УИХ-ын дарга 2014 оны  Төсвийн тухай хуульд “гар хүрч” тоон үзүүлэлтийг зассан гэсэн мэдээлэл  сүүлийн үед газар авч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ бий болгоод байгаа билээ. УИХ-ын дарга хууль зөрчсөн гэх мэдээлэлд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тайлбар хийн УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нарт хүргүүлжээ. Тэрхүү тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

                                                              Тайлбар хүргүүлэх тухай

Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал  тус бүрээр санал хураалт явуулсан байна.

Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын найруулгын шинжтэй саналд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтын 21.3 дахь үзүүлэлтийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй нийцүүлэх зорилгоор “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтын 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэх заалт дахь Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх хэмжээ “40 хувиас ихгүй” гэснийг “60 хувиас ихгүй”” гэж өөрчлөн найруулах санал ажлын хэсгээс гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж уг санал олонхын дэмжлэг авсан байна.

Мөн энэ өдрийн хуралдаанаар  буюу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Засгийн газраас Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөхөөр шийдвэрлэж  түр хойшлуулсан байна.

Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийсний дараа Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд тохиролцож 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.45 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийж баталсан байна.

Энэ хуулиар улсын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2014 онд 40.0 хувь, 2015 онд 40.0 хувь, 2016 онд 39.0 хувь байхаар хуульчлагдсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн дээрх өөрчлөлт Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдсэний дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтын 21.3 дахь заалтыг өөрчлөх эрх зүйн боломжгүй болсон.

Иймд Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох 9 дүгээр заалт Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2014 онд 40.0 хувь, 2015 онд 40.0 хувь, 2016 онд 39.0 хувь гэж хуулиар батлагдсан тул Засгийн газар өрийн хэмжээг Дотоодын нийт бүтээгдэхүүнээс 40.0 хувиас хэтрүүлэхгүй байх нь хуулиар баталгаажсан бөгөөд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт буюу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасан 60 хувиас ихгүй гэсэн үзүүлэлт нь агуулгаараа 40 хувиас хэтрэхгүй гэсэн шаардлагад нийцэх юм.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль болон дагаж өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан процессын талаар энэхүү тайлбарыг гаргаж байгаа бөгөөд үзүүлэлтийг зориуд зассан болон техникийн алдаа гаргасан зүйл байхгүй болно.

Холбогдох материалыг хавсаргав.

Хувийг: Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарт.

Хүндэтгэсэн,

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                            Б.БОЛДБААТАР