Малайз улсад Монголын хоёр эмэгтэй хүний наймааны золиос болж, амиа алдлаа. 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг захиалан хөнөөлгөсөн Абдул Разак Багиндагийн хэргийг Малайзын Дээд шүүх 2008 онд цагаатгаж, харгис аллагыг гардан гүйцэтгэсэн Азила Хадри, Сируп Умар гэх хоёр цагдааг дөрвөн сарын өмнө сулласан билээ.

Хэргийг эргэн сануулахад, Шаарийбуугийн Алтантуяагийн амиа алдсан таксины жолоочийн нүдэн дээр барьцаалан,  машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлсэн байдаг. Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон гэдэг. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт одоо хүртэл нууц хэвээр байгаа гэх. Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй  “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. 

    Энэхүү харгис аллагыг үйлдсэн этгээдүүд өнөөдөр сул чөлөөтэй явж байх үеэр манай улсын иргэн Б.Энхтуяа гэх 25 настай бүсгүй Малайзад учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан нь олон хүнийг цочиролд оруулаад байна.   Тэ¬рбээр амиа алдах хүртлээ өөрийгөө ямар хүнд нөх¬цөлд амьд гарахын тулд тэмцэж байгаагаа талаараа ар гэрийн¬хэндээ жилийн турш аврал эрэн мессеж бичиж байсныг хууль хяналтынханд мэдэгдсэн ч тоогоогүй гэж байгаа. Энэ талаарх албан ёсны мэдээллийг Малайзын Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд арваннэгдүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн байна. Уг мэдээлэлд "Талийгаач Э өөрийгөө боомилсон байдалтайгаар олдлоо" гэсэн байжээ. Аврал эрсэн охиноо гэртээ инээгээд ороод ирэхийг хүлээж, найдаж суусан ээжийн цөхөрлийн яриа зүрх зүсэм санагдана. Талийгаач Б.Энхтуяагийн ээж хэвлэлд өгсөн ярилцлагатаа “Эгч нь хүүхдийнхээ шарилыг Малайзаас авчирч чадахгүй сууж байна. Цагдаа нар “Бид шалгаж байгаа. Интерполд бичиг явуулсан. Хариу удахгүй ирнэ” гэсэн. Гэтэл өргөдлийг хэнд ч өгөөгүй сейфэндээ хадгалчихсан байсныг сүүлд мэдсэн” хэмээн ярьж сууна. 

   Харамсалтай нь Малайз улсад Монголын элчин сайдын яам байдаггүй юм байна. Охид, эмэгтэйчүүдийнхээ амийг юман чинээ санадаггүй Монгол Улсаар Малайзын гэмт хэрэгтнүүд доог тохуу хийж сууна. Б.Энхтуяаг ар гэрийнхэн рүү нь байн байн яриулж, аврал эрсэн үгсийг хэлүүлж байсан нь бас л учиртай. Энэ явдал иргэдээ тоодоггүй Монгол Улсыг басамжилж байгаа хэрэг биш гэж үү. Энэ онд гэхэд  л Монголын 55 иргэн гадаадад амиа алдсан судалгаа байдаг. Гэтэл үлэг гүрвэлийн ясаар энэ Засгийн газар хэчнээн их шоудсан билээ. Үлэг гүрвэлийн яс Монголын эртний түүх дурсгалын зүйл мөн үү мөн. Гэхдээ яснаас илүү монгол хүний амь, хацар гоо охидын маань жаргалтай инээд үнэ цэнэтэй баймаар санагдах. Ш.Алтантуяа, Б.Энхтуяа хоёр шиг хэчнээн охид, бүсгүйчүүд хүний наймааны золиос болон гадны улс оронд тамлагдаж байгааг таашгүй юм. Тэр бүү хэл хэд хоногийн өмнө найз залуудаа 48 цаг зодуулж, бүх бие эрхтэн нь няцарч, харамсалтайгаар нас барсан 21 настай охин,  шүүх хуралд очих замдаа нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүй, хөнгөн явдалтай эрийн эхнэрт нь хутгалуулж амиа алдсан хөөрхийлөлтэй эмэгтэйн харамсалтай үхэл өөрийн нутаг Монгол Улсад нь боллоо. Монгол хүн эх орондоо Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах эрхээ эдэлж чадахгүй байна. Нэн ялангуяа охид бүсгүйчүүд. Монгол Улс иргэдийнхээ эрдэнэт амийг хамгаалах цаг нэгэнт болжээ. Тэр тусмаа гадаад улс орныг зорьсон охид, бүсгүйчүүдийнхээ алтан амь, эрх ашгийг юун түрүүнд тавих нь хамгийн чухал болоод байгааг дээрх харамсалтай үйл явдлууд гэрчлээд өгч байна. Үлэг гүрвэлийн яс Батаар гэж хүний нутагт цээжээ дэлдэхийн оронд монгол хүнийхээ алтан амийг аварбал чухам тэр нь дээдийн заяа болж байх шиг ээ. Ерөнхийлөгч өө, монгол хүний амь Батаараас хямдхан уу. 
 

У.САРАНГЭРЭЛ