Тусгай зөвшөөрөлгүй Солонгос эмч нар Монголчуудад үзлэг, оношлогоо хийж байжээ
2014/02/23
Хүн ардын эрүүл мэнд улс орны Үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тэгвэл өнөөдөр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн гол хүчин зүйл болох эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээх болоод байгаа билээ.
Монголчуудын эрүүл мэнд улам дордож, өвчлөлт нэмэгдэж буй талаар эрдэмтэд байнга ярьдаг. Мөн улсын эмнэлэгүүд ч үйлчлүүлэгчдийнхээ ачааллыг дийлэхээ байсан тухай өдөр бүр хэвлэлийн хуудаснаас унших болоод байна. Үүнтэй зэрэгцэн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гадна дотны хувийн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд ч нэлээдгүй олшроод байгаа юм. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр эрүүл мэндийн үйлчилгээ мөнгө олох хэрэгсэл болгосон хувийн эмнэлгүүд ч олширч буй.
Монголчууд бид гадны эмч, мэргэжилтнүүд л найдвартай, өвчнөөс минь салгаад өгнө гэсэн өрөөсгөл ойлголттой. Тэгвэл Монголд хүний өвчнийг мөнгө олох хэрэгсэл л болгочихоод байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон эмч нар үйл ажиллагаагаа явуулаад эхэлж ээ. Тэднээс болгоомжил хэмээн захимаар байна. Үгүйдээ л бид тухайн эмнэлэг, эмч нар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нягталчихаж байхад гэмгүй гэдгийг сануулах нь зөв биз.
Саяхан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар хамтран шалгалт хийж, зориулалтын бус газарт Монгол иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан Солонгос иргэдийг илрүүлсэн байна. Тэдгээр иргэд нь эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр МУ-д орж ирэн оффисын өрөөнд үзлэг хийж байжээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээгээ амралтын өдрүүдэд хийж байсан аж. Жуулчны визээр орж ирэн МУ-ын иргэдэд амралтын өдрүүдээр үйлчилгээ үзүүлж байсан Солонгос Улсын “Есанг Самсунг” эмнэлгийнхний эрүүл мэндийн үзлэг оношлогоог холбогдох албанаас зогсоосон байна.
Өдөр тутмын нэгэн хэвлэлээр амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22-23-ны өдрүүдэд үе мөчний үзлэг оношлогоо хийнэ гэсэн ярилцлага гарснаар 150 гаруй хүн үзүүлэхээр дугаар авсан байна. Тус эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо, эмчилгээ зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг урин авчирч амралтын өдрүүдээр Монгол иргэдэд үзлэг хийж байжээ.
Батлагдсан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын Хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарсан шалгалт хийсэн байна. Шалгалтаар гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийг үндэслэн солонгос иргэдийн бичиг баримтанд үзлэг хийхэд тэдгээр хүмүүс жуулчин ангиллын 90 хоногийн визтэй Монгол Улсын хилээр орж ирж үзлэг оношлогоо хийж байсан, эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй зэрэг Монгол Улсын хуулийг зөрчсөн хэд хэдэн зөрчил илэрсэн аж. Иймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группын байрны таван давхар, 502 тоотод хийж байгаа үе мөчний үзлэг оношлогоог зогсоожээ. Кэй Эс Эн ХХК-ийн захирал Д.Нармандах нь эдгээр солонгос иргэдийг танилцуулахдаа эмч, сувилагч, аж ахуйн дарга, ерөнхий нягтлан гэсэн байна.
Магадгүй иргэд зөвшөөрөлгүй, баталгаагүй газраас үйлчлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ аваад хохирсон тохиолдолд буух эзэн, буцах хаяггүй хохироод үлдэж болох талтай. Тиймээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар үйлчлүүлэхдээ тусгай зөвшөөрөлтэй эсэх, зориулалтын эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулдаг эсэх, мөн эмчийн бичиг баримттай танилцаж байх нь зөв биз ээ. Ингэснээр та бид өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас хамгаалж байгаа юм.
Түүнчлэн хууль бусаар, мөнгө олох зорилгоор иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй, тусгай зөвшөөрөлгүй газруудыг орон байраар хангаж буй газрууд ч анхаарах нь зүйн хэрэг болов уу. Үгүйдээ л түрээсийн байраар хангахдаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бий эсэхэд хяналт тавьчихад нээх их буруудаад байхгүй биз.
Монголчууд бидний ашиг л болж байвал бусад нь ямар хамаа байх вэ гэсэн аминчхан бодлыг гадныхан овжноор ашиглаж, эцэстээ бидний эрүүл мэндээр тоглохыг хэн байг гэх вэ. Тиймээс иргэд гадны эмч, гадныхан л найдвартай гэсэн хэт туйлширсан бодлоо орхиож, ул суурьтайхан шиг асуудалд хандаж байвал зүгээрсэн.
Н.Чинзориг