Татварын багц хууль: Шинэчилсэн хуулийн найруулгатай танилц
2019/03/26
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар өнгөрөгч Баасан гаригт баталсан юм. Багц хуульд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга багтсан.
-Татварын өр төлөх хугацаа хоёр cap байгааг 24 болгон, илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгох эрх зүйн орчин бүрдэв.
-Татварын ерөнхий хууль нь татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэхэд чиглэж байна. Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжүүд татварын өр төлөх хугацааг хоёр сараар тогтоосон.
Харин шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагын санхүүгийн асуудалд тулгамдсан асуудалтай уялдуулан 2 жил хүртэлх хугацаанд татварын өр төлөх хугацааг сунгав.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх зорилготой юм. Одоогийн хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсан бөгөөд энэ хугацаанд манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхжиж байгаа гэв. Иймд хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа зэрэг татварын олон харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм.
-Шинэчилсэн найруулгын төсөлд 50-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 1 хувь, 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлөөд 9 хувийг нь буцаан авдаг байх зохицуулалт тусгасан юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн орлогынхоо 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болно.
-Улаанбаатар хотоос 500 км-ээс хол орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчид 50 хувь, 1000 км болон түүнээс хол бол 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх заалт оруулсан. Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр татварын мэдээллийн санд 11 оронтой дугаартай болох бөгөөд ингэснээр хувь хүний орлогыг тогтоох, татвар хураах болон буцаан олголтыг цахимаар хийх боломжийг бүрдүүлэхээр уг хууль батлагдлаа.
Мөн тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15, гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг тав, банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгож, X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөг тогтмол татвар байдлаар төлөхөөр хуульчлав. Түүнчлэн давхар татварын гэрээтэй, эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцохоор болж байгаа юм.
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын нэр төрөл, ангилал тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгосноор хуулийн хэрэгжилтийг нэг мөр, аливаа хийдэлгүй хангах боломж бүрдэх зэрэг олон шинэ зохицуулалтууд хэрэгжиж эхлэх юм.