“Азтай бадарчин” хошин урлагийн их наадмын шилдгүүд тодорно
2017/03/28
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг "Азтай бадарчин" Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ.
Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулж буй тус наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрөлд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах юм. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох аж.
Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй энэхүү наадмын шилдгүүд ирэх сарын 03-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.
“Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд тус бүр 14 уран бүтээлч нэр дэвшиж байна.