“Хонхны дуу биднийг сэрээ…” хэмээн хөдсөн дээл, эсгий гуталтай нийгэм, хүн зоныг цуглуулж шударга ёс, хүний тэгш эрх, эрх чөлөөний тэмцлийг эхлүүлж асан “Алтан хараацай”-нуудын үйлдэл бүхэн өдрөөс өдөрт буруудаж 20-иодхон настай хонгор шаргал зүстэй улс төрчдийн анх ардчилалын хөрснөө гишгэж байсан ул мөр, замаасаа гажуудаж, иргэддээ амлаад байсан өнөөх үнэт зүйл нь эрх чөлөөг хумих, албадан боож, боомилох чиг шугам руу эргэлт буцалтгүй орж байна гэж харагдаад болдоггүй ээ.

Ийм ажлын жишээг хэдэн арваар нь жагсааж болно. Утаагүй зуух, түлш үйлдвэрлэж буй гэгдэх 10 гаруй компанийн бизнесийг “утааны эсрэг” нэрээр дэмжиж нүүрс түлсэн айл өрхийг албадан хотоос хөөнө гэснээр хувийн өмч, хүний эрхэнд халдах, дайрах, боомилох үйл явц эхэлсэн.

  Энэ үйлдэл даамжирч иргэдийн автомашин жолоодох эрх рүү хэнэг ч үгүй давшилж, улам бүр даварсаар дөрөвдөгч засаглал хэмээн иргэний нийгмийн өмнө хоточ нохой байх үүргээ биелүүлж өөрийн хөгжлийн замаар 100 дахь жилтэйгээ золгож буй сэтгүүлзүйн салбар руу “гал нээсэн” нь өнгөрөгч оны аравдугаар сараас эхтэй байв. Салбартаа хамгийн отгон ч эрчимтэй хөгжиж буй цахим сэтгүүлзүй буюу сайтуудыг хааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо гэх хаа нэг хаяг нь харагддаг байсан байгууллагын ажил эхэлсэн.

Тэртээ 1990 оноос хувийн сонин, телевиз борооны дараах мөөг шиг эфирээ нээж, анхны дугаараа уншигчдад хүргэж байсан түүх өдгөө бүдгэрч Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр есөн телевизийн хаалгыг хааж 300 магадгүй түүнээс ч олон сэтгүүлчийг гудамжинд гарчихав аа, хөөрхий. Тэдний ард хэдэн хүүхэд бүлтгэнэж, хэдэн эхнэр, нөхөр, аав, ээж өрхийн орлогогүй болж байгаа бол доо. Түүний өмнөхөн 20-иод сайтыг үүнээс ч дор шалтгаанаар хааж олон нийтийн мэдээлэл авах эрхийг боомилсон нь бидний хүссэн ардчилал байв уу.

Тэгвэл өнөөдөр монголд бүрэн эрхийг нь цуцалчихмаар, иргэдийн эрх ашиг, эрүүл ахуйг уландаа гишгэснийх нь төлөө хаалгыг нь хаачихмаар, хариуцлага нэхмээр газар нэг бус байна шүү дээ. Ийм жагсаалт гарга гэвэл юун мэдээллийн 20 сайт, есөн телевиз вэ. Уул уурхайн гадны хөрөнгө оруулалттай дотоодын олигархиудын эрх мэдлийн дэмжлэгтэй компаниудаас эхлээд хүнсний үйлдвэрүүдийг би л хувьдаа хамгийн эхэнд тодотгоно. Яагаад гээч, хүний амь, хүүхдийн өнчрөл, хагацал уул уурхайн компаниудын эзэмшчихсэн газар нутагт хамгийн ихээр гардаг учраас. Хүнсний үйлдвэрүүд ч ялгаагүй бидний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангаагүйнхээ төлөө хөлөө тушуулж, хоолойгоо боомилуулах ёстой шүү дээ. Үнэхээр л шударга байя гээд байгаа бол шүү дээ. Саяхан даа, тун саяхан. “Талх чихэр” компанийн талхнаас нурууны өвчин намдаах наалт, хурууны шарх сорвит хэрэглэдэг боолт гарч хэсэгтээ л мэдээллийн сайт, хэвлэлээр шуугьсан. Энэ бол зүгээр л хамгийн сүүлийн жишээ. Жоом, ялаа, хүний үс хүртэл эдгээр үйлдвэрүүдийн хүнснээс бишгүй гардаг ч тэгсгээд намждаг.

Талхныхаа савлагаа, баглаа боодлыг сольсон учраас үнээ нэмж байна гэх хөгийн, увайгүй тайлбар хийгээд 650 байсан талхны үнийг 850 төгрөгт хүргэж байсныг бид мартаагүй. Ийм байж болох уу. Гялгар уутанд талхаа савлаж, үйлдвэртээ тоног төхөөрөмж авсныхаа үнэ хөлсийг иргэдийн халааснаас гаргуулж бүтээгдэхүүнийхээ үнийг хөөргөсөн хариуцлагыг тэгвэл мөн л шударгаар тооцоё. Цавуулаггүй гурил иргэдийн гарт нийлүүлж, хүн байтугай нохой ч тоож идэхээргүй амттай ул боов үйлдвэрлэж цагаан сараар олон мянган хэрэглэгчээ хохироосныхоо төлөө нэр бүхий хүнс, гурил үйлдвэрлэгчид тэгвэл ямар хариуцлага үүрсэн юм бэ. Үнэ, чанар, бүтээгдэхүүнийхээ орц, найрлагаар үргэлж иргэдээ төөрөгдүүлж хэрэглэх хугацаа дуусахын өмнөх өдөр хямдрал зарлаж тэнэгтдэг хүнсний үйлдвэрүүдийн зальжин аргыг тэгвэл мэдсээр байж хаацайлсныхаа төлөө төр өөрөө ямар хариуцлага хүлээх вэ. “Шударга байя л даа” гэх үгээр гоёх дуртай сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгчдөө тэгвэл хэлэх үг байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс орны хөгжил, цэцэглэлтийг дэлхийд таниулж, гүүр, шат нь болж байдаг мэдээ мэдээллийн талх үйлдвэрлэгчдийг тоног төхөөрөмжөө нэг сарын хугацаанд сайжруулж чадаагүй гэсэн үндэслэлээр хаалгыг нь хаасан шигээ талх, чихэр, архи, сүү, гурил, мах, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг ч мөн эрүүл, аюулгүй, найдвартай хүнс бэлтгэн нийлүүлээгүйнх нь төлөө шийтгэе. Шударга л байя л даа.

Хэвлэл мэдээллийн салбарыг бодвол хуулиар баян нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар. Тэгвэл, “Талх чихэр”, “Өгөөж”, “Бамбууш”, “АПУ”, “MCS” “Сүү”, “Хаан хүнс”, “Суман гүн”, “Батбайгаль”, “Өгөөмж-Архад” “Улаанбаатар гурил, “Милл хаус”, “Алтантариа”, “”Үндсэн хүнс”, “Атар Өргөө”, “Хан-Уул трейд”, “Бавж” зэрэг эх замбараагүй үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, техникийн шинэчлэлийг шалгая. Үндэсний аюулгүй байдлын тэргүүн эгнээнд бичигдэх хүнсний аюулгүй байдлыг хангаж чадахгүй хүнс үйлдвэрлэгчдийг сарын хугацаанд тоног төхөөрөмж, сав, баглаа боодлоо сайжруулах, чадахгүй бол эрхийг нь цуцлах хүртэлх арга хэмжээг ижил тэгш авая. Монгол хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж чадахгүйгээс хойш эрүүл, амьд явах эрхээ ядаж бүрэн эдэлчихмээр байна, Ерөнхийлөгч өө.

Уг нь Цахиагийн Элбэгдорж гэх цагтаа “Улаан-Од” сониноос ажил амьдралынхаа гарааг эхэлж асан сэтгүүлч мэргэжилтэй залууг улс төрд зүтгэх үеэс л аливаа нийгмийн булхай бүхэнд гярхай хандаж мэднэ хэмээн мэргэжил нэгт нөхөд нь амьхандаа л талтай хандаж, ард иргэд ч нэлээд тоосон. Гэтэл өдгөө эхээс төрхөөсөө л Ерөнхийлөгч байсан мэт аашилж энэ салбарт хатуурхаж, техник тоног төхөөрөмж чинь муу учраас… гэсэн жудаггүй тайлбараар мөнгөгүй ч мөрөөдөлтэй сэтгүүлчдээ сөхрүүлж зүрхийг нь үхүүлж зоригийг нь мөхөөж байгаа нь бидний хүссэн ардчилал мөн үү.

Нам ярьж талцсаар хэдэн тэрбумаар нь ханцуйндаа наймаалцаж уул уурхай, газрын тос, хүнсний үйлдвэрлэлийн салбарт монополдож байгаа аж ахуйн нэгж, компани, хувь хүмүүст тэгвэл адилхан шаардлагаа тавиач ээ. Тэд чинь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүд, чихийг таглаж байгаад “ажлаа” амжуулах гээд байгаа юм биш үү. Мэдээж орчин үеийн монголд мөнгө аз жаргалын түлхүүр болсоор байгаа учир хүнсний үйлдвэрүүдийг дэгэнд оруулахад МХЕГ ч мөн гар бие оролцох ёстой.

Хорь гаруй жил “Ардчилалын салхи үлээлээ…” хэмээн та нөхдийг өөд татахдаа татаж, засахыг нь сонин, хэвлэлээр зөвлөж ирсэн дөрөвдөгч засаглалынхныг өмгөөлөх хууль эрхзүйн орчин нэгэнт байхгүй энэ үед хэндээ хандаж хэнээр өмгөөлүүлэхээ мэдэхгүй бид чинь асуудлаа танд хаяглалаа. Сэтгүүлчээ хамгаалах хуульгүй ч ядаж өмөөрөх мэргэжил нэгт Ерөнхийлөгчтэй салбар шүү дээ сэтгүүл зүй чинь. Алагчлалгүй, ардчилсан нийгэмд адилхан шударга байя л даа.

М.МӨНХТУНГАЛАГ