УИХ-ын намрын чуулганы хуралдаан хаалтаа хийсэн. Хаврын чуулганаар хамгийн эхний хэлэлцэх асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “давхар дээл”-ийн төслийг  хэлэлцүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн.

Тэгвэл сайд нарыг "давхар дээл"-ээ тайлж чадах болов уу гэх хүлээлт үүсээд байгаа гэхэд болно. УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед АН- ын бүлэг "Намын бүлгүүд энэ асуудлаар байр сууриа нэгтгээгүй байна" гэсэн тайлбартайгаар завсарлага авчихсан юм. Харин энэ үеэр нь намрын чуулган хаалтаа хийсэн. Ямартай ч энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж нэг мөр болон нь тодорхой. 

Тэдний давхар дээлийг тайлуулах гээд буй шалтгаан нь ирцийн асуудал болоод байгаа юм. Үүнээс ч илүүтэйгээр сайд нарын "давхар дээл"-ийг нь тайлчихвал улстөрийн хор найруулах хүрээ нь багасч, эрх мэдэл, хөрөнгө санхүү захиран зарцуулах эрх нь хумигдаж тэр хэрээр идэж уух нь багасах юм. Энэ бол эл, далд байдаг асуудал үүнийг нь болиулах үүднээс Ерөнхийлөгч "Давхар дээл"-ийг нь тайлуулах гээд буй биз ээ. Тэгээд ч өөрийн санаачилсан хуулиа өөрөө батлаад, өөрөө өөртөө хяналт тавьдаг гаж зарчим Монгол улсаас өөр хаана ч байдаггүй. Хэдийгээр цөөнгүй УИХ- ын гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаа талаараа өөрсдийн байр сууриа илэрхийлээл  байгаа ч хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг дээр мөн л эргэлзэж эхэлсэн. МАН-ын бүлгийнхэн буюу сөрөг хүчний зүгээс "одоогийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн. Нэгэнт том төрөөс ухаалаг төр рүү явахын тулд УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтын алдааг тун яаралтай засах ёстой. Тиймээс хуулийг батлаад ирэх долоодугаар сараас мөрдвөл АН асуудлаа дотроо шийдэх учиртай" гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл давхар дээлтнүүдийг дан болгох асуудлыг "түргэн" шийдчихье хэмээж байгаа улс. Зарим нэгэн ч тийм амархан "давхар дээл"-ээсээ салчихгүй байх. Сайтар давхарласан дээлээ тайлахгүй хэмээн үзэлцэх нь дамжиггүй.

Гэхдээ тэд тайлж л таараа. Үүний учир нь  эрхэм сайдууд байнгын хорооны хуралдаанд идэвхгүй оролцдог. Үүнийг батлах баримт ч дэлгэгдчихлээ. Хаврын чуулгандаа ирэхдээ сэтгэлээ засаад ирээрэй  "Дан дээл"-тэй явна шүү та нар минь.

Х.Даваа