Намрын чуулган ажлын 86  хоног үргэлжилж иргэдэд, монголын эдийн засагт хэрэгтэй олон чухал хууль баталсныг УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Түүний мэдээлэлд дурдснаар чуулганы нэгдсэн хуралдааныг 36 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 112 удаа хийжээ. Чуулганы хуралдаанаар нийт 148 хууль,  тогтоолын төсөл хэлэлцсэний 10 нь бие даасан хууль, 81 нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зургаан хууль нь хүчингүй болгох, 52 нь УИХ-ын тогтоолын төсөл байжээ.  Намрын чуулганы халуун сэдэв юу байсныг эргэн санацгаая.  Ноён ногооны ханш тэнгэрт хадсанаас болж ээлжит бус чуулганыг сөрөг хүчний шаардлагаар хуралдуулж байв.  

Гаднын хөрөнгө оруулалтыг эх орондоо үлдээе гэвэл  Хөрөнгө оруулалтын хуулийг батлахаас өөр аргагүй  гэж улстөрчид тайлбарлаж байсан нь саяхан. Энэ хуулийн төслийг батлахгүй бол эдийн засаг “элгээрээ мөлхөх нь” гэж сандарсан эрх баригчид ч бий. Тиймээс ч Хөрөнгө оруулалтын хуулийг төвөггүйхэн баталж орхив. Үүний дараа энэ оны Төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийг батлах гэж намууд баахан маргалдав. Улсын төсвөөр баригдаж буй барилгуудын төсөвт өртөг жилээс жилд нэмэгдэж байгаагийн шалтгааныг олох гэж гишүүд хэсэгтээ мунгинасан. Ерөнхий сайд үүнийг “авлигажсан  төсөв”  хэмээн тодорхойлсон нь сөрөг хүчнийхний дургүйг хүргэж хэвлэлээр муудалцахад хүргэсэн. Төрийн түшээд хэрэлдэж, хэлцэлдсний эцэст хуульд заасан хугацаандаа  амжиж төсвөө баталсан. Ингэхдээ  106 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий объектуудыг царцааж аудитын газар шалгуулахаар болсон билээ. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль Хөрөнгө оруулалтын хуулиас ширүүн маргаан үүсгэсэн. Цөөнхийн бүлгийнхэн болоод нэр бүхий гишүүд уг хуулийг Оюутолгой компанид зориулсан хөнгөлөлтийн хууль хэмээн шүүмжилсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс УИХ-ын гишүүд энэ хуулиас болж түнжин хагарч дэмжихгүй гэдгээ илэрхийлж эхэлсэн. Тиймээс уг хуулийн төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцэхэд унагаасан юм. Гэвч алтны хуулийн нэрийг өөрчлөөд Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр дахин зүтгүүлсээр олонхиороо хүч түрэмгийлэн баталлаа. Хууль батлагдснаар Монголбанкны алтны нөөц нэмэгдэж, валютын өсөлтийг тогвортой барих боломжтой гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа юм. Түүнээс гадна хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсооход ихээхэн хувь нэмэртэй хэмээн салбарын сайд нь мэдэгдсэн. Намрын чуулганаар Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгосон нь тэмдэглүүштэй үйл явдлын нэг байв. Тэгвэл намрын чуулганаар төрийн түшээд ямар хуулийг баталсангүй вэ 
 

Төсвийн тодотголыг товлосон хугацаандаа хийсэнгүй 
 

Энэ оны төсвийн тодотголыг өнгөрсөн нэгдүгээр сард багтаан хийнэ хэмээн Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдэж байлаа.  Гэвч одоог хүртэл энэ төсөвт тодотгол хийгээгүй л байна. УИХ төсөв хэлэлцэх явцад авлигажсан байж болзошгүй гэх 139.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 243 барилга байгууламжийн энэ онд санхүүжүүлэх  106.3 тэрбум төгрөгийг царцааж, төсөвт өртөг нь ямар шалтгаанаар нэмэгдсэнийг тодруулахаар Үндэсний аудитын газарт шилжүүлсэн билээ. Аудитын газрын шалгалт дуусч дүгнэлт гармагц дээрхи барилга байгууламжийг үргэлжүүлэн барих уу, зогсоох уу гэдгийг шийдэх юм.Уг шалгалт дуусаагүй байгаа гэх шалтгаанаар төсвийн тодотголыг товлосон хугацаандаа хийсэнгүй. 


Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд эрх баригчид хориг тавьсаар байна 

УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжиж  “Үндэсний хөгжлийн стратеги” сэдэвт уулзалтыг Хэнтий, Дархан аймагт зохион байгуулснаа дурдлаа. Төрийн тэргүүний давхар дээлийг дан болгох Засгийн газар, УИХ-ын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрх баригчид хойшлуулсаар намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй гэдгээ харин хэлсэнгүй. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох”  УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороод хэлэлцэж байгааг онцлов. Төрийн тэргүүний  санаачилгыг үнэхээр дэмжиж  байвал өргөн барьсан хуулийн төслийг нь батлахад л хангалттай биш гэж үү. Гэтэл энэ хуулийн төслийг хэлэлцэх болохоор эрх баригчид саад болдог нь нууц биш. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 23-ны нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын тав хоногийн завсарлага авсан. Үүнээс харахад Засгийн газрын сайдууд давхар дээлээ тайлах дургүй байгаа нь илт. 

Хуулийн төслийг намаар алагчилдаг гэв үү  
 

Гишүүдийг намаар алагчилж байна гэх гомдлыг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы хуралдаан дээр ч хэвлэлийн хурлын үеэр ч хэд хэдэн удаа давтлаа. Жилийн өмнө өргөн түүний намын хэсэг гишүүдийн хамт өргөн барьсан УИХ-ын чуулганы ирцийг хурууны хээгээр бүртгэх тухай хуулийн төслийг хэлэлцэлгүй хав дарсан атлаа АН-ын гишүүд өргөн барихаар шүүрч аваад баталсан нь хэрүүлийн эх суурийг тавьсан. Удалгүй С.Бямбацогтын санаачилж боловсруулсан НӨАТ-ыг 200 сая болгох агуулга бүхий хуулийн төслийг АН-ын бүлгийнхэн хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн нь түүний намаар ялгаварладаг гэх хардалтыг улам баталгаажуулав бололтой.  Өмнө нь байнгын хорооны гишүүдийн хуваарилалт шог байна хэмээн гомдоллодог байсан МАН-ын бүлгийн гишүүд одоо хуулийн төслөөсөө болж муудалцаж эхэллээ. Эрх баригчдын боловсруулсан хуулийн төсөл хэдхэн хоногийн дотор батлагдаж байхад бусад намуудынх нь чимээ сураггүй. Өршөөлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард багтаан батална гэж хуулийн төслийг санаачлагчид сэтгүүлчдэд мэдэгдэж байсан ч одоог хүртэл таг чиг хэвээрээ байна. 
 


Ц.Оюунтунгалаг