Ерөнхий сайд Н.Ал­танхуяг өнгөрсөн баасан гарагт нээлттэй, ухаалаг төрийг төлөвшүүлэх чиг­лэлээр хийж буй ажлынхаа талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрийн үйлчилгээг түгжрэл саадгүй болгохын тулд  өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн арав гаруй ажил хийсэн бөгөөд гол нь мэдээллийн дэд бүтэц, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болголоо” хэмээсэн юм. Харин эдгээр ажлын голыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрынхан нугалжээ.

Тухайлбал МТШХХГ-аас өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн дүүргүүдэд 17 ТҮЦ машин буюу төрийн үйлчилгээний цахим машиныг байрлуулаад байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төслөөс төрийн үйлчилгээг автоматжуулж, иргэдэд ойртуулснаар 8.4 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоог гаргасан байгаа. Энэ бол төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг нэвтрүүлсэн эхний жилийн хэмнэлтийн үр дүн юм. Иргэд төрсөнийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, аж ахуйн нэгжийн албан татварын лавлагаа, хувь хүний орлогын албан татварын лавлагаа зэрэг маш олон үйлчилгээг яам, агентлагаас бус гэрийнхээ ойролцоох ТҮЦ машинаас авч цаг, мөнгөө хэмнэдэг болсон. Тухайлбал иргэд гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газар очдог байсан бол одоо нийслэлд байгаа ТҮЦ машинуудын байршлыг мэддэг байхад л хангалттай боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 50847 иргэн 66088 удаа ТҮЦ машинаар үйлчлүүлсэн тооцоо гарсан бөгөөд энэ хэрээр хүндрэл чирэгдэл багассан гэсэн үг юм.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас ирэх онд 74 ширхэг ТҮЦ машиныг ашиглалтад оруулахаар болсон бөгөөд үүнээс нийслэлд 36 ширхэг, аймгийн төвүүдэд 38 ширхгийг суурилуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд нийслэлийн алслагдсан дүүргүүдэд 78, аймгийн төвүүдэд 42 ТҮЦ машин суурилуулахаар болсон байна. Ингээд ирэх онд улс даяар нийт 320 ТҮЦ машин ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар иргэд ТҮЦ машины хүртээмж муу учраас бүх хүн ашиглаж чадахгүй байгаа. Харин ирэх оноос ТҮЦ машины тоо энэ хэмжээнд хүрч нэмэгдвэл илүү олон хүн үйлчлүүлэх боломжтой болж төрийн үйлчилгээний ачаалал ч эрс буурах тооцоо гарсан байгаа.

Мөн ТҮЦ машин бол монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн бүтээл. Энэ машины программ хангамжийг монгол инженер зохиож, өдөр ирэх тусам улам баяжуулсаар байна. Анх энэ машинаас тоотой хэдхэн үйлчилгээ авдаг байсан бол улам нэмэгдсээр одоо иргэдэд 10 гаруй төрлийн үйлчилгээг ТҮЦ машин үзүүлдэг болсон. Мөн цаашид төрийн бүх үйлчилгээг энэ машинаас авах боломжтой болох зорилтыг МТШХХГ-ынхан тавиад байгаа гэнэ. Энэ бол зөвхөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн цаг, мөнгийг хэмнэхээс гадна авлигын асуудлыг хялбархан шийдвэрлэх боломж гэдгийг манайд ирсэн гадны мэргэжилтнүүд онцолдог юм билээ. Ер нь төрийн бүх үйлчилгээг автоматжуулж, хялбаршуулах нь энэ мэт олон асуудлыг шийдвэрлэх үндэс болдог аж. Зөвхөн ТҮЦ машиныг санаачилж, ажиллуулсан нь МШХХГ-ынхны хийсэн Шинэчлэлийн Засгийн газрын нүүрийг тахлах том ажил боллоо.

Үүнээс гадна тус газрынхан улс даяар шуудангийн сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр шуудангийн хүргэлтийн өртгийг бууруулж, давтамжийг нэмэгдүүлэн иргэд сонин хэвлэлээ тухайн өдөрт нь уншдаг болж байгаа юм. Шуудангийн хүртээмж муугаас хөдөө орон нутгийн иргэд даваа гарагийн хэвлэлээ хоёр гурван өдрийн дараа олж авдаг байсан цаг ийнхүү улирч байгаа аж. Шуудангийн ложистик үйлчилгээний чиглэлийг эхний ээлжинд Замын-Үүд-Улаанбаа­тар, Замын-Үүд-Улаанбаатар-Дархан, Орхон, Сэлэн­гэ, Булган гэсэн чиглэлээр тогтоон нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд ирэх оны эхний хагаст Замын-Үүд-Улаанбаатар-Хөвсгөл, Замын-Үүд-Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Баянхонгор гэсэн чиглэлүүдийг нээхээр төлөвлөөд байгаа гэнэ. Хамгийн гол нь уг үйлчилгээ нэвтэрснээр зургаан аймгийн иргэдэд долоо хоногт зургаан удаа шуудан хүрдэг боллоо.

Мөн энэ жилээс төрийн байгууллагууд мэдээллээ солилцон ажилладаг болж байна. Засгийн газрын тогтоолоор иргэдэд үйлчлэхтэй хол­боо­той мэдээллийн санг “Үндэсний дата төв”-д шилжүүлэн төвлөрүүлсэн байна. Эдгээр сангуудыг ашиглан төрийн үйлчилгээний цахим машин, замын хөдөлгөөнийг камераар хянан торгууль илгээх системүүд ажиллаж байгаа бол удахгүй замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар төлөх цахим хуудас ажиллаж эхлэх гэнэ. МТШХХГ-ынхан нэг жилийн хугацаанд энэ мэтчлэн олон ажлыг амжуулжээ.

 

Н.Санжаасүрэн