Улаанбаатарчууд утаанаасаа салж чадахгүй бол 2020 гэхэд "ген"-д нь өөчлөлт орно гэж анагаах ухааны доктор профессор 2007 онд хэлж байсан юм.

Харин бид утаанаасаа салж чадаагүй 2014 онтойгоо золгох гэж байна. Утаанаас үүдэж, иргэдийн эрүүл мэнд улам бүр дордож, өвчлөл нь ч нэмэгсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Харин УИХ, засгийн газрынхан утаатай тэмцэж чадахаа байгаад одоо чуулганы танхимд хэрэлдэж, бурууг бусдаас хайж байна. Өнөөдөр МУ-д агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж, утаатай тэмцдэг 10-аас хол давсан байгууллага бий. Гэвч утаа тэдэнд ялагдахгүй, улам бүр хүчээ авсаар байгааг хүн бүр харж байна. Улсын төсвөөс хэдэн арван тэрбумаар нь мөнгө төсөвлөж, Улаанбаатарынхаа утаатай тэмцэж буй боловч дийлэхгүй байгаагийн цаад учир нь юу вэ? "Утаагүй зуух" хэмээн сурталчилж, утаа гаргадаг зуух тарааж, бусдын бизнесийг дэмжиж буй нь хэр зохимжтой вэ. Ард түмний амьдралыг дэмжиж, зовлонг нь ойлгож байгаа царайлж, утаа тортог их гаргадаг "Багануурын нүүрс" өгч буй нь зөв юм гэж үү. Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө дэргэдээ "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэгчийг байгуулж, ажилласан. Гэхдээ энэ хороог Ерөнхий сайдын эрх мэдэлж өгөхөөр болоод байна. Үүнийг зарим нэгэн хүмүүс нь утааны асуудлаа шийдвэрлэж чадахгүй, ерөнхий сайд руу өглөө хэмээж буй. Өгөхөөс өөр аргагүй болоод л ингэсэн байх. Ерөнхийлөгч нь утааны төлөө тэмцэж байхад наана нь Ерөнхий сайд нь бодлогынх нь эсрэг үйл ажиллагаа явуулж, утаа үйлдвэрлэгчийг хямдралтайгаар түгээгээд байна шүү дээ. Хэдий "Багануурын нүүрс" иргэдэд хямдралтай хүрч, халуун дулаан өвөлжихөд нь дөхөм болж байгаа нь баярламаар ч гэлээ эрүүл мэндэд нь заналхийлж байгаа нь харамсалтай биш гэж үү.

 

Өнөөдөр эрх мэдэлтэй хүн бүр бодлого муутай ажилласныхаа бурууг хэн нэгнээс хайгаад байна. МУ-д өнөөдөр нэгдсэн бодлого гэж зүйл байна уу. Чуулганы танхимд зөв, буруу олон зүйл яригддаг ч гэлээ. Улс орон, хүн ардын эрх ашигт нийцэх бодлого, шийдвэр гарахгүй байна уу даа гэж харах хүн олон. "Утаагүй зуух", "Утаагүй түлш" гэх үр дүн муутай ажлыг олон жилийн турш ярьж, туршиж, эцэст нь иргэдийн итгэлийг алдаж суухын оронд цахилган халаалтын системыг нэвтрүүлэх талаар бодолхийлвэл ямар вэ. "Утаагүй нэртэй олон зуух", "Утаагүй нэртэй үр дүн муутай түлшинд" хэдэн арван тэрбумыг зарцуулж байхынхаа оронд цахилгааны төлбөрийг хямдруулаад, цахилгаан халаалтыг нэвтрүүлэх талаар бодолхийлсэн хүн байна уу?

 

Гэхдээ утаанаас салах үр дүнтэй арга зам байгааг олж харж байгаа хүмүүс олон бий байх гэж найдаж байна. Гэвч ашиг олох гэсэн хязгааргүй шунал, утааг өтгөрүүлсээр байгаа юм биш байгаа. Салхитай үед Улаанбаатарын агаар цэвэрхэн байдгийг эрх биш хүн бүр анзаарсан байлгүй. Хүйтэн салхи хацар хайрсан өдөр Улаанбаатарын айл өрхүүд гал түлэхгүй байна гэж ч юу байхав. Түлж л байгаа. Харин салхи хунгарт тогтсон утааг нь хөөж, сарниулсаны л гавьяа биз.

 

УИХ-ын гишүүн Су.Батболдын хэлдэгчилэн утааны тухай ярих зуур утаа улам бүр л ихсээд байна. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, дарга даамлуудад утааны зовлон нээх их мэдэгдэхгүй байж болох. Харин хоногийн хоолоо яая даа гэж байгаа ард түмэн утаанаас зугтахыг хүсэвч, амьдрал боломж олгохгүй байна. Энгийн ардын хүүхэд хэвлийд байхаасаа эхлэн утаан дунд амьдарч, эхээс төрөөд л утаатай золгож, бага насаа утаан дунд өнгөрүүлж байна. Ийм хүний эрүүл мэнд ямар байхыг бодож үзээгүй биш, бодсон. Гэвч утаанаас зугатаж байгаа нь энэ гээд хүүхдийнхээ сургууль соёл, өөрийнхөө ажил хөдөлмөрийг орхиод хаа ч хүрэх билээ. Энэ бүхэн Улаанбаатарчуудыг утаатайгаа эвлэрч амьдрахад хүргэж байгааг ойлгоно биз.

 

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэчимэг "Утаанаас гарч байгаа хамгийн их хорт бодис бол ПМ25 гэж бий. Энэ бодис агаарт 70 хувь байх юм бол хэвийн гэж үздэг. Гэтэл манайд хамгийн багадаа 300 хувь. Цаашилбал 700 хувьд хүрч арав дахин өндөр байдаг. Ийм л хортой нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд бид бүх айлыг утаагүй зуух, утаагүй түлшээр хангах ажлыг хийсэн. Үүнийг Мянганы сорилтын сангийн шугамаар хийж байгаа. Харин сүүлийн 45 мянган зуухны санхүүжилтийг Дэлхийн банк хийж байна. Өөрөөр хэлбэл, гадаадынханд л найдаад орхичихсон. Засгийн газрын гай байдгийн нэг жишээ бол шахмал түлш үйлдвэрлэнэ гэж өчнөөн мөнгө өгчихөөд хэрэгжүүлж чадаагүй. Засгийн газрын гай байдгийн бас нэг жишээ бол Багануурын нүүрс. Хэрвээ Үндэсний хороо Ерөнхий сайдын харъяанд байсан бол Багануурын нүүрс тараахдаа утаатай тэмцэх бодлогоо харах байсан байх. Утаатай тэмцэх мөнгө ч буурахгүй байсан биз. Өнгөрсөн жил утаатай тэмцэхэд 30 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ онд 22 тэрбумыг төсөвлөсөн" гэлээ.

 

Ямартай ч нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг дээрх тоо баталлаа. Харин одоо Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн хамгаалахыг харах үлдлээ. Нэлээдгүй хэдэн жил харсаны эцэст хорт утаа нь улам л нэмэгдсэн. Тэгвэл одоо утааг өтгөрүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж байсан Ерөнхий сайд утааг багасгах бодлогыг бодох ёстой болж байгаа юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд ард иргэдэд хандан гурван жилийн дараа утаа багасаагүй бол надтай хариуцлага яриарай. Харин наана нь дуугүй байгаарай гэсэн санааг хэлээд авна лээ. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцах болсоныхоо маргааш л чуулганы хуралдаан дээр Улаанбаатар хотын удаа багасч байгаа гэж хэлсэн байгаа юм. Одоо тэгээд гурван жилийн турш Ерөнхий сайдтайгаа ард түмэн "Утаа багассан, Утаа нэмэгдсэн" гэсэн явган хэрүүлийг хийх болж байх шиг байна.

 

Н.Чинзориг