“Эзэнгүй” хариуцлагын “бай” нь хувийн хэвшил үү?
2018/07/30
“Буруугүй буруутан” гэх кино гарч байна. Прокурор байсан залуу хөрөнгөндөө дулдуйдаж муу бүхнийг хийдэг залууг байцааж эхэлснээр амьдрал нь сүйрдэг. Хэрэгтэн ажил мэргэжилдээ гарамгай прокурорыг эхнэр, хүүхдээ алсан алуурчин болгож дөнгөнө. Бас болоогүй цөөн хэдэн хүнээс бусад нь бүгд прокурор залууг хүн амины хэрэг хийчихлээ гэж итгэнэ.
Харин итгэхгүй байгаа хэсэг нь том компанийн захирлын хүү гэгдэх хэрэгтнийг сэжиглэж, хардсаар… За нэг иймэрхүү л үйл явдал өрнөж байсан. Түүнтэй нэгэн адилаар манай улсад буруугүй хэрнээ буруудах тохиолдол гарсаар байна. Ардчилсан эрхээ хэтрүүлэн хэрэглэдэг монголчууд аятай яваа нэгнээ, ажиллаж хөдөлмөрлөсөн хүмүүсээ байнга л хардаж, элдвээр хэлж, бурууг тохох хандлага давамгайлсан нь нийгмийн гажуудал хэмээн сэтгэл зүйчид ярьдаг юм билээ. Олныг нуршсаны учир юу гэвээс өнгөрсөн өдрүүдэд хөвөрсөн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын асуудлын бодит байдлыг уншигч авхайд сийрүүлэн хүргэх гэсэн хэрэг.
БУРУУГ БУСДААС…
2016 оны сүүлчээр “Зүр констракшн” компани барилгын гүйцэтгэгчээр ажиллаж өнгөрсөн онд хүлээлгэж өгсөн байна.
“ЗМ”-ний архиваас. 2014 онд ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын явц. тухайн үед санхүүжилттэй холбоотой асуудлаар зогссон байв.
Монголчууд бурууг бусдаас хайдаг улс. Хавдрын өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ цаг үед өргөтгөлийн барилга ашиглалтад орохгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн. Арайхийж 2017 оны сүүлчээр ашиглалтад орсон барилгадаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болж олны талархлыг хүлээж байсан. Тус өргөтгөл зоорийн болон эмчилгээ, үйлчилгээний хэсэгтэйгээ нийлээд дөрвөн давхар барилга бөгөөд нийт 5640 ам метр талбайтай аж.
Гэтэл сүүлийн өдрүүдэд тасралтгүй шахам орсон борооны улмаас шинэ барилгын зоорийн давхар усанд автаж Австрийн Засгийн газрын зээлээр авсан хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтсэн гэх мэдээлэл гарсан. Энэ аппарат гурван сая ам.долларын үнэтэй. Эвдэрсэн хэсгийг засахад 200 орчим мянган ам.доллар шаардлагатай гэж байв. Гэтэл эх сурвалж “Эвдэрсэн эсэхийг нь тогтоогоогүй байж үнэлгээний тухай ярьсан нь ойлгомжгүй байна” гэв.
Үйл явдал өрнөсөн байдлыг харахад шинэ барилгын зоорийн давхар усанд автсанаас хүний амь нас аврах маш чухал аппарат норж, гэмтсэн. Түүнийг засуулах зайлшгүй шаардлагатай. Үүний тулд мөнгөний асуудал босч ирсэн бололтой. Энэ бүхнийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа харагдав. Тухайлбал, “Буян”-гийн Жаргалсайхан нүүр номондоо “Хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлээгүй цагт борооны ус, шалбааг буруудаад дуусна даа. Яалтай билээ. Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав “Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна” гэлээ. Хэрэв би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан. Тус эмнэлгийн дарга Ж.Чинбүрэн “Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ” гэж ярив. Би сурвалжлагч байсан бол “Та тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж яаж тэмцэв. Хэдий үед нь мэдсэн бэ” гэж асуух байлаа” гэжээ. Манай улс аль ч салбартаа хариуцлага хүлээдэг, тооцдог механизмыг ажиллуулахаа больсон. Бүр аргагүйдвэл хувийн хэвшил эсвэл залуустаа тохох нь энүүхэнд. Тиймээс өнгөрсөн хугацаанд болсон асуудалд бурууг бусдаас хайхаас урьтаад өөрсдийнхөө үйлдлийг эргэж хармаар байгаа юм.
ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООГҮЙ
Хавдар судлалын үндэсний төвийн дарга Ж.Чинбүрэн “Энэ өрөөнүүдийн хаалгууд хийгдээгүй бэлтгэл ажилтай явж байсан. Хаалгаар ус орж ирээд шагай хүртэл ус нэвчсэн. Ингэхдээ зоорийн давхар буюу бункер хэсэгт ус нэвчсэн учраас 10 гаруй тонн төхөөрөмжийг барих суурь усанд автсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгөв. Тус барилгын гүйцэтгэгч “Зүр констракшн” компанийн захирал Ч.Гантулга “Байрыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан. Одоо хэвийн ажиллаж байгаа. Зоорийн давхарт байрлах бункерт төхөөрөмж оруулахын тулд бидний хийж бэхэлсэн гадна талын хаалгыг эвдэж байгаад тэдгээрийг дотогш оруулсан юм билээ. Ингээд буцааж хэвэнд нь оруулаагүй нь манай компанийн буруу биш” гэв. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эмнэлгийн тохижилтын явцад Нийслэлийн авто замын хөгжлийн газар хяналт тавиагүй. Тус эмнэлгийн урд хэсэгт тавьсан замд ус зайлуулах суваг шуудуу хийгээгүй учраас үерийн ус хонгил руу орж ирсэн. Тиймээс тохижилтын ажлыг хийсэн, зам барьсан компани, үүнийг хүлээж авсан Нийслэлийн авто замын хөгжлийн газар, болон Улсын комисс хариуцлагаа хүлээх ёстой” гэлээ. Тэрээр ХСҮТ-ийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, доголдсон зүйл байхгүй хэмээн онцолсон юм. Эвдэрхий аппарат худалдаж авснаа бороогоор далимдуулж эвдэрсэн гээд мөнгө завших санаархал хэмээн хүмүүс хардаж байгааг албаны эх сурвалжууд үгүйсгэв. Үнэн хэрэгтээ үндсэн аппарат эвдрээгүй гэдгийг дахин дахин ярьж байсан юм.
Тухайн ус орсон гээд байгаа хэсэгт хүчтэй цацраг идэвхт туяа ялгаруулж хүний хорт хавдрыг эмчилдэг учраас аюулгүй байдал талаасаа туяаны цацраг гадагшаа цацрахгүй байх ёстой гэдэг шаардлагыг эмнэлгийн удирдлагууд тавьж барилгын гүйцэтгэгч онцгой анхаарч бүтээн байгуулалтаа хийсэн тухайгаа ярьж байв.
Түүнчлэн МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Энэ асуудалд Засгийн газраас болон МХЕГ холбогдох газруудаас оролцсон нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Батлагдсан зураг төсөл, улсын комиссын үйл ажиллагаа захиалагч болон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн байгууллагуудыг ямар үүрэгтэй оролцсон бэ гэдгийг тогтооно. Урьдчилсан байдлаар дүгнэлт гаргахгүй. Эцсийн байдлаар бүх бичиг баримт, бодит байдлыг харьцуулсан байдлаар дүгнэлт гаргана” гэсэн юм.
ТӨСӨВТ ӨРТӨГ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Хавдар судлалын үндэсний төвийг 2010 оны долдугаар сард өргөтгөж гурван давхар барилгын ажлыг хажууд нь эхлүүлжээ. ЭМЯ-наас захиалж, гүйцэтгэгчээр “Суурь” компани шалгарсан аж. Гэхдээ зураг төсөл нь 2008 онд, ТЭЗҮ нь 2010 онд батлагдсан байна. Хэдийгээр энэ төсөл “олон гар” дамжсан ч анх баталсан төсөвт ямар ч өөрчлөлт ороогүй хэмээн гүйцэтгэгчид хэлэв. Өртгөлийг барьж эхэлсэн “Суурь” компанийн зөвлөх инженер “Төсөвт өртөг нь 3.2 тэрбум төгрөг боловч бид хоёр тэрбумыг цувуулж авсан. Үндсэндээ хөрөнгөгүйн улмаас зогсчихоод байгаа юм” хэмээн ярьсан байдаг. Үүний дараа ажил авсан “Зүр констракшн” компанийнхан ч мөн л төсөвт өртөгийг нэг төгрөгөөр ч нэмээгүй. Бид өөрийн санхүүжилтээр барилгыг дуусгасан гэсэн юм.
Үүгээр ч зогсохгүй хэдэн жил дуншиж байж “мэндэлсэн” шинэ өргөтгөлийн барилгын хонгилын хэсэг усанд автсан нь бодит үнэн. Гэхдээ түүнд олон талын шалтгаан бий гэдгийг мэргэжлийн байгууллагууд шалгаад бодитоор дүгнэнэ гэдэгт барилгын гүйцэтгэгчид итгэлтэй байгаагаа дайсан юм. Өөрөөр хэлбэл, барилгын гадна талд барьсан замын бүтээн байгуулалтыг хийх явцдаа ус зайлуулах хоолой хийгээгүй нь алдаа байсан бололтой. Биднийг очих үед өргөтгөлийн барилгын гадна зам нэлэнхүйдээ устай байсан. Зам дагуу байрлах ус зайлуулах цоргыг урд талын барилгын хашаа тагласан байгаа нь харагдав. Үүнийг авто зам барьсан компанийнхан болон ашиглалтад хүлээж авсан байгууллага анзаараагүй өнгөрсөн гэвэл худал. Сүүлийн үед замын бүтээн байгуулалт хийж байгаа ч ус зайлуулах хоолойгүй эсвэл хоолойг нь дарж өөр байгууллага барилга барьсан зэрэг дутагдал газар авч байгаа. Энэ л зарчим ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад бас нөлөөлсөн гэж харагдав. Гэхдээ энэ бүхэнд аль нэг компани, албан тушаалтан, хувь хүнийг буруутгах гэсэнгүй. Бодит байдал ямар байсныг харуулахыг зорьсноо энэ дашрамд дуулгая. Манай улсын хувьд хүн бүр, дор бүрнээ хариуцлагатай, ухамсартай байх тогтолцоо дутаж буйн нэг илрэл.
ӨРГӨТГӨЛ ХЭРХЭН БОСЧ АШИГЛАЛТАД ОРСОН БЭ?
Аль 2008-2010 оны зураг төсөл болон санхүүгийн тооцооллоор тус барилгыг барьж дуусгасан. Ингэхдээ орчин үеийн стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэснээ “Зүр констракшн” компанийн захирал Ч.Гантулга ярилаа. Тэрээр “Энэ барилга баригдаж дуустлаа хэд хэдэн дарга солигдсон. Тэр бүрт зураг төсөлд өөрчлөлт оруулж ирсэн. Бид гүйцэтгэгч учраас захиалагчийн хүсэлтээс гажих аргагүй. Гэсэн хэдий ч улсынхаа эрүүл мэндийн байгууллагын өргөтгөлийг барьж байгаа учраас барилгын стандартыг ягштал мөрдөж байсан. Доод зоорийн хэсгийн ханын зузаан 1.5-2.5 метрийн өргөнтэй учраас ус нэвчих ямар ч боломжгүй. Нөгөөтэйгүүр тэр хэсэг туяа эмчилгээний аппарат суурилуулна гэсэн учраас цацраг туяаг гадагшлуулахаас сэргийлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс барилгын ханыг нэвчиж ус орсон байх ёсгүй” гэсэн юм. Олон барилгачин хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн бүтээн байгуулалт учраас хүмүүс бодит мэдээлэлтэй байж, хүндэтгэлтэй хандаасай хэмээн санаж буйгаа компанийн ажилтнууд учирлаж байсан юм.
Зураг төсөл дотор заслын ажлын жагсаалтад дүүжин тааз хийх тухай нэг ч үг, үсэг байгаагүй ч компани нийгмийн хариуцлага болон бизнесийн нэр хүндээ бодон дүүжин таазыг өөрийн хөрөнгөөр хийсэн байна. Мөн шалны хулдаас гэхэд метр тутамдаа 6000 төгрөгөөр төсөвлөсөн байж. Гүйцэтгэгч эмнэлгийн зориулалтад нийцсэн хулдаасаар шалыг нь бүржээ. Энэ мэтчилэн жижиг, чимхлүүр нэлээд ажлыг нэмж гүйцэтгэхийн зэрэгцээ үүнд 400 гаруй сая төгрөг зарцуулсан тухайгаа “Зүр констракшн” компанийн инженер Г.Нямхүү хэлэв. Тэрээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд гадны мэргэжилтнүүдтэйгээ хамт хуралдан магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан. Энэ үеэр зоорийн давхарт хүлээлгийн танхим, удирдлагын, цацраг эмчилгээний, рентгенийн, серверийн өрөө, шатны хонгилыг байрлуулахаар болсон. Түүнчлэн суурь нь цутгамал төмөр бетон аянган болон дам нуруутай, цацраг идэвхт эмчилгээний хэсэгт 1100-2450 мм-ийн цутгамал төмөр бетон ханатай байхаар заасан. Энэ бүхнийг ягштал биелүүлсэн шүү дээ. Тиймээс хана дагаж ус нэвчсэн байх боломжгүй” гэлээ. Нийслэлийн барилгын хөгжлийн төвөөс Хавдар судлалын үндэсний төв”-ийн С блокын өргөтгөлийн барилгын ажлын зураг төсөлд барилга угсралтын ажил нь бүрэн хийгдэж дууссаны дараа магадлалын ерөнхий дүгнэлт бичигдсэн аж. Тэгэхээр орон тооны бус экспертүүдийн гаргасан дүгнэлтийн дагуу зураг төсөлд гарсан өөрчлөлтүүд нь барилга угсралтын үед хийгээдгүй гэдгийг батлах нэг баримт гэдгийг гүйцэтгэгч компанийнхан тайлбарлав. Хэдийгээр 2-3 компанийн гар дамжиж боссон барилга ч гэлээ чанаргүй гэдэг аман дүгнэлт үнэнд нийцэхгүй байгааг барилгын компаниуд онцолж байна. Зураг төсөвт орхигдсон ажил болон барилгын материалын үнийн зөрүү, нэмэгдэл төсвийг улсын төсвөөс гаргуулаагүй нь “хэргийн эзэд”-ийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сэтгэл гаргаж хийсэн ажил аж. Үнэн хэрэгтээ тус барилга 3.2 тэрбумаар босох төсөвт өртөгтэй байсан хэдий ч түүнээс давсан үнэлгээгээр боссон. Бүр тодруулбал, 5.6 орчим тэрбум төгрөгийн өртөгөөр бүтсэн байна. Өнгөрсөн хугацаанд анх гүйцэтгэгч байсан “Суурь” компаниас 436.178.738 төгрөгийг буцааж авах учиртай хэмээн эх сурвалж хэлсэн. Ер нь барилга гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй нь санхүүжилттэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд тодорхойлсон харагдана лээ. Харин 400 гаруй сая төгрөгийг “Суурь” компаниас гаргуулан “Зүр констракшн”-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэн төрийн санхүүжилтээр концессийн гэрээгээр хийдэг ажлууд дандаа л асуудал дагуулах. Түүний гол буруутан нь хувийн хэвшил мэтээр тайлбарлах нь хэт өрөөсгөл. Тиймээс аж ахуйн нэгжүүдээ боорлохоос урьтаад цаг хугацаа алдах эрсдэлд нөлөөлдөг хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдвэрлэж сурмаар.
Бас нэгэн зүйл зоорийн давхарт техник, тоног төхөөрөмж оруулах учраас налуу хэмтэй зам гаргаж түүндээ ус зайлуулах хоолойг суулгаж өгсөн байна лээ. Дээр дурдсанчилан гадна талын замд хуримтлагдсан ус налуу замаа дагаж төхөөрөмж байрлаж байсан зоорийн давхар руу нэвчсэн байх магадлалтай гэж зарим мэргэжилтэн онцолж байв. Олон жилийн турш гацаж, дуншиж байж ашиглалтад оруулсан барилга дутуу байгаа тухай ярьж байгаа ч тоног төхөөрөмжөө суурилуулахын тулд таазны хэсэг болон холбогдох бусад газарт дотоод засвар, угсралтын ажлыг хийж байлаа. Аливаад заавал нэг буруутан байж хариуцлага хүлээх учиртай ч “Буруугүй буруутан” болж хэн нэгэн хохирох вий. Хариуцлагагүйн зуд хаа сайгүй байгаа энэ үед хууль дүрэмтэй, стандарт нормтой улс гэдгээ хаа хаанаа ойлгож ухамсарлан хүн бүр эрвийх дэрвийхээр ажилладаг болоосой.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин