Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон уламжлал тогтсон. Энэ жил дэлхий даяар “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө-Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль” сэдвийн хүрээнд тэмдэглэж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг билээ.

Хэвлэлийн эрх чөлөө ба үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний нэгдэл нь уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэвлэлийн эрх чөлөөг урьд байгаагүй шинэ түвшинд хүргэх замыг нээсээр байна. Харин Монголын сэтгүүлчдийн хувьд мэдээллэх үүргээ гүйцэтгэсний хувьд сүүлийн жилүүдэд дарамт шахалтад өртөх нь ихэслээ. Энэ талаар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшл төв”-тэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг хийснээс тод харагдаж байна. 

 

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг цахим аюулгүй байдал, заналхийлэл, сүрдүүлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт олон шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Эдгээрээс сэтгүүлчид утсаар дарамт, заналхийлэлд өртөх тохиолдол их байна.

 

 

Орон нутаг, нийслэлийн 300 гаруй сэтгүүлч. Туршлагын хувьд залуу болон олон жил ажилласан орон нутаг, нийслэлийн 300 гаруй сэтгүүлчдийн аль алиных нь төлөөллийг судалгаанд хамруулжээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалын салшгүй хэсэг юм. Тиймээс хэвлэл мэдээлэл үйл ажиллагаа явуулахын тулд тусгай хамгаалалтад байх учиртай. Үүнээс үндэслэн сэтгүүлчид олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхдээ чөлөөтэй аюулгүй байх юм гэдгийг судалгааны багийнхан онцлов.

Бичсэн нийтлэл, нэвтрүүлэг олон нийтэд түгээсэн мэдээллээсээ болж дарамт, сүрдүүлэгт өртөх байдал нэг сэтгүүлчид дунджаар 3-4 удаа тохиолддог ажээ. Улсын хэмжээнд 300 гаруй сэтгүүлчдийг хамруулсан судалгааны үр дүн эрсдэлтэй гарсан байна. Хоёр сэтгүүлч тутмын нэгнийх нь аюулгүй байдал алдагдаж байгаа бөгөөд мэдээлэл өгөхөөс татгалзсан, мэдээлэл олж авах түгээхэд саад болсон гэж 74 хувь, сүрдүүлсэн заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг нь дарамталсан гэж 67 хувь, ажлын багаж зэвсэгт халдсан хэмээн 58 хувь нь хариулжээ. Мөн утсаар заналхийлэлд өртөж байсан гэж 46 хувь, төрийн албан тушаалтан бизнесийн байгууллагын төлөөлөл олны өмнө доромжилсон талаар 38 хувь нь хариулсан байна.

Нөгөөтэйгүүр, Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид цалин багатай мөртлөө ажлын цаг нь урт байдаг. Үүнийг ч мөн Фридрих Эбертийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр "Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдал, Үйлдвэрчний эвлэл байгууллагын талаарх ойлголт, хандлага"-ыг тодруулах судалгааг хэвлэлийн хүрээлэнгээс үндэсний хэмжээнд хийж, үр дүнг танилцуулав. Уг судалгаанд Улаанбаатар болон 19 аймгийн 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдыг хамруулжээ. 

Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувь нь өрхийн сарын дундаж орлогоор улсын дундаж хэмжээ болох 1 сая 200 мянган төгрөгт хүрэхгүй амьдарч байна. Сэтгүүлчдийн сарын дундаж цалин хөлс татварын дараах байдлаар 664 мянган төгрөг. Гэхдээ зарим сонин хэвлэл, мэдээллийн сайтын цалин 350 мянган төгрөгийн хөлс өгдөг гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Энэ нь улсын дундаж хэмжээнээс 245 мянган төгрөгөөр дутуу буюу бага байгаа юм. 

Ийн цалин бага авдаг хэрнээ 7 хоногт 52 цаг ажиллаж байгаа нь ердийн ажлын цаг болох 7 хоногийн 40 цагаас 12 цагаар их буюу 7 хоногт 6,5 өдөр ажилладаг. Нийгмийн даатгал, ЭМД-ын шимтгэл төлдөггүй ажиллагсдын дунд сэтгүүлч, уран бүтээлчид 75 хувь, эмэгтэйчүүдийн 62 хувьтай хамрагддаг байна. Түүнчлэн нийтээр амрах өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын талаас илүү нь ажилладаг. Ингэж ажилласан амралтаа биеэр нөхөж эдэлдэггүй бөгөөд илүү цагийн цалин гэж авдаггүй хэмээжээ. Цалинтай ээлжийн амралтаараа ч амарч чаддаггүй байна. Энэхүү судалгааны дүгнэлтээр хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсад 7  хоногийн  өдрөөс зөвхөн хагас өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой, энэ салбар нь гэр бүлд ээлтэй бус гэв.  Судалгааг хийсэн багийнхан ХМХ-ийн удирдлага, эрхлэгч, захирал, ажил олгогчдод Үйлдвэрчний эвлэл байгуулах цаг нь болсон гэдгийг уламжлаад Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр энэ өдөр хөдөлмөрлөх тэгш эрхийн төлөө тэмцэхийг уриалав. 

 

Нийтийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчиддээ, хэвлэл мэдээллийн байгууллагын албан хаагчиддаа баярын мэнд хүргэе!