Цаазын ялыг сэргээх нь зөв үү, буруу юу

-Ийм нийгмийг, эрэмдэг зэрэмдэг ирээдүйг бид хүсээгүй-

 

Нийгэм нэг л бишээ, нийтээрээ болж бүтэж байгаа зүйл алга, аймшигтай цаг үед амьдарч байна гэж халаглаж бас харуусч харамсаж, хүний зовлон дээр шаагилдахаас өөр юуг ч хийж чадахгүй байна.

Томчууд бидний тоомжиргүй, хайхрамжгүй хайргүй сэтгэлгүй байдлаас болж цэцэг цэврүү шиг бяцхан үрс минь хүчирхийллийн золиос болж хохироод байна. Бяцхан охид хүчирхийлэлд өртөж эрэмдэг зэрэмдэг болох хэрэг бараг өдөр тутамд гарч байгаа нь эмгэнэлтэй.

Энхрийлж хайрлаж өсгөсөн эмзэг турьхан охидыг минь бузарлаж аймшигтайгаар “алж” байхад ардчилсан нийгэмд хүний эрх ярих нь хэр зохимжтой юм бэ.

Сүүлийн үед нийгэмд хар бараан аймшигтай мэдээллүүд шил шилээ даран гарлаа.  Нийгмийн сүлжээнд гарсан мэдээллийг нийтээрээ дагаж сенсааци хөөдөг болжээ.

Хамгийн сүүлд гэхэд 4-6 насны хоёр хүүг хойд эцэг нь гурав хоног яргачилж тамлажээ. Зодуурын улмаас 4 настай хүүд эрүүл эрхтэн гэж бараг байхгүй болов. Азтай, алтан гартай эмч нарын буянаар амьд үлдсэн ч насан туршийн асаргааны нэгэн болов. Нялх хүүг дөнгөлөөд гурав хоног хоол ундгүй тарчлан зовоосон байхыг хэн харж тэсч тэвчих вэ.
Гэрийнхээ ойролцоо тоглоомын талбай дээр тоглож байсан охиныг хууран мэхэлж дагуулж яваад улмаар хүчирхийлж, амийг нь хохироож ул мөрөө баллахын тулд ууланд цогцсыг нь булсан байна.  

11 настай охины хоолойд хутга тулгаж, зүй бусаар хүчирхийлж биед нь хүнд гэмтэл учруулчихаад зугтаасан байх.

Хайртай гэх залуу нь хардалтын улмаас 13 давхраас айлын энхрий охиныг аваад шидчихсэн байх жишээний.  

Ийм муухай бузар булай бугшсан, гаж донтнууд элбэгшсэн энэ нийгэмд бид төрүүлж өсгөж, энхрийлж хайрласан үр хүүхдээ хаана нуух юм бэ. Ядуурал, архидалт, ажилгүйдлийн хар гайгаар сэтгэлгээний доройтолд орсон хүмүүсийг яалтай билээ. Яаж эмчилж, нийгмээ эрүүлжүүлэх юм бэ.

Бид сайн сайхан цаг үе нийгмийг хүссэн болохоос ийм муухай нийгмийг бидний ирээдүй хүсээгүй. Бага насны хүүхдийг хүчиндээд ууланд булдаг. Нялх хүүг дөнгөлөөд 3 хоног хоолгүй үхтэл нь зоддог адгууслаг араатан шинж чанараа ил гаргасан гаж донтнуудад хуулийн чанга хариуцлага хэрэгтэй байна.

Ийм аймшигт дүр зурагт ард иргэд бухимдаж байна. Аргаа барж Ерөнхийлөгчөө цаазын ялаа сэргээгээч. Хүүхэд хүчирхийлсэн бол шууд цаазалдаг байгаач. Хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд нь нүдээ нээгээч, чихээ онгойлгооч. Шат шатандаа хариуцлагатай байгаач ээ хэмээн хашгирч бачуурч байна.

Ард иргэд хүүхдийн эрхийн төлөө тэмцээд барахгүй. Дээгүүрээ сандал ширээ, албан тушаал булаацалдаж тэмцэлдэж байгаа төрийн эмгэнэл ч гэж хэлнэ дээ.

Хэчнээн хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох ёстой юм бэ. Яасан гэж бяцхан биедээ баймгүй тамлалыг амсах ёстой гэж.  Хүүхдийн эсрэг гэмт хэрэг гамшгийн хэмжээнд хүрсэн байхад эрх баригчид, хууль санаачлагчид, тэдний төлөө ажиллах чиг үүрэгтэй байгууллагууд нь дуугай суух нь хэр зохимжтой юм бол.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлддэг, тамладаг, яргачилдаг, хүчирхийлдэг хүмүүсийг төрийн бодлогоор шийтгэмээр байна. Хэн хүнгүй цаазал, дүүжил, тайган болго, хөнгөл гэж байна.  Гаж донгоо барьж дийлдэггүй хүчирхийлэгчдийг тариа хийгээд хөнгөлчихдөг болъё. Балмад этгээдүүдэд зэрэмдэглүүлсэн охидын өвдөлтийг тэд ч бас мэдрэг гэх.

Гэхдээ цаазын ялыг сэргээх нь хэр зөв шийдэл бэ. Цаазын ялын цаана гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихвий гэсэн болгоомжлол ч бий. Яг жинхэнэ гэмт этгээдийг олж шийтгээгүй байж, гэмгүй хүн хэлмэгдэх вий.
 
Уг нь бол цаазаар авах ялаа сэргээх биш соён гэгээрүүлэх салбараа л зөв бодлоготой болгоход анхаарах хэрэгтэй. Цаазын ялтай болоод гэмт хэргийн тоо буурсан гэж сонсоогүй. Номын сангийн тоогоо олон болгосон, соён гэгээрүүлэх газар нь ихэссэн газар л шоронгоо хааж, гэмт хэрэг гарахаа больсон гэж сонсож, уншиж байсан.

Нөгөө талаар энэ нийгэмд сэтгэлзүйчдийн үүрэг хэрэгцээ маш их хэрэгтэй байна. Мөнгөтэй боломжтой хүмүүст туслахаас гадна халааснаасаа 10000 төгрөг гаргаад сэтгэл зүйчид очиж чадахгүй байгаа олон нийтэд нэг ч гэсэн өдрийг зориулж үнэ төлбөргүй сэтгэлзүйн тусламж үйлчилгээ явуулдаг болмоор байна.
 
Хэн нэгэн сэтгэцийн өвчтэй хүний золиос нь хүүхэд болоод байна. Эрүүл хүн лав тийм аймшигтай яргалал тамлалыг бяцхан үрсэд үйлдэхгүй. Сэтгэл зүйч мэргэжилтэй хэн бүхэн жилдээ ядаж нэг өдрийг олон нийтийн сэтгэл зүйг эрүүлжүүлэхийн төлөө зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаасай хүсмээр.

Нөгөөтэйгүүр аав ээжүүд минь үр хүүхдээ л сайн хайрлаж зөв хүн болгохыг хичээгээрэй. Бид өнөөдөр бусдыг харааж зүхэж бол чадаж байгаа харин хүүгээ хайрлаж чадаж байгаа юу, хайраар дутуу өсгөсний ачаар өнөөдрийн үзэн ядаж байгаа нөхдүүд шиг үйлдлийг хийхгүй гэх баталгаагүй шүү дээ.

Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналт, хайр халамж сайн байвал таны хүүхэд магадгүй ирээдүйд сайн хүн болохоос саар нэгэн болж нийгэмд хор уршиг тарихгүй дээ.  

 

О.Гэрэл
Оллоо.mn