МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр “шөнөд оройгүй шөлөнд дээжгүй” гэгчээр шөнөжин хуралджээ. Хуралдаан ширүүхэн уур амьсгалтай явагдсан байна.

МАН-ын Хяналтын хорооноос гаргасан Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дүгнэлт Удирдах зөвлөлийн гишүүдийн дунд “хэрүүлийн алим” шидсэн байна.  

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг хайж, Удирдах зөвлөлийн гишүүд хоёр талцан, маргалдсан сурагтай.

 

Уг дүгнэлтэд “Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй дүн үзүүлсэн аймаг, орон нутгийн ирүүлсэн тайлангаас үзвэл  нэгдүгээрт, хүүхдийн мөнгө, тэтгэврийн насны өөрчлөлт, зарим татвар нэмсэн, Засгийн газрын гишүүдэд концессийн гэрээ өгсөн зэрэг шийдвэр сөргөөр нөлөөлсөн. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуульд  дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зарим заалт дэвшүүлсэн зорилтоосоо ухарсан. Гуравдугаарт намын анхан шатны байгууллагууд эв нэгдэл, зохион байгуулалт муу байсан. Дөрөвдүгээрт, хүний нөөцийг бүрдүүлэх, шилж, сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг үл баримталж танил тал, найз нөхөд, хамаатан садангаа томилдог зэрэг нь ялагдлын нэг шалтгаан болсон” гэх зэргээр тусгагджээ.

МАН-ын Хяналтын хорооны  “Засгийн газрыг огцруулах нь зөв байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой” гэсэн дүгнэлт Удирдах зөвлөлийн зарим гишүүдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн байна. 

 

Тухайлбал,  Д.Оюунхорол нарын нэр бүхий гишүүн дээрх дүгнэлтийг  эсэргүүцэн, хасуулах гэж улайрсан аж.  Нэгэнтээ огцорсон хэдий ч одоогийн Засгийн газар ямар нэг алдаа, хариуцлагыг үүрэх дургүй байгаа даг. Гэсэн хэдий ч МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал бол  Засгийн газарт тавьсан дүн байсан.

 

Харин сонгуульд орон нутгийг буруутган ялалтандаа хөөрч,сохорсон, намын удирдлагыг худал мэдээллээр хангасан гэсэн дүгнэлт хийснийг У.Хүрэлсүх, Ц.Даваасүрэн нар шүүмжилж,    халуунд халж, хүйтэнд хөрч нойр хоолгүй ажилласан хүмүүс рү бурууг тохохоо боль” хэмээн орон нутгийнхныг өмөөрчээ.

 

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг бага хуралдаа оруулах үүрэг бүхий Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурал  гол агуулгаасаа хальж, Ерөнхийлөгчийн сонгуулийн  ялагдлын буруутанг хайх гэж шөнө дөл хүргэсэн аж.

 

Харин МАН-ын их хурлыг 11 дүгээр сарын 21, 22-нд  хуралдуулахаар зүтгэсэн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд санасандаа хүрсэн байна. Үүгээр зогсохгүй гишүүдийн тоогоор төлөөлөгч сонгох зарчмыг үл тоон, хотоос намын их хуралд оролцох төлөөлөгчийн квотыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэнэ.

 

Эдүгээ Бага хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь хотын фракц. Тиймээс ч хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх вэ гэдэг  “тамга хөзөр” бага хурлын гишүүдийн, тодруулбал МАН-ын даргын гарт байгаа.  Ирэх МАН-ын их хурлаар намын даргын үүрэгт УИХ-ын дарга М.Энхболд хүлээлгэн өгнө.  Хэрвээ МАН-ын их хурлын төлөөлөгчдийн олонхийг хотын фракцынхан эзлэх бол “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй” гэгчээр хүн нь солигдохоор бодлого нь өөрчлөгдөхгүй нь, МАН-ын.  Учир нь МАН-ын дараагийн даргаар  М.Энхболд залгамжлагчаа томилно гэсэн үг.

 

Ийнхүү амралтын өдрийг сонгон ням гаригийн шөнөөр эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал  Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулж амжилгүй, өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна. Удирдах зөвлөлөөрийн 33 үг хэлээ ололцож чадаагүй байхад бага хурлын 330 хэр ойлголцолд хүрэхийг таашгүй.

Н.Нягт

www.shuud.mn