Ид шид гээч зүйл огтхон ч байдаггүй гэдэгт олон хүн итгэдэг хэдий ч бас бүрэн дүүрэн үгүйсгэж чаддаггүй. Үүнийг батлах нэгэн жишээ манай уншигчдад сонин байх болов уу. 1990-ээд оны эхэн үеийг хүртэл Ховд аймагт Цэвээнравдан гэдэг ер бусын увдистай нэгэн эр дуулиантайхан амьдарч байсан юм. Түүний ид шид, туулсан амьдралын тухай бүгдийг хүүрнэнэ гэвэл бүхэл бүтэн боть зохиол тэрлэх шаардлага гарах биз. Тиймээс маш товчхоноор 1970-аад оны эхэн үеэс нь эхлэн товчлон бичиглэх нь зүйтэй болов уу. Тэрбээр уг гарал нь Ховд аймгийн Манхан сумын харъяат захчин хүн юм. Анхлан Манхан сумандаа мал маллаж ахуй үеэсээ эхлэн тууль хайлж, хөдөлмөрийн хамт олны тухай магтаал ерөөлийг өөрөө зохион хуурдаж, аялдаг байсан нь хожмоо түүнийг Монгол улсын үлгэрийн танхимд уригдахад хүргэж байсан билээ. Цэвээнравдан мал маллаж байх хугацаандаа орос-монгол толь бичгээс эхлээд 10р ангийн нийгэм судлалын номуудыг ганцхан уншаад цээжилсэн төдийгүй конкурст орох гэж байсан сурагчдад давтлага өгөөд Буянт голын эрэг дээр сууж байдаг болж. Энэ талаар аймгийн боловсролын хэлтэс дээр бөөн шуугиан дэгдсэн бөгөөд 10 жилийн сургуулийн багш Б.Баасанжавыг очиж шалга гэсэн үүрэг өгчээ.

Б.Баасанжав гуайг очиход мань эр нийгэм судлалын ном зохиолыг хээв нэг цээжээр уншиж байсан гэдэг. Тэгээд л Цэвээнравдан дахиад мал маллах болсон төдийгүй дорхноо алдаршиж эхлэв. Энэ талаар үүнийг бичиглэгчийн эцэгт аймгийн МХЗЭийн Хорооноос Цэвээнравданг эвлэлд элсүүлж алдаршуул гэсэн үүрэг өгчээ. Мэдээж үзэл суртлын үе хойно тэр дорхноо л нэрд гарсан төдийгүй МХЗЭийн Төв Хорооны дарга Пүрэвжав гуайг Ховдод очиход нь мань Цэвээнравдан «Би хөдөлмөрийн баатар болно» гэсэн үүргийг авснаар Монгол улсыг тэр чигт нь доргиож орхив. Ингээд л ажилдаа шамдан орсон юм байх. Гэтэл нэгэн санаанд оромгүй хэрэг дэгдэв. Юу гэвээс, Цэвээнравдан айл хунараар яван мэргэ төлөг хийн, хүний яр шархыг амаараа сорон эдгээж байгаа тухай матаас аймгийн НАХ хэлтэст иржээ. Энэ нь аймгийн намын хороогоор дамжин бөөн асуудал дэгдсэний эцэст сэргийлэхийнхэн Цэвээнравданг баривчлан ирж мөрдөнд хорьжээ. 

Гэвч түүнийг мөрдөнд удаан хорьж чадаагүй юм. Түүнийг камерт ганцааранг нь хорьсон байсан бөгөөд хоолыг нь өгөхөөр ороход нэгэн том саарал чоно хэлээ унжуулчихсан сууж байсан аж. Айж цочирдсон хуяг буцаж гүйн дарга нартаа хэлээд эргэж ирэхэд нь Цэвээнравдан инээчихсэн сууж байсан гэдэг. Энэ маягаар сэргийлэхийн ажилтнуудыг байнга айлгаж байсан бөгөөд аргаа барсан дарга нар өөрсдөө шалгаж үзэхээр ирэв. Тэгээд түүнд «Чи чоно, могой болдог гэл үү? Алив харъя» гэхэд нь шалан дээр ганцхан хөрвөөгөөд л хар эрээн могой болоход харж байсан хүмүүс нь ухаан алдах шахам айцгааж буцаад хэвэндээ орохыг нь гуйсан гэдэг. Тухайн үедээ энэ асуудлыг маш ихээр чандлан нууцалж «Дахин мэргэ төлөг болон иймээ, тиймээ юм хийхгүй» гэсэн гарын үсэг хийлгээд нам жимхэн суллажээ. 

 

Гэтэл Цэвээнравдан энэ бүхнээ орхисонгүй. Улам өргөжүүлсэн төдийгүй яр шарх, идээ бээрэндээ баригдсан хүмүүсийн шархыг сорон аягатай архинд хийгээд асгахад дорхноо эдгэрч байсан гэдэг. Удаа ч үгүй Улаанбаатараас түүнийг Үлгэрийн танхимд урьсан бөгөөд тэндээ гурван жил шахам ажилласны эцэст мөн л мэргэ төлгөө хийсээр хөөгдсөн юм. 

Улаанбаатарт бараг арваад жил болсоны эцэст төрсөн нутаг Ховддоо очсон билээ. Түүнийг элдэв амьтны дүрд хувилсаныг маш олон хүн гэрчилдэг юм. Сэтгүүлч миний бие 1990 онд нэлээд хүндээр өвчлөөд байхад аав маань хуучин андын хувиар Цэвээнравдан гуайг залж ирсэн санагдана. Тэрбээр намайг харуутаа л нүд ам нь хачин болж, гараараа хүнд баймгүй уян хатан хөдөлгөөн хийж байсан санагдаад л ухаан алдсан юмдаг. Нэгэнтээ ухаан ороход би түүний өмнө сууж байлаа. Бие аажмаар хөнгөрч, өвчин намдсанаар би дахин хэвтсэнгүй тэр өдөртөө л илааршсан юм. Аав, ээж хоёр маань дараа нь хэлэхдээ «Чамайг шууд л босоод миний өмнө суу гэхэд чи нүдээ аньчихсан босч ирээд өмнө нь суусан» гэж хэлсэн билээ. Тэр буянтай хүн, хөөрхий минь, тун ч удалгүй өөд болсон нь даан ч харамсалтай. Одоо эргэн санахад Цэвээнравдан агсан чоно болж харагдаж байсны нууц нь хүнийг дэндүү чадварлагаар ховсдож чаддагт л байсан болов уу гэж боддог юм. 

Хэрэвзээ тэрбээр өнөөгийн дэндүү эрх чөлөөтэй нийгэмд төрсөн аваас өнөө цагийн үй олон үзмэрч, төлөгчдийг дэндүү ихээр ичээх байсан биз ээ. Мартсанаас түүний төрсөн үр нь Улаанбаатарт байдаг сурагтай.

Эх сурвалж www.wikimon.mn