Хэрэгжүүлдэг бол манай улс Үндсэн хуулийнхаа дараа орж мэдэх нэг сайн хуультай гэх үгийг нэлээд хэдэн эдийн засагчийн ярианаас сонсож байснаа санаж байна. 

Тэр нь бидний хэлдгээр хөрөнгө оруулалтын буюу Тогтвортой байдлын гэрээ. Манайх шиг  хууль эрх зүйн орчин нь тогтворгүй улсад энэ гэрээ угтаа бол хөрөнгө оруулагчдыг алдахгүй барина гэдэг утгаараа эерэг нөлөөтэй ч харамсалтай нь уг гэрээг дагасан маргаан, авлига газар авсаар байгаа нь хуулийг гууль болгож байгаагийн тод томруун жишээ болсон талаар учир мэдэх нь халаглаж сууна.

Хэрэв гэрээний нөхцөлөөр хоёр тал урт хугацаандаа адилхан ашигтай байх боломжийг хангаж чадвал юун урт нэртэй хууль. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын хөрсөн дээрээ байдал урам хугалсан өнгө аясаар дүүрсэн нь манайд өмнө нь хийсэн тогтвортой байдлын гэрээ нь нэг талын захиалга давамгайлсан байдалтай байсныг албаныхан нуудаггүй. 

Ямартаа л УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр одоогоос таван жилийн өмнө “Бороо гоулд”-ын тогтвортой байдлын гэрээ “хоёр толгой” ашиглахын өмнөх сургамж болох учиртай гэж ярьсан байхав. Тиймдээ ч уг гэрээний талаарх ойлголт 10 жилийн өмнө ард түмэнд хаалттай, нууц байлаа. Тийм гэрээ байдгийг, ямар ач тустайг олон нийт мэддэггүй байв. 

Энэ мэт олонд танил биш, өгөөж муутай хуулиуд төрсөн нь  2006 он. Үүнээс хойш уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн ч томоохон хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, долоон жилийн дотор дөрвөн хууль батлагджээ. Хууль батлагдаж болно. Гагцхүү хэрэгжих механизм, хүрээ нь тодорхой байх ёстой гэж хөрөнгө оруулагчид учирладаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд батлагдсан хуулиудын ихэнх нь “Батлагдсан” гэх нэртэй, яаж, хэзээ хэрэгжүүлэх нь тодорхойгүй. 

Үүний хамгийн энгийн жишээ 2009 онд батлагдсан “Урт нэртэй” гэгдэх хууль. Түүнчлэн 2012 оны сонгуулийн өмнө гэнэт батлагдсан “Урт нэртэй хоёр дахь хууль” буюу стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд байв. Үүнээс гадна 2011 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр ярьж эхэлсэн нь мөн л тодорхойгүй байдлыг үүсгэсэн юм.

Энэ мэтээр сүүлийн жилүүдэд улстөрчид Монгол руу чиглэж байсан хөрөнгө оруулалтыг үргээчихсэн. Харин одоо эргээд “Манайд ирээч” хэмээн даллаж байна. Яг л 90-ээд оны эхэн үе шиг. Тэгвэл өгөөжгүй энэ хуулийг эргэж харъя гэсэн яриа саарал ордноос цуурайлж эхэлсэн. Манай улсыг хөрөнгө оруулагчид орхин явж, нүүрээ буруулах болсон нь бүхэнд ил боллоо. Өнгөрөгч оны эхний хагас жилд Монгол Улсад ердөө 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн бол хөрөнгө оруулалт 2013 онд 43 хувиар буурсан зэрэг статистикийн муу тоонууд нотолно. 

Тэгэхээр Тогтвортой байдлын тухай хууль гууль болсныг гагц өнөөдөр ч биш  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” зэрэг компани Монголын Засгийн газартай хамтрахаар дээрх гэрээг байгуулсан ч нэлээд хэл амтайхан маргаан, авлигын хэргүүдийг өдөөж байснаар нь хөөж мэддэг болсон гэчихвэл буруутахгүй болов уу. 

Ёстой л Монголын хууль мөнгөтэй харийнхны хөлд томдсон гутал шиг яайжганаж холхиноод хөрөнгө оруулагчдад газрын хэвлий дэх баялгаа үнэлж, чадахгүй найр тавьж байсан нь өдгөө ч хэвээр. Уул уурхай, эрдэс баялгийн салбараа хэтийн хөгжлийн хөшүүрэг гэж харж эхэлсэн ойрмогхоны өдрүүдээс л манайхан баялгийнхаа үнэ цэнийг мэдэрч, гаднынхныг гуйж биш, гуйлгаж хөрөнгө оруулдаг болсноо зарлах болсон ч тус гэрээнийхээ заалтыг бүрэн мөрдөөгүйгээс харийнханд молгидуулсаар дуусдаг бараан түүхтэй улс аа, бид. Хөрөнгө оруулалтын асуудал яригдахаар хуультай хэрнээ манайхан хулхидуулсаар дуусдагийн гол зангилаа нь  хуулиа дагахаасаа урьтаж хөрөнгө хардаг байдал нь нөлөөлдөг гэдгийг учир мэдэх нэг нь тайлбарладаг. Уг нь бол Тогтвортой байдлын гэрээ нь Монгол улсын Татварын ерөнхий хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд татвараас чөлөөлдөг, хөнгөлөлт үзүүлдэг гэрээ биш, гагцхүү хуулийн дагуу олгосон эрх үүргийг тогтворжуулдаг гэрээ юм.

Тэгвэл доорх асуудлыг тусгаснаар энэ хууль төгс болно гэж Засгийн эрх баригчид үзэж байна.  

-Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох
-Одоогийн эрх зүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт 1/эрдэс баялаг 2/банк, санхүү 3/хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх
-Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилж, хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байх
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах
-Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах агентлагийг байгуулахаар тус тус тусгажээ.

Юутай ч зугатан одсон хөрөнгө оруулагчдыг эргүүлэн тогтооно гэж найдаж буй дээрх заалт бүхий шинэчилсэн хуулиа чамлахаар чанга атгачихвал Тогтвортой байдлын гэрээ Монголчуудад өгөөжөө өгөх бүрэн боломжтой юм гэсэн шүү. Энэхүү хуулийн дагуу гэрээлсэн цөөнгүй компаниудаас дурьдвал, 

Хятадын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компани. Их Британи улсын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд”, ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Востокнефтегаз”, Хятадын хөрөнгө оруулалттай “Зам интернэшнл”, Хятадын “CEIT” компанийн хөрөнгө оруулалттай “Монголиамийд эйшия интернейшнл”,  Канадын хөрөнгө оруулалттай “Бумбат” компани, Солонгосын хөрөнгө оруулалттай “Скайтел”, Японы хөрөнгө оруулалттай “Эрин интернэшнл”, Хятадын хөрөнгө оруулалттай “Чин-Хуа-Мак-Нарийн сухайт” компани хэмээн хөвөрч байна.  Эдгээрээс хамгийн ихээр чих халууцуулдаг нь Бороогийн алтны уурхай, “Цайрт минерал”, Нарийн сухайтын нүүрсний уурхайн орд газрууд болно. Монгол улсын томоохон орд газар, гол гол салбаруудыг гартаа атгаж, тогтвортой байдлын гэрээнд хамрагдсан компаниуд одоогийн байдлаар гарын арван хуруунд багтаж байгаа ч уул уурхайн компаниудын хувьд гэрээнийхээ хугацаанд Монголыг хэдэн зуун жилээр тэжээх нөөцтэй гэгддэг газрын баялгийг маань тогтвортой байдлын гэрээг болиулна, болиулахгүй, шинэчилнэ, үгүй гэж өдөр шөнөгүй хэрэлдэж байх хооронд өдөр шөнөгүй ажиллаж байгаад аваад явчих боломж нэгэнт бүрдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.

М.Мөнхтунгалаг