Сүхбаатар дүүргийнхэн тамхидалтын эсрэг нэгдлээ
2013/03/27
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар ажилтан албан хаагчиддаа 7 хоног бүр ‘’Мэдээллийн цаг’’-аар шинэ мэдээлэл хүргэдэг. Энэ удаа “Тамхины хяналтын тухай” Монгол Улсын хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн нэгдэлтэй хамтарч “Тамхидалт-Таны эрүүл мэндэд” сэдвээр сургалт зохион байгуулж, Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид оролцсон юм.
Сургалтаар тамхи хүний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлэх хор нөлөө, дам тамхидалт, тамхигүй орчин, тамхинаас гарах арга замын талаар мэдээлэл хийлээ. Ойролцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 1/3 буюу 1,1 миллиард хүн тамхи татдаг бөгөөд тамхины хэрэглээ нь эр-47%, эм-12% Хөгжиж буй орнуудад эр-48%, эм-7% Хөгжингүй орнууд эр-42%, эм-24% гэсэн дүн гарчээ.
2010 оны судалгаагаар өсвөр үеийнхний 23,3% нь тамхи татдаг бөгөөд тэдний ихэнх нь 12-15 насандаа анх тамхи татаж эхэлсэн байна. Тамхи татаж байгаа хүний утаанд хажуу ойрын хүмүүс хордох байдлыг дам тамхидалт гэх бөгөөд тамхины утааны 20% татаж буй хүнийг, 80% нь орчны хүмүүсийг хордуулдаг аж.
Тамхичинтай хамт амьдардаг гэр бүл, хамт олон төдийгүй ресторан, баар, үзвэр үйлчилгээний газар, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон нийтэд үйлчилдэг газруудад дам тамхидалтанд өртдөг байна. Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг. Дэлхийд 10 секунд тутамд 1 хүн тамхины улмаас нас бардаг байна
Энэ сургалтанд хамрагдсанаар албан хаагчид тамхины хор хөнөөлийн талаар илүү мэдээлэлтэй болж, тамхи татахын эсрэг нэгдэж чадлаа.