МАН-ын гишүүд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр болон Сангийн сайд Ч.Улаан нарыг огц­руулах төслийг өргөн барьсан. "Шу­дарга ёс" бүлэг энэ асуудлаар ху­рал­даж, үндэслэл байхгүй гэ­сэн шийдвэр гаргасан юм. Тэгвэл өчиг­дөр холбогдох байнгын хо­роод хуралдаж дээрх асуудлыг хэ­лэлц­лээ. Төсвийн байнгын хо­­рооны ху­ралдаанаар Ч.Улаан сай­­дыг огц­­руулах асуудлыг хэ­лэл­цэн дэм­жээгүй. Харин Эдийн зас­гийн байнгын хорооны хурал­даа­наар Эдийн засгийн  хөгжлийн сайн Н.Батбаярыг огцруулах асууд­лыг хэлэлцлээ. 

Чуулганы хуралдаанаар тэрбээр: "Би МАН-ын бүлгийн тавьсан таван үндэслэлд хариулъя. Намайг "Чингис" бондыг босгож Монголд 1.5 тэрбум ам долларын хөрөнгө оруулсаныг буруу гэж үзэж байгаа юм байна. Мөн 1.5 тэрбум ам доллароос найман хувийн зээл олгох боломжийг олгож, "Гудамж" төслийг хэрэгжүүлж зам барьсаныг, хувийн хэвшил тэр дундаа ноос ноолуур, оёдол, хүлэмж, сүү, төмрийн хүдэр гэсэн салбарт хөнгөлттэй зээл өгсөн зэргийг буруу гэж ойлгож  байгаа юм байна. Бас Монгол улс анх удаа өөрийн гэсэн онгоцтой болсныг буруу гэж байгаа гэсэн байна.Тэгвэл үүнтэй би санал нийлэхгүй байна. Би хууль тогтоомжийг зөрчиж энэ бүх ажлыг хийгээгүй. Бондын мөнгөөр хөрөнгө оруулсан бүх зүйл эргээд үр шимээ өгнө. Чингис бондын мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж болох зүйлд зарцуулсан. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын тодотгол хийгдээд явж байна. Төсвийн гүйцэтгэл 60 хувиар тасраагүй. Төсвийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай байгаа. Урд жилүүдийнхтэй харьцуулбал нийт хөрөнгө оруулалт энэ онд хоёр дахин илүү өссөн. Урьд нь бид зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг харж суудаг байсан бол энэ жил Хөгжлийн банкны санхүүжилт, Чингис бондын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр Монгол улсад урд хойчид байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн.  Гадны хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Үүнд олон янзын шалтгаан байгаа. Дэлхий эдийн засаг хямралд ороод гадны шууд хөрөнгө оруулалт буурсан. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний ээлж дууссанаар хөрөнгө оруулалтын хэмжээ багассан. Гадаадын хөрөнгө оруулалтын мөнгөний урсгал багасна гэдгийг тооцож үзсэний үндсэн дээр бид 1.5 тэрбум долларын бондыг гаргасан. Өнгөрсөн оны эцсээр 1.5 тэрбум долларыг Монголд оруулж ирээгүй байсан бол улсын эдийн засаг 2008 онынх шиг хямрах байсан. Тэгвэл бид ийм байдлаас хамгаалж бондыг босгосон. Ингэснээр манай эдийн засаг одоо 1.5 хувьтай байна. Оны эцсээр манай эдийн засаг хоёр хувьтай гарна. Монгол улсын өр хуулиар тогтоогдсон хэмжээндээ байгаа. Хуулинд зааснаас давсан зүйл байхгүй" гэсэн юм.

Харин Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн "Сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлүүд бодитой биш. Ерөөс Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх зорилгоор ийм улстөрийн шинжтэй акци үзүүлж байна" гэж үзсэн.

Тэгвэл энэ асуудлын талаар өчигдөр О.Баасанхүү: "МАН-ынхан Засгийн газарт орохын тулд ийм жүжиг тавьж байна. МАН-ын үр могойнууд та бүхэн бол бондын мөнгөнөөс идэлцмээр байдаг. Олдохгүй болохоор Засгийн газарт хамтарч ажиллах далд санаа агуулж байна" хэмээн ганцхан хоногийн дотор хүн танихын аргагүй хувирч байна. О.Баасанхүү шиг ингэж газар дээрээ 180 градус хувирч байгаа олон гишүүн бий гэж саарал ордны эх сурвалж мэдээлэв. Учир нь Ч.Улаан, Н.Батбаярыг огцруулах гэсэн сөрөг хүчний санаачилга олон гишүүдийг "шатрын нүүдэл" хийхэд хүргэжээ.

МАН-ынхан нилээд тооцоолж байж хоёр сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан байна. Зүгээр ч нэг огцруулья, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэе гэж асуудалд хандаагүй аж. Өөрөөр хэлбэл "Шударга ёс" эвсэлийн зарим гишүүдээс гадна бие даагчид ч МАН-ын бодлогыг дэмжинэ гэж урьдчилан тохирчээ. Мөн АН-ын зарим гишүүд  Ч.Улаан, Н.Батбаяр хоёрыг огцруулах асуудлаар МАН-ынхантай хуйвалдсан байна. ИЗНН-ын С.Дэмбэрэл хүртэл хоёр сайдыг огцруулах байр суурийг дэмжсэн байж. Ингээд МАН-ынхан барьцаа хангалаа гэж үзээд Ч.Улаан, Н.Батбаяр хоёрыг огцруулах асуудлыг өргөн барьжээ. Гэтэл МАН-ынхныг дэмжинэ хэмээн мэдэгдэж байсан эрхэм гишүүд ганцхан өдрийн дотор байр сууриа өөрчилж өмнөх тохирооноосоо өөр зүйлсийг ярих болов. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол УИХ-ын зарим гишүүд эрх баригчидтайгаа тохироо хийж эхэлсэн байна. Зарим нь байнгын хорооны дарга болохоор, нөгөө хэсэг нь ах дүү хамаатан саднаа ажилд томилуулахаар, үлдсэн нь тойрогтоо хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлүүлэхээр гэх мэтээр элдэв янзын хувийн шинжтэй хэлэлцээрүүд хийгээд МАН-ынханыг муриж эхэлжээ. Ингэснээр эрх баригчид УИХ-ын хувийн тоглолттой гишүүдийн өмнө нилээд өр тавьж танхимын хоёр сайдыгаа хамгаалж үлдэх нь тодорхой болов.

Ийнхүү МАН-ынхан эдийн засгийг хүндрүүлсэн гол буруутан болох хоёр сайдыг огцруулах зорилгоо хэрэгжүүлж чадахгүй ч эрх баригчдыг өөрсдийнх нь өмнө "өрөнд" оруулж, УИХ-ын зарим барьцгүй гишүүдэд шинэ боломжийг нээж өгснөөр энэ удаагийн ажил өндөрлөлөө.

Ямартай ч эл хоёр эрхэмийг буйрандаа үлдэх эсэхийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тодорхой болох биз.

Х.Даваа