УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн асуултад хариулт өгсөн. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн хэд, хэдэн асуулт асуусан ч Ерөнхий сайд түүний асуултад хариулаагүй юм.

О.Баасанхүү гишүүн “Төрийн албан хаагчийн эмнэлэгт хууль хүчний байгууллага орох нь зөв үү, Ерөнхий сайд та дугаараа олон нийтэд зарлах уу” зэрэг асуултыг асуусан юм. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон О.Баасанхүү гишүүн хоёр хооронд Төрийн албан хаагчийн эмнэлэгийн талаар ширүүхэн маргаан өрнөөд авсан билээ. Тэрхүү маргааны дараахан О.Баасанхүү гишүүнтэй ярилцлаа.   

-Таны асуусан асуултад Ерөнхий сайд хариулт өгсөнгүй. Харин Х.Тэмүүжин сайд та хоёр ширүүхэн маргалдлаа? 

-Хууль зөрчсөн хүн хариулдаггүй л байхгүй юу. Би бол маш тодорхой асуулт асуусан. “122 дугаар тоот тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү. Зөрчөөгүй бол зөрчөөгүй гэсэн бичгээ өгөөч ээ” гэсэн. Бичгээ хэзээ өгөх талаар л асуусан. Би энгийн л зүйл асуусан шүү дээ. Төрийн албан хаагчийн эмнэлэгийн тухай би нэг ширхэг ч зүйл яриагүй. Надад огт хамаагүй. Би Чингэлтэй дүүрэгт эмнэлэгийн зориулалттай байшинг зориулалтын бусаар ашиглаж болохгүй ээ л гээд байгаа юм. Жишээлбэл, та гэр дотроо ресторан ажиллуулж болохгүй биз дээ. Орон сууц дотор цэцэрлэг ажилуулж болохгүй. Тийм учраас зориулалтын бусаар ашиглахаа боль. Нэгэнт хоёр намынхан хоорондоо яриад тухайн үедээ баталчихсан төсөв шүү дээ. Би батлаагүй юм. Батлаад зориулалтыг нь эмнэлэг болгоё гээд шийдчихсэн зүйл. Ингээд шийдчихсэн зүйлээ одоо та яагаад өөрөө эсэргүүцээд байгаа юм. Та дандаа өмнөх засгийн тухай яриад байх юм. Тэгвэл Тавантолгойн хувьцаагаа өг л дөө. Та хамт сууж байгаад  л баталсан шүү дээ. Одоо тэгээд тэрийгээ ярь л даа гэж хэлсэн. Би үнэн л юм яриад байгаа шүү дээ. 

-Х.Тэмүүжин сайд таныг “Сүмд явдаг. Хуульч мэргэжилтэй хүн байж хууль, хүчний байгууллагын эсрэг явлаа” гэсэн шүү дээ? 

-Ерөнхий сайдын өмнөөс  Х.Тэмүүжин хувийн шинжтэй зүйл ярьж байгаа байхгүй юу. Чи гадаадын шашины байгууллагын төлөө явдаг л гэнэ. Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 24 жилийн ой болж байна. Ардчилсан улс оронд хүний итгэл үнэмшил, шашин шүтлэг, үзэл бодол, эд хөрөнгө, нас хүйсээр ялгаварлахгүй гээд бид тунхагласан шүү дээ. Одоо 24 жилийн хугацаанд даргын ардчилал бий болчихсон байна. Ард түмний ардчилал алга болчихсон байна. Би эд нараас ард түмний ардчилалыг нэхэж байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгч бидэнд “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг урилга явуулж байна. Том төр том байшинд байна биз дээ. Харин энгийн хуучин зүйлээ ашиглаад явах нь ухаалаг төр биз. Тэгэхэд Хууль зүйн яамны байшин юу нь болохоо байчихсан юм. Олон эмнэлэгийн өрөө хэрэгтэй байгаагийн шалтгаан нь юу юм бэ. Агааржуулалтын систем, өндөр тааз юунд хэрэгтэй юм. Ийм явуургүй, утгагүй зүйл ярихаа боль гэж хэлмээр байна. Хувийн шинжтэй зүйл яриад эд нар булзайруулж байна. Би Ерөнхий сайдад “Та утсаа олонд дэлгэх үү, үгүй юу. Ганцхан үгээр хариулаач ээ”  гэсэн. Би хэвлэлийнхнээс нэг зүйлийг гуйж байна. “Ерөнхий сайдын сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг 30 минутаас гуравхан минутыг нь өгөөч ээ” гэж би хэвлэлийнхнээс уриалж байна. Ерөнхий сайдаас хэвлэлийнхний өмнө ганцхан зүйлийг л асуумаар байна. “Ерөнхий сайд аа та утсаа утсаа олон нийтэд дэлгүүлэхийг зөвшөөрч байна уу” гэж асуумаар байна. 

-Та Ерөнхий сайдын утсыг олон нийтэд дэлгүүлж яах гээд байгаа юм бэ? 

-Яагаад гэвэл 14138 иргэн Төрийн албан хаагчийн эмнэлэгийг авахаар надтай нэгдсэн.  Арваннэгдүгээр сарын 10-нд Ерөнхий сайдад тэр шаардлагын бичгийг нь өгчихсөн юм. Энэ 14138 иргэнээс 7000 иргэн идэвхитэй ажиллая гэж байна. Хавдар нь эцсийн шатандаа орчихсон дөрвөн хүн “Бид үхэх нь тодорхой болчихлоо. Ухаантай байгаа дээрээ энэ гэрээслэлийг бичиж байна. Монгол Улсад эмнэлэг байлгахын төлөө таны зүтгэж байгааг дэмжиж байна. Тиймээс эмнэлэгийг эмнэлэг чигээр нь үлдээлгэхийн тулд би Сүхбаатарын талбайд үхсэн ч гомдолгүй” гэсэн бичиг өгье гэж байгаа юм. Тэгэхээр нь би хүчирхийлсэн үйлдийг олон нийтэд харуулахгүйн тулд эхлээд бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй байгаа. Тэдний гэрээслэлийг хэвлэлийнхэнд үзүүлж болно. Хамгийн гол нь хүний амь чухал шүү дээ. Тиймээс би та нар болохгүй гэсэн. Гэрийнхэнтэй нь ярьсан. Гэрийнхэн нь юу гэсэн гэхээр “Өөрсдийнх нь эцсийн хүслийг биелүүлнэ” гэсэн. Х.Тэмүүжин намайг хууль хүчний байгууллагын эсрэг явлаа гэж байна. Тэгвэл Х.Тэмүүжин өөрөө 15 мянган хуулийн байгууллагын ахмад ажилчдын өдөөс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.  Тэднийг хэвтэх эмнэлэггүй болгоод хаячихсан хүн шүү дээ. 

Надад хуулийн байгууллагын эсрэг явж байгаа зүйл байхгүй. Тэгвэл яах гэж анхнаасаа эмнэлэгээр төсвөө баталсан юм. Эмнэлэг барихгүй байхгүй яасан юм. Шууд шинэчлэлээ хийхгүй яасан юм бэ. МАН-тай хамтраад гараа өргөөд зурсан л зүйл юм байна билээ. Х.Тэмүүжин өөрөө протоколд нь гарын үсгээ зурсан байна лээ. Би өөрт нь гаргаж үзүүлнэ. Дүр эсгэсэн ардчилал ийм аюултай байдаг байхгүй юу. Х.Тэмүүжинд энэ байшин огт хамаагүй. Үүний талаар ярих эрх байхгүй. Би төрийн албан хаагчийн эмнэлэгийн талаар яриагүй. Төрөх хүүхдийн эмнэлэгийнт талаар ярьж байна. Чингэлтэй дүүрэгт эмнэлэг байх ёстой талаар ярьж байна. Энэ дүүрэгт хүүхдийн эмнэлэг байхгүй шүү дээ. Ц.Нямдорж бол айгаад дуугарахгүй л дээ. Ц.Нямдорж гэдэг хүн шоронг сайн ярина уу гэхээс эмнэлэгийн талаар айгаад юм ярьж чадахгүй байна шүү дээ. Уг нь Ц.Нямдорж сайд байхдаа төсөвт эмнэлэг барья гэдэг санал оруулсан юм билээ. Одоо энэ хүн энийгээ яриач. Чадахгүй байгаа байхгүй юу. Харин хаана ямар шорон барих талаар энэ хүн сайн ярина шүү. 

-Та Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Тэр асуудал юу болсон бэ? 

-Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайдаас бичиг авч ир гэсэн. Ямар бичиг авч ир гэсэн бэ гэвэл Үндсэн хууль зөрчсөн, эвсэл зөрчөөгүй гэсэн бичиг аваад ир гэсэн. Энэ хүн бичиг өгөхгүй байна. Гэхдээ Өргөдөл гомдлын тухай хуулиар би нэг сар хүлээхээс өөр аргагүй. Тэгээд нэг сар болоод энэ хүн бичиг өгөөгүй учраас сайн дураараа зөвшөөрч байна гэж үзээд дахиад өргөдөл гаргах боломж нь надад байна. Гэхдээ Ерөнхий сайд Цэц дээр очихоос юунд нь айгаад байгаа юм. Үндсэн хууль зөрчөөгүй юм бол хэн ч айхгүй шүү дээ. Хууль зөрчөөгүй хүн айдаггүй байхгүй юу. Энэ хүн чинь айгаад байгаа байхгүй юу. Энэ хүнд хоёр сонголт байна. Хуулиа биелүүлэхийн тулд тогтоолоо хүчингүй болгох. Эсвэл хуулиа биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд бичиг өгөх. Би дараагийн шат руугаа л явья л даа. Нөгөө яриад байдаг хүнд сурталгүй байна гэдэг чинь хаана байна. УИХ-ын гишүүн надад хүнд суртал гаргаж байгаа юм чинь улс орны жирийн иргэнд хүнд суртал гаргаагүй гэж яаж итгэх юм бэ. 

-Мөрдөх албаны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч? 

-Улсын ерөнхий прокурорын дарга Д.Дорлигжаваас “Та Мөрдөх албаны тухай хуулийг дэмжиж байгаа юу” гэж асуухад, “Дэмжиж байгаа” гэсэн. Тэгснээ дараа нь “Прокурорын дэргэдэх мөрдөнг яагаад АТГ-т нийлүүлэх гээд байгаа юм бол” гээд гайхаад явж байсан. Мөрдөх албаны тухай хууль дээр тэгээд л биччихсэн байна лээ шүү дээ. Тэнд албан тушаалын хэргийг мөрдөх алба хариуцна. Авилгалыг АТГ хариуцна гэсэн байгаа юм. Энэ газар жилд 241 гэмт хэрэг илрүүлсэн. Дахиад юун агентлаг яриад байгаа юм. Монгол Улсад мөрдөх алба байгаа. Тэр нь хаана байгаа вэ гэхээр Мөрдөн байцаах газар байхгүй юу. Хуулиараа юу вэ гэхээр Чингэлтэй, Сүхбаатарт янз бүрийн хэрэг гарвал тухайн дүүргийн цагдаагийн байгууллага шалгана. Онц хүнд, ноцтой хэргийг Улсын мөрдөн байцаах газар шийдэж байгаа шүү дээ. Дахиад нэг агентлаг, дарга хэрэгтэй гэж үү. Тэрийг нь манай Хууль зүйн сайд томилно. Бас л асуудал үүснэ дээ. 
 


У.САРАНГЭРЭЛ