- Тонилго!.. Бууд!.. Өөдгүй амьтныг одоохон бууд!.. Тонилго!.. Энэ муу алуурчны хоолойг огтол!.. Наадхыгаа хороо! хэмээн эр, эмгүй хүмүүс хашхиралдана. 

Гар нь хүлээтэй нэг хүнийг үй олон хүн гудамжаар тууж явна. Өндөр, цэх нуруутай тэр хүн толгой дээгүүр, шийдэмгий алхана. Зоримог, сайхан царайд нь эргэн тойрныхоо хүмүүсийг жигшин зэвүүцэж, үзэн ядсан төрх илэрмой. 

Тэр бол эзэрхэг засгийн эсрэг ард түмний хийсэн дайнд эрх баригчдын талд байлдсан хүмүүсийн нэг ажээ. Одоо түүнийг барьж, цаазлахаар авч яваа нь энэ буюу. 

“Яая гэхэв! Хүч чадал ямагт бидний талд байдаггүй. Яалтай ч билээ дээ? Одоо тэд засгийн эрхийг авлаа... Үхвэл үхнэ л биз. Өөр яахав дээ” хэмээн сайхь эр гайхшаа баран бодож, олон түмний тасралтгүй хашхирах дуунд эгдүүцэн инээвхийлэв. 

- Энэ цагдаагийн түрүүч өнөө өглөөхөн бидэн рүү буудаж байсан! гэж хүмүүс бархирчээ. 

Олон түмэн өчүүхэн ч үл саатан, түүнийг цааш авч явлаа. Өчигдөр цэргүүдэд алуулсан хүмүүсийн, хараахан зайлуулж амжаагүй цогцос хаа сайгүй хэвтэх нэгэн гудамжаар орж ирээд тэд уурсан догширлоо. 

- Хойшлуулах арга алга аа! Энэ үл бүтэх этгээдийг одоохон энд буудчихъя. Өөр бас хааш нь аваачих гээ вэ? гэж тэд шуугилдав. 

Олзлогдсон хүн царайгаа барайлгасан ч, тэргүүнээ улам дээш өргөжээ. Хүмүүс өөрийг нь үзэн ядаж буйгаас ч илүү тэднийг тэр үзэн ядаж байх шиг санагдана. 

- Бүгдийг нь хиаруул! Тагнуул туршуул, хаад ноёд, сахил санваартнууд гээд энэ өөдгүй амьтдыг одоохон цааш нь харуул! гэх эмэгтэйчүүдийн дуу хадна. Гэвч олныг ахалж явсан хүмүүс түүнийг талбай дээр аваачаад нэгмөсөн зүйл дуусгая гэж бодож байлаа. 

Талбай хүртэл холгүйхэн болж, чимээ намжих агшинд арын эгнээнээс хүүхдийн уйлах дуу сонсогдов. 

- Аав аа! Аав аа! гэж уухилан орилох зургаан настай хүү олзны хүн рүү очихоор олны дундуур чихнэ. - Аав аа! Тэд нар таныг яах гэж байгаа юм бэ? Байзнаарай, байзнаарай! Намайг аваад яваач! Би хамт явъя!... 

Тэр хавьд байсан хүмүүсийн шуугиан намжиж, цугларагсад ямар нэгэн сүр хүчнээс зайлах мэт ярагдан, хүүг эцэгтээ очиход нь зам тавьж өглөө. 

- Ямар хөөрхөн юм бэ! гэж нэгэн эмэгтэй өхөөрдөв. 

- Чи хэн дээр очих гээ вэ? гэж өөр нэг хүүхэн асуулаа. 

- Аав дээрээ! Намайг аав руу минь очуулаач! гэж жаалхүү гонгинолоо. 

- Жаал аа, чи хэдэн настай вэ? 

- Та нар аавыг минь яах гэж байгаа юм бэ? 

- Жаал аа, гэртээ харь. Ээж дээрээ оч гэж нэг хүн хэлэв. 

Олзлогдсон хүн жаалхүүгийн дууг, бас хүмүүсийн түүнд хэлж байгаа үгсийг аль хэдийн сонсчээ. Царай нь улам барайсан байв. 

- Хүү минь ээжгүй юм аа! хэмээн тэрбээр хүүг ээж рүү нь явуулах гэсэн хүнд хандаж хэллээ. 

Олны дундуур чихсээр байж урагш гарч ирээд, хүү аавдаа гүйн хүрч гараас нь зуурлаа. 

- Тонилго! Дүүжил! Өөдгүй амьтныг бууд! гэж хүмүүс урьдын адил шуугилдав. 

- Чи яах гэж гэрээсээ гарав? гэж эцгийгээ асуутал, хүү хариуд нь, 

- Тэд нар таныг яах гэж байгаа юм бэ? гэжээ. 

- Хүү минь, аавыгаа сайн сонс! 

- За. 

- Катюшаг мэднэ биз дээ? 

- Хөрш айлын уу? Мэдэлгүй яахав. 

- За тэгэхээр, тэднийд очоод байж бай. Аав нь... аав нь очно. 

- Таньгүйгээр би явахгүй гээд хүү уйлжээ. 

- Яагаад явахгүй гэж? 

- Тэд таныг зодчихно. 

- Огтхон ч тийм биш. Тэд яах ч үгүй. Зүгээр. 

Олзлогдсон хүн хүүгийнхээ гарыг тавиулаад, хурсан олныг толгойлж байгаа хүн рүү дөхөж очлоо. 

- Сонсооч! Намайг хаана, яаж хөнөөх нь таны л мэдэх хэрэг. Гэхдээ гагцхүү хүүгийн минь нүдэн дээр л битгий алаач гээд тэрбээр хүү рүүгээ заав. - Миний хүлээсийг тайлаад гараас минь хоёрхон хором барьж байхгүй юу? Би таныг надтай хамт зугаалж байгаа найз минь гэж түүнд хэлье. Тэгвэл хүү маань ч явна. Тэр үед... тэр үед л намайг хороогоорой! гэж түүнийг хэлэхэд удирдагч зөвшөөрчээ. 

Олзлогдогч хүүгээ гар дээрээ өргөөд, 

- Миний хүү ухаантай шүү! Катя дээр очоорой! гэжээ. 

- Харин та яах юм бэ? 

- Би энэ найзтайгаа зугаалж байгааг харж байгаа биз дээ. Бид дахиад жаахан явна. Чи явж бай. Би очно оо. Яв, яв. Сайн хүү шүү!

Жаалхүү эцэг рүүгээ ширтэж, толгойгоо хоёр тийш ээлжлэн гилжийлгэж хэсэг зуур тээнэгэлзэв. 

- Яв даа, хүү минь. Аав нь очно. 

- Та яг ирнэ биз? 

Хүү аавынхаа үгэнд орж тэндээс явлаа. Нэг эмэгтэй түүнийг шахцалдсан олны дундаас гаргаж өгөв. 

Жаалхүүг харагдахаа болиход олзны хүн, “Би одоо бэлэн. Намайг хороо” гэжээ. 

Тэгтэл гэнэт хачин юм боллоо. Хайр найргүй, харгис хэрцгий, хорсол заналаар дүүрэн тэр бүх хүний дотор энэхэн агшинд нэг зүйл сэрхийгээд явчихав. 

- Түүнийг суллачихвал яасан юм бэ? гэж нэгэн эмэгтэйг хэлэхэд өөр нэг хүн, 

- Бурхан түүнийг шүүг. Тавиад явуулчихъя гэв. 

- Сулла! Сулла! хэмээн хүмүүс шуугилдлаа. 

Хурсан олныг хормын өмнө үзэн ядаж, өшин хорсож байсан омог бардам мөнөөх эр нүүрээ гараараа дараад цурхиран уйлж, харамсан гэмшлээ. Өөрсдийнх нь дундаас гүйн одоход хэн ч түүнийг зогсоосонгүй ээ. 

Лев Николаевич Толстой (1828-1910)

 

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Б.Бат-Өлзий