Улаанбаатар хот өргөжин тэлж байгаа. Завсар зайгүй барилгажиж байна. Гэвч олон нийтийн ариун цэврийн газаргүйгээс булан тохойд хүний өтгөн, шингэн овойж хөлдсөн харагдана. Урин цаг ирж байгаа учраас удахгүй хайлж орчин тойрноо бохирдуулах байх. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл.

Үүнийг ярихаар "Хөдөөнийхөн хотод хэт их ирж дураараа бие засан бузарлаж байна. Нүүдэлчдийн хаа хамаагүй зан араншин" гэх зэргээр цэмцэгэрхсэн юм хэлцгээдэг. Үнэндээ бол Улаанбаатарт нийтийн бие засах газар учир дутагдалтай.

"City toilet" хэмээх хэдэн нийтийн ариун цэврийн газар барьсан ч зарим нь ажилладаггүй. Оройн цагаар хаалттай байдаг. Шинэ жил, наадам зэрэг баяр ёслолоор иргэдийг урт дараалалд зогсоодог нь тийм газрууд шүү дээ. Ийм байхад ил задгай бие засахгүй хэн байх билээ.

Харин саяхан Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар нийтийн үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг үнэ төлбөргүй болголоо гэж зарласан. Хүмүүс энэ мэдээг хараад "Өө ашгүй дээ" гэлцэж байв. Гэвч өдийг хүртэл үнэ төлбөргүй хүн оруулаад байгаа газар алга байгаа юм билээ ш дээ. Харин төлбөртэй үйлчлэхээ бол больсон байна лээ.

Албан байгууллага гадны хүн оруулахгүй, уушийн газрууд нь юм авахыг шаарддаг. "Суугаагүй хүнд үйлчлэхгүй. Та нэг пиво авчихбал яахав ор" гэх маягаар хандаж байна. Өмнө нь бие засах гээд тэвдэж сандарсан хүн аль нэг газар ороод 200 төгрөг өгч гуйгаад ариун цэврийн өрөөнд нь ордог байсан нь больчихлоо.

"Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон" шийдвэрээс болж одоо энэ тэндэх булан тохой бараадаж байна. Шийдвэр, захирамж, журам гаргадаг төрийн захиргааны байгууллага олон ч түүнийгээ мөрдүүлэх ажил хийдэггүйгээс нь иргэдийг улам л хэцүү байдалд оруулж байгаагийн жишээ энэ.

Ж.Энх

Эх сурвалж: