Швед профессор өөрийн шавиа Исламын улс бүлэглэлээс аварсан гайхалтай түүх
2019/03/01
2014 онд Шведийн Лунд их сургуульд Тюрнер гэх профессорын удирдлага дор докторын ажлаа гүйцэтгэж байсан Фирас Жумахд гэх нэгэн Ирак оюутны утсанд аймшигтай мессеж ирсэн байна. Түүний эхнэр болон хоёр хүүхэд нь Иракийн өмнөд нутгийн нэгэн тосгонд амьдардаг байсан бөгөөд Исламын улс бүлэглэлийнхэн тэдний тосгоныг бүрэн эзэлсэн аж. Хөрш тосгонд нь Исламын улсын дайчид үндэстний цөөнх болсон эрчүүдийг хядаж эмэгтэйчүүдийг нь боол болгож байгаа тухайн эхнэр нь түүнд хэлжээ. Жумах тэр мессежийг авсан даруйдаа эх орон уруугаа буцах онгоцонд суусан байна.
Тэрээр хэлэхдээ “би эхний онгоцоор л Ирак явсан, гэр бүлд минь ямар ч зовлон тохиолдсон бай би тэдэнтэй хүнд үед хамт байх үүрэгтэй” хэмээн хожим хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Иракт очсон даруйдаа тэрээр гэр бүлийнхэнтэйгээ уулзан хуучны орхигдсон үйлдвэрийн барилгад нуугдан Исламын улсын эзэлсэн нутгаас хэрхэн эсэн мэнд зугтах талаар төлөвлөгөө боловсруулан суужээ. Мөн энэ үеэр өөрийнхөө профессор уруу мессеж бичиж “өөрийнх нь хийж буй докторын ажил энд ирээд ингээд дуусаж байна, эрдмийн зэргээ хамгаалах ч ингээд өнгөрлөө” хэмээн ойлгуулсан байна. Харин тэрээр багшаасаа огт уг мессежиндээ тусламж хүссэн зүйл бичээгүй байжээ.
Гэвч уг мессежийг авсан багш болж буй бүхэнтэй эвлэрч суухыг хүсээгүй бөгөөд Исламын улсын террористууд өөрийнх нь орон зайд нэвтэрч шавийг нь эрдэм номын ажлаас нь буцах хүртэл нөлөөлж өөрийнх нь судалгааны ажлыг ч зогсоож байгаа тул ихэд уур нь хүрч сургуулийнхаа хамгаалалтын албаны ажилтантай уулзаж ярилцсан байна. Тэд хамтдаа хэсэг хугацаанд ярилцан төлөвлөгөө боловсруулсан бөгөөд хамгаалалтын ажилтны боловсруулсан төлөвлөгөөний дагуу хувийн цэрэг нийлүүлдэг хууль ёсны компаниас тусгай бэлтгэгдсэн дөрвөн дайчин өөрсдийн хөрөнгөөр хөлслөн тэднийг бүрэн зэвсэглээд Ирак уруу илгээсэн байна. Тэд хэдхэн хоногийн дотор Жумахыг гэр бүлийнх нь хамт олж улмаар Исламын улсын хяналтад ороогүй бүс нутаг уруу аюулгүй хүргэж өгөн онгоцонд суулган Швед уруу нисгэсэн аж. Ийнхүү Швед профессор өөрийн шавь болон түүний гэр бүлийг нь аюулаас аварсан юм.