Хууль, хяналтынхан Д.Сугарт бууж өгөх үү, эс бол...
2013/03/17
МИАТ-ийн экс удирдлагуудтай холбоотой хэргийг илрүүлэх эсэхэд иргэд эргэлзээд эхэлчихлээ. Хууль, хяналтынхан уг асуудлыг сүр дуулиантай эхлүүлсэн шигээ сүр дуулиантай шалгаж чадаж байгаа эсэх нь тодорхой бус учраас тэр.
Наад зах нь хэрэгт холбогдон сэжигтнээр шалгагдаж буй хүмүүс бүгд мэдүүлгээсээ буцах болсон. Энэ мэдээллийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэвлэлээр албан ёсоор зарласан. Ингэхдээ тэрбээр “Тэд өөр хоорондоо утсаар ярьснаар бүгд анхны мэдүүлгээсээ буцаж, үгээ нийлүүлж эхэлсэн нь ихээхэн бэрхшээл дагуулж байна” гэв. Тэгсэн атлаа тэднийг утсаар яриулж, үгсэн хуйвалдах боломжоор хангасан хорих газрынханд хариуцлага тооцсон нь үгүй. Уг нь хуулиараа “Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан бол. Хорихын дотоод журмыг зөрчсөн бол” гэсэн хоёр үндэслэлээр ядаж л хорихын удирдлагууд нь өдийд ажилгүй болчихсон байх ёстой. Гэсэн ч нөхцөл байдал ингэж үргэлжилсэнгүй.
Тэр ч бүү хэл даарин дээр давс гэгчээр Үндэс хуулийн Цэцийн зөвлөл өнгөрсөн долоо хо-ногийн баасан гарагт “Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэх шийдвэр гаргачихлаа. Уг нь Улсын мөрдөн байцаах газрын хүсэлтээр Улсын ерөнхий прокурорын газраас Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Мэдээж МИАТ-ийн экс удирдлагуудтай холбоотой хэргээр. Гэтэл Цэц дээрх шийдвэрийг гаргаснаар хэргийн шалгалтын явц дахин удаашрах магадлалтай болж байгаа юм. Тодруулбал, Д.Сугар гэгч хүн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэвээр үлдсэнээр асууж тодруулах ёстой байсан олон асуулт эзэнгүй үлдэх учиртай. Түүний тухайд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа МИАТ-ийн одоогийн шалгагдаж буй удирдлагуудыг томилсон. Тэр дундаа МИАТ-ийн дэд захирал Ч.Хоролсүрэнтэй нэг нутаг бөгөөд гэр бүлийн найзууд гэх мэдээлэл хэвлэлээр олонтаа гарсан. Өөрөө ч үүнийгээ үгүйсгээгүй. Гэхдээ “Цаанаас санал болгосон хүнийг нь ажлаа мэддэг гэдэг үндэслэлээр томилсон” гэх тайлбар хийж байсан. Түүнчлэн “Надад МИАТ-ийн мөнгө угаадаг, гадаад дотоодын компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Мөнгө угааж байна гэсэн мэдээлэл бас байхгүй байсан. Харин 2011 он, 2012 оны заагаар энэ мэдээллийг дуулсан. Тэгээд хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлээд Төрийн өмчийн хорооноос шалгах хүн томилж өгч байлаа. Тэгээд шалгалт хийсэн. Би 2012 он дөнгөж гараад ажлаа өгсөн. Түүнээс хойшхи асуудлыг мэдэхгүй” хэмээсэн.
Тэгвэл энд Д.Сугар гэдэг хүн юуны учир албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болов гэдэгт хардах эрхийнхээ хүрээнд хариулт хайгаад үзье. Түүний хувьд МИАТ-ийн асуудлыг шалгаж эхлэхтэй зэрэгцээд ажлаа өгсөн нь өөрийнх нь ярианаас нь тодорхой болно. Тэгэхдээ зүгээр ч нэг шалтгаан хэлээгүй бөгөөд “Эрүүл мэндийн байдлаас болж эмчлүүлэх шаардлагатай тул албанаас минь чөлөөлж өгнө үү” гэсэн байдаг. Гэтэл тэрбээр их удалгүй буюу ердөө хагас жил орчмын дараа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшсэн. Тухайн үед чуулганы танхимд нэг бус нэлээдгүй олон гишүүн “Төрийн өмчийн хорооны даргын албаа эрүүл мэндийн байдлаас болж өгчихөөд одоо Цэцийн гишүүнд нэр дэвшиж байгаа тань ямар учиртай юм бэ” гэх асуулт асууж байсан. Мөн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа Дэд бүтцийн сайд хийгээд УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр чамгүй улс төр хийснийг нь ч сануулах гишүүн олон байлаа. Энэ бүх асуултад тэрбээр “Хоёр сар эмчлүүлээд биеийн байдал сайжирсан. Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албыг улс төрд ашиглахгүй” гэх мэт хариултыг өгч байлаа.
Харамсалтай нь тэрбээр өнөөдөр уг албыг ашиглаагүй биш ашиглаад өнгөрч байх шиг. Хэрэв үнэхээр өөрийнх нь хэлээд байгаачлан Д.Сугар гэдэг хүн хэрэгт ямар нэгэн холбогдолгүй байсан бол өөрийнхөө хүсэлтээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийхээ эрх, үүргээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Харин ч эсрэгээр нь Цэцийн гишүүдээр “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэдэг шийдвэрийг гаргуулчихлаа. Ингэснээр Д.Сугар гэдэг хүнийг МИАТ-ийн экс удирдлагуудтай холбоотой хэргээр нэг ч асуулт асууж, байцаах эрх хууль, хяналтынханд байхгүй болж байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн ги-шүүн байхын давуу тал нь энэ.
Гэхдээ хууль хяналтынханд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нэг хувилбар бий. Тэр нь УИХ-д хандах. Учир нь Үндсэн хуульд “Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэх заалт бий. Нэг ёсондоо Үндсэн хуулийн цэц эсрэг санал гаргасан ч Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-д хандах нэг хувилбар үлдсэн гэж ойлгож болно. Тэгэхээр Д.Сугарын өмнө УИХ-ыг бүхэлд нь өөртөө элсүүлэх эс бол бүрэн эрхээ түдгэлзүүлэх гэсэн хоёр сонголт үлдэж байгаа нь энэ. Улсын мөрдөн байцаах газрынханд ч мөн адил. УИХ-д найдах. Эс бол Д.Сугарын өмнө бууж өгч, түүнгүйгээр МИАТ-ийн хэргийг илрүүлэх...
Г.Отгонжаргал