“Барилгын компаниуд иргэдийг эрх зүйн мэдлэггүйг ашиглан хохироож байна”
2014/02/23
Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байгааг чадмаг ашиглан барилгын компаниуд орон сууц захиалсан талбайгаас нь хумсалж хохироосон үйлдэл өнгөрсөн хугацаанд гарч олон нийтийн анхаарлыг татсан юм.
Иргэдийг хохироож буй барилгын компаниудыг Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран шалгаж юм. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим асуултад хариулт авлаа.
--Орон сууц худалдан авах гэрээ байгуулахдаа иргэд хайхрамжгүй хандснаас үүдэн хохирсон тохиолдол нь цөөнгүй гарсан гэсэн мэдээлэл байна. Яг тодруулбал?
-Иргэдийн эрх зүйн мэдлэг тааруу байгааг ашиглан барилгын компаниуд орон сууц худалдан авах гэрээ байгуулахдаа төөрөгдүүлсэн ийм асуудал гарсан. Тухайлбайл, “Тайгам Алтай” компани гэрээ байгуулахдаа 45 болон 48 ам метр гэж хоёр өөр хэмжээ бичсэн.
Үүнийгээ 45 нь стандарт хэмжээ, 48 нь манай компанийн стандарт гэж тайлбарлаад 48 ам метрээр тооцон, мөнгөө авсан. Гэтэл байрны гэрчилгээ гараад иртэл 48 биш 45 ам метр гээд бичсэн байх жишээтэй.
-Гэрээн дээр нь хоёр өөр хэмжээ биччихсэн байхад иргэд яагаад анзаараагүй юм бол?
-Иргэд анзааралгүй, хайнга хандаж гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол ч бий. Эргээд барилгын компанидаа хандаад, “Манай байрны талбайн хэмжээ дутуу байна” гэхэд “Чи гэрээг зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан. Одоо юу яриад байгаа юм” гээд бүх асуудлаа хуулийн хүрээнд болгочихож байгаа юм.
-Өөр иргэдийг ямар арга хэрэглэж гэрээ байгуулж хохироосон байх юм?
-“Асар порпертиз” ХХК худалдан авагчидтай хоёр удаа гэрээ байгуулсан байна лээ.
Ашиглалтад оруулах ёстой хугацаанаасаа зургаан сарын дараа оруулсан. Төлбөрөө 30, 30, 30, 10 хувиар дөрөв хувааж авсан. Худалдан авагчаас мөнгөө авч дууссаны дараа “Гэрээгээ шинэчилж байгуулна. Танай байрны дугаар 101 биш юм байна. Хот төлөвлөлтийн газар байрныхаа дугаарыг соль гэсэн. Тиймээс гэрээгээ шинээр хийе” гэсэн байгаа юм. Эсвэл гудамжны нэрийг гэрээндээ буруу бичих арга хэрэглэсэн. Гэрээгээ сольж, шинээр байгуулахгүй гэхээр “Тэгвэл больчих. Мөнгийг чинь буцааж өгье. Байраа буцаавал үнийн дүнгийн 10 хувийг суутгана. Та 2.1 саяар авсан, одоо манай байрны нэг ам метр талбайн үнэ 2.4 сая болсон” гэдэг. Ингэж шахаанд оруулахаар тухайн хүн яаж байраа буцаах юм бэ. Гэрээгээ сольж л таарна биз дээ. Сольж, шинээр байгуулсан гэрээн дээр нь байрны талбайн хэмжээ заагаагүй байсан. Анхны гэрээн дээр байрны талбайн хэмжээг заасан хэрнээ шинэ гэрээн дээр тийм тоо байхгүй. Ингэхээр шүүхээр заргалдаад ч нэмэргүй. Хэрэв иргэд орон сууц худалдан авах гэрээ байгуулахдаа эрх зүйн мэдлэгтэй, гэрээ сайн судалж байгуулсан бол ийм асуудал үүсэхгүй.
У.Мичид
Зочин · 2014/02/24
Дээр нь банк гэж шулаач гарсан байна. Зээлийн хүүг тооцох арга нь бүрхэг, яаж бодож байгаа нь ойлгогдохгүй, сонин л юм байна лээ. Зээлийн гэрээнд зассанаасаа илүү хувиар тооцсон байгаа.