Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан  хэлэлцээд дахин шалгуулахаар прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн “Мөрдөгчид Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж. Ингэснээр хэргийг дахиж мөрдөн шалгаж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх юм. 

Х.Тамир, Б.Амарбаясгалан нар мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Б.Сүхбаатар гэгчийг БНХАУ-ын Эрээн хот руу явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Улмаар Х.Тамир нар хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан, албан үүрэгтээ хайнга хандсан, 15,8 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдон өмнө нь 5-6 жилийн хорих ял шийтгүүлсэн билээ.