“Би дахин хог түүж амьдармааргүй байна. Хэрэв би одоо л энэ байдлаасаа салахгүй бол хоёр охин минь ч хог түүгчид болж өсөх нь. Амьдралаа урагшлуулсан ганцхан алхам л хиймээр байна.

Хүмүүс минь надад туслаач. Хэн нэгний ууж байгаа ундааг хэзээ дуусах бол, савыг нь хэзээ хаях бол гэж хүлээдэг амьдрал уруу хоёр охиноо оруулмааргүй байна” гэж ярих 21 настай энэ бүсгүйн үг бүхэн нь үнэн санагдсаныг нуух юун. Яагаад “үнэн үг” гэж онцолж байгааг уншигч Та гадарлаж буй биз. Түүнд амьдралаа өөрчлөхөд нь ганцхан алхам хэрэгтэй байна. Тэр бол ажил, амьдралын байр. Үүнээс илүүг хүсээгүй хүнд туслах л чухал шүү дээ.
 

Хүүхэд насаа хог түүж өнгөрөөсөн бүсгүйн түүх
 

“Өглөөнийхөө цайгаа сайн уугаад яв. Нэг мөсөн орой л ирнэ шүү” гэх үгийг сонсохоор аав минь гэртээ өнжих дургүй юм шиг санагддаг байж билээ. Гэтэл ахиухан шиг хог түүгээд хэдэн төгрөг илүү олохыг бодоорой гэсэн санаа байж хэмээн ярих зуураа өлгийдөө уйлагнах охиноо хөхүүлэх Болормаа гурван ой дөрвөн сар, хоёр сартай хоёр охинтой. Аав ээж нь түүнийг өлгийнөөсөө гарч амжаагүй нялх байхад нь Төрмандах хэмээх айлд өргүүлсэн тул төрүүлсэн ээж, аавынхаа тухай юу ч мэддэггүй. Харин өргөж авсан ээж нь Болормааг дөрвөн настай байхад элэгний хорт хавраар нас барж аавтайгаа хоёулхнаа үлджээ. Ийнхүү эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуульгүй Төрмандах өргөмөл охинтойгоо хамт айлын хаяанд толгой хоргодож, бусдад зарагдан хоногийн хоолоо залгуулдаг байж. Түших хүн үгүй аав, охин хоёр үргэлж хамт явж, өлсөхийн эрхэнд цайны газраар хэсүүлчлэн хоолны үлдэгдэл түүнэ. Ийнхүү өдөр хоногийг үдсээр охиныг таван нас дөнгөж өнгөрмөгц тэд Цагаан давааны хогийн цэг дээр ажиллах болжээ. Тавхан настай Болормаа охин биедээ таарсан ногоон шуудай үүрч өдөржингөө хог ухна. Орой нь аавтайгаа хоёулаа олзоо тушааж юм авч идээд хогийнхоо цэг дотроо хоночихдог байж. “Намар оройн сэрүү унаж, цагаан хяруу буух үед л их даардаг. Аавынхаа бөөрөнд шигдэж, энгэрт нь хошуугаа наагаад унтдаг сан. Сүүлдээ аавтайгаа нийлж хуучин ширдэг, хивс, даавуу цуглуулж байгаад толгой хоргодох оромж барьж билээ. Аав минь оройн хоолоо хийх гэж яндангүй, хүхээг нь цуурчихсан зуухан дээр утаа савсуулж, хөвөнтэй хүрмээрээ хөлийг минь ороож хажуудаа суулгадаг. Хог шатаадаг болохоор гашуун утаа хоолой, нүд хорсгодог ч гэлээ аавын минь хийсэн хоол амттайхан байж билээ” хэмээн аавыгаа дурсан хоолой зангируулан ярих тэрбээр14 жилийн турш хогийн цэг дээр амьдарчээ.
 

Хүний мөс чанар, ханийн халуун сэтгэл дутах үед л хорвоо хатуугаа мэдрүүлдэг
 

Болормааг долоон настай байхад нь аав нь хогийн цэг дээр амьдардаг Ц гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болжээ. Энэ үеэс бүсгүйн сэтгэлийн зовлон эхэлсэн аж. Учир нь аавынхаа халуун өврийг хойд эхдээ алдан бээрч, цаасан хайрцаг дэвсээд хүрмээ нөмрөн хэвтдэг ч шөнөжин уйлж, хөмхийгөө зуун хонодог байсан гэнэ. Хойд ээж аавынх нь дэргэд загнаж, занчихгүй ч эзгүйд нь зодож, түүсэн олзыг нь булаан эх хүний сэтгэлд баймгүй авир гаргадаг байжээ. Тэр бүү хэл тэдний хоёр жилийн турш хоол, хувцас ч авалгүй хэмнэж цуглуулсан дөрвөн ханатай гэрээс нь хөөдөг ч болж. Өдөр бүхэн хог түүж, элдэв эвгүй үнэрээр амьсгалдаг байсан болоод ч тэр үү аав нь дөрвөн жилийн өмнө уушигны өвчнөөр өөд болжээ. Ингээд л наашаа гэх хүнгүй болсон Болормаа хойд эхдээ хөөгдөж, овоолсон хогийн нөмөр бараадаж хоног төөрүүлсээр хоёр охиныхоо аавтай танилцсан байна. Сургуульд сууж огт үзээгүй Г хэмээх залуу Толгойтод ээжтэйгээ амьдардаг ч мөн л хог түүж хоногийн хоолоо залгуулдаг нэгэн. Том охиноо төрүүлтлээ нөхөртэйгээ хамт хог түүж тав, арван төгрөг олсоор байсан гэнэ. Гэхдээ хороо дүүргээр хөөцөлдөж явсаар ямартаа ч өөрийн гэсэн бичиг баримт, хаягтай болсон Болормаад ахин хог түүхгүйгээр амьдарна гэсэн мөрөөдөл бий болсон гэдэг. Энэ нь зарим хүнд зорилго, зорилт биш мэт санагдах ч Болормаад бол хамгийн том зорилго нь байсан юм. Тиймээс охиноо төрүүлээд ой өнгөрөнгүүт нь нэг газар үйлчлэгч эсвэл цайны газар туслах хийхээр ажил хайж эхэлжээ. Харамсалтай нь хадам ээж нь ач охиноо харж халамжлах нь бүү хэл харин ч эсрэгээрээ гар хүрчихсэн, шээстэй өмдийг нь ч солихгүй өнжүүлсэн байж. Аргагүйн эрхэнд охиноо харж гэртээ үлдсэн бүсгүйг хадам ээж нүд үзүүрлэх болсон тул өөрийн гэсэн гэр оронтой болохоор төлөвлөсөн байна. Харамсалтай нь түүний энэхүү төлөвлөгөөг хэн ч дэмжсэнгүй. Тэр бүү хэл нөхөр нь ээжийгээ өмөөрч орой бүр архи ууж агсам тавьдаг болсон нь зовлон дээр зовлон нэмжээ. Нэг орой Г уламжлал ёсоороо агсам тавьж том охиноо ор уруу авч шидэн Болормааг зоджээ. Ингээд арга нь барагдсан бүсгүй хоёр охиноо тэврэн хадмынхаасаа явж таньдаг айлаа бараадсан байна. Энэ айлын гэрийн эзнийг Сарнай гэх бөгөөд тэрбээр таван хүүхэдтэйгээ аж төрдөг нэгэн. Ах нь дүүгээ харах хэмжээний том болж тусад орсон хүүхдүүд болохоор Сарнай өглөө бүр ажилдаа явна. Эрхэлдэг ажил Есүсийн шугамаар гэр оронгүй хүүхдүүдийг гэртээ хооллох. Тиймээс одоохондоо Болормаа эл айлд толгой хоргодож буй. Хүний мөс чанар, ханийн халуун сэтгэл дутах үед л хорвоо хатуугаа мэдрүүлдэг аж. Монгол хүн өөрөө эхэлж цадчихаад үлдсэн хоолоо хүнд өгдөггүй. Харин ч эсрэгээрээ хажуудаа байгаа хүнээ дайлчихаад дараа нь өөрөө хооллодог сайхан уламжлалтай. Тэр л заншлаараа төрийн хоолноос Болормаа болон түүний хоёр охинд өгөх сөн. Энгэр, хормойноос нь зүүгдсэн хоёр бяцхан охинтой энэ бүсгүй сэтгэлдээ тээсэн зорилгоо биелүүлэхэд нь бид туслах үүрэгтэй. Ялангуяа харьяа дүүрэг, хороо нь гараа сунгаж амьдрах орон гэр, ажлын байр олж өгөх тал дээр анхаарах цаг болжээ. Жавар тачигнасан өвлийн шөнө нимгэн өлгийтэй охиноо хүрмээрээ ороон тэврээд хадмынхаасаа гарсан Болормаа гар нь тасарч байсан ч охиноо л дааруулахгүй юмсан хэмээн харанхуй гудамж уруудан алхаж явсан цаг саяхан. Гэхдээ тэрбээр эх хүний зовлон, амьдралын хатуу хөтүүг амссан Сарнайтай уулзсан нь түүний амьдрах итгэлийг жаахан ч гэсэн асаасан биз ээ. Хүн аав, ээжтэй байх сайхан. Учир нь хайр халамж, халуун дулаан сэтгэл тэдэнд л байдаг. Харин аав, ээж нь бурхан болсон өнчин, ядуу хүнийг хэн харж, амьдрах итгэл хайрлах вэ? Энэ асуултад л сэтгүүлчийн зүгээс хариулмаар санагдсан юм. Манай улсад асрамжийн газар, гэр оронгүй хүмүүсийг харж хандах халамжийн байгууллага хэд хэд бий. Тэрхүү байгууллагууд хүндээ хүрч үйлчилж чадаж байна уу, эсвэл тухайн хүн өөрөө л халамж хүсч очихгүй бол авч хэлэлцдэггүй газар уу гэдэг нь тодорхойгүй. Энд Болормаа болон хоёр охиныг нь зүгээр л гэр орон, хоол унд өгч амьтан мэт тэжээ гэж байгаа юм биш. Ямартаа ч дулаан орох оронтой болгоё. Хоёр хүүхдийг нь өдрийн цагаар харж ханддаг хүнтэй байлгая. Ээжид нь ажил олж өгье гэсэн санаа. Хөлсөө дуслуулан байж хөдөлмөрлөж авсан талх илүү амттай гэдэг.
 

В.НЭРГҮЙ