэхэд оросууд хорио цээрээ сахь гэсэн хориг тавьсаар ирсэн.
 
Манайхны хувьд Москвад айлчлах бүртээ нефтийн хараат байдлаасаа яаж гарах вэ гэсэн ганцхан санаа зовнилттой очдог байсан бол одоо тэр асуудал урд хөрш болон БНСУ-аас "хамааралтай" болж гайгүй болсон баймаар. Нэг ёсондоо айдаг нэг зовлон нь хөнгөрсөн баймаар.
 
Нөгөө талаар "Эрдэнэт", "Монросцветмет", Багануур зэрэг газруудыг бодвол Оросын техник, технологиос хамааралтай зүйл Монголд одоо бараг үлдээгүй, үгүй болсноос тэр үү манайхан хойд хөршийнхнийг ирж хамтарья гэхэд Оросын техник, технологи хоцрогдсон гэдэг дотор бодлоосоо болж нэг их нүүр өгдөггүй нь үнэн.
 
Гэхдээ Орос "ах нар"-ын ажлын туршлага, монголчуудтай хамтарч ажиллаж байсан ойрын хөршийн сайхан уламжлалт харилцаа уг нь бидэнд хэрэгтэйг бас үгүйсгэж болмооргүй байгаа юм.
 
Мөн бидэнд ОХУ-аас Хятад руу тавих байгалийн хий, нефтийн дамжуулах хоолойг өөрийн нутгаар татуулан дундаас нь төлбөр "сааж" байх хүсэл эрмэлзэл бий. Уг нь Оросын хувьд Хятад руу хамгийн дөт байж болох замын энэ сонголтыг манайхан олон жил харуулдсаар ирсэн.
 
Мөн Алтанбулаг"- дахь эдийн засаг, хамтын ажиллагааны чөлөөт бүсээ хоёр талаас ажиллуулж чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжих санаа ч байгаа. Гэх мэтээр хоёр орны хувьд аль алинд нь ойртож хамтран ажиллах сонирхол бийсэн...
 
 
Б.Билгүүн
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин