Манай улсын гурван аймгийн 11 суманд малын шүлхий өвчин гарч хөл хорио тогтоогоод байгаа.  Улмаар өвчилсөн малыг  устгалд оруулж байгаа.  Өөрөөр хэлбэл  өвчлөлийг дарах, хүн, малд халдаахгүй гэсэндээ  онцгой байдал зарлан ажиллаж байгаа. Тэгвэл энэ цаг үед ҮХААЯ-ны төрийн бичгийн дарга А.Золжаргал шүлхийгээр өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэх  “ухаалаг” санаа гаргав.

Тэрбээр  Улс төрийн тойм сонинд өгсөн ярилцлагадаа “...Шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Мөн устгах хэрэгтэй. Устгана гэдэг нь газар бул гэсэн үг биш. Энэ төрлийн халдварт өвчий онцлог нь хүнд халддаггүй. Шүлхийгээр өвчилсөн малын махыг дулааны боловсоруулалт хийж, хүнсэнд хэрэглэж болно. Халдварт өвчнөөр  өвчилсөн малыг бусад улсууд хүнсэнд хэрэглэдэг шүү дээ.  Гагцхүү бидэнд халдвар тараахгүйгээр шүлхийгээр өвчилсөн малыг  эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бололцоо байна. Шүлхийтэй малаа “Мах комбинат” руу зөөх юм бол  замд нь халдварын голомт үүсэх магадлалтай  эхний ээлжинд газар дээр нь устгаж байна. Хэрвээ тухайн өвчилсөн малыг  тээвэрлэхгүйгээр өвчний голомттой газарт төхөөрвөл эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ тухайн өвчилсөн малын толгой, хүзүүн хэсгийг заавал устгах хэрэгтэй. Харин үлдсэн хэсгийг лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт ашиглаж болно... ” гэж ярьсан байна.  Өөрөөр хэлбэл шүлхий өвчин хүнд халддаггүй болохоор сайтар ариутгаад  хэрэглэх хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.  

Тэгвэл шүлхий өвчин нь хүн, малд халддаг өвчин. Тодруулбал шүлхий өвчин богино хугацаанд өргөн уудам нутаг, улс, тивийг хамран тархаж, олон төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдыг өвчлүүлдэг, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт, вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм. Гай нь таарвал хэн ч шүлхийгээр өвдөж болзошгүй бөгөөд хүн өөрөө шүлхийн вирусийг мал амьтанд дамжуулан тараагч эх сурвалж болдог. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43%-ийг хүн дамжуулан тараадаг нь тогтоогджээ.

Хүний шүлхийгээр өвчилсөн тохиолдолд бага зэрэг халуурч, томуу өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байгаад гарын арьс, амны салт бүрхэвч дээр цэврүү гарч эхэлдэг. Хэрэв арьс болон амны салт бүрхэвч дээр гарсан цэврүү идээлэхгүй бол өвчин хоёр долоо хоног болоод бүрэн эдгэрч, өвчтөнд тогтвортой дархлал тогтдог нь батлагдсан байдаг.

Шүлхийгээр өвчилсөн хүмүүсийн  65% нь халдвартай малын сүү ууснаас, 1% нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34% нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогдсон байгаа юм.  
 

Тэгэхээр ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга  ажлаа сайн мэдэхгүй болоод ингэж хэлэв үү?  Эсвэл зоосны нүхээр хорвоог хараад байна уу? гэдгийг бодох асуудал тулгараад байна.  

Манай улсын  хувьд  шүлхийгээр өвчилсөн малыг устгадаг. Устгахдаа нэг бол газарт булна, эсвэл  шатаадаг. Энэ нь өвчин тархахгүй байх хамгийн хямд өртөгтэй ажиллагаа. Үүнээс өөр аргууд нь үнэтэй бөгөөд тэдгээр   аргыг нь хэрэглэж чадахгүй, нөгөө талаас хэзээ мөдгүй хугацаа нь дуусах гэж байгаа вакцин хэрэглэж байгаа манай улсад үүнийг хэрэгжүүлбэл асар олон хүний эсэргүүцэлтэй тулгарна.  

Монголчууд хэзээ ч  өвчтэй малын махыг  билэгдэл, сэжиг, сүжгээ бодоод хэрэглэх нь юу л бол.  

Тиймээс шүлхий хүнд халдаггүй хэмээн “тархи угаах” гэж байгаа үйлдлээ таслан зогсоо!!!

А.Баярмаа