Хэдэн парламент дамжиж ямба эдэлсэн, өнөө ч УИХ-ын гишүүн гэсэн сэтэртэй яваа улстөрчдийг анзаарах нь ээ бүгд л уул уурхайн эсрэг попрогчид байдаг. Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар гээд жагсаавал цөөнгүй нэрс бий.

Уул уурхайн эсрэг дуугарахаар л эх оронч, гоё харагддаг, аль болох чанга дуугарах тусам сонгогдох магадлал ихэсдэг нь парламентын өнгөрсөн түүхээс хачин тод харагддаг. Тийм учраас уул уурхайн эсрэг дуугарах попчин гишүүдийн дараа үе амжилттайгаар төрөн гарсаар байна. Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гээд жагсаавал нас залуу, цус шингэн попчдын тоо жил ирэх бүр өсөх прогноз бий. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй, ардчилал, зах зээлийн зарчмыг ойлгож ухдаг, эдийн засаг яаж ажилладгийг гадарлах нь бүү хэл доторлодог хашир улстөрчид ч попчдын эгнээг тэлсээр байгаа. Хамгийн тод сонгодог жишээ нь Лу.Болд гишүүн. Уул уурхайн эсрэг үг дуугарахаар УИХ-ын гишүүн болчихдог учраас попчид хүрээгээ тэлээд байгаа нь булзах аргагүй үнэн л дээ.

Уул уурхайн хувьд Монголд төдийгүй дэлхийд гэж яригддаг төсөл бол Оюу толгой. Оюу толгойд ясны дургүй хэдэн гишүүн энэ УИХ-д бий. Найм, есөн жилийн хугацаанд төсөвт төвлөрүүлсэн мөнгө нь 1.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг энэ аварга төслийн эсрэг зогсогчдыг Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва гурав тэргүүлдэг. Дөрвөн жилийн өмнөөс улсад төлдөг татвараараа Эрдэнэтийн өмнө гишгэх болсон Оюу толгой 2025 онд төсвийн орлогын 13 хувийг эзэлнэ гэсэн том тоо дуулддаг. Яг нарийндаа Оюу толгойгүй бол Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх байсныг захын эдийн засагч хэлдэг.

Уул уурхайг хаах попролтын үндсийг тавьсан улстөрчид бол Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар хоёр. Нэг нь урт нэртэй хууль санаачилж овоо дориун явсан алтны салбарыг унагачихсан. Дархан аваргыг урт нэртэй хууль санаачилж манаргаж явахад алтны хайгуул, олборлолтоор дэлхийд гэж яригддаг компаниуд Азийн Монгол руу хандаж эхэлж байв. Алтны салбар “нинжа”-гаас дэлхийн стандартыг барьдаг компаниуд руу шилжиж эхлэх үед аваргын зүтгүүлсэн хууль батлагдаж байлаа. Монголыг сонгосон дэлхийн уул уурхайн акулууд алтны лицензүүдийг хуйгаар нь хураасан тэр үед манай улсад бизнес эрхлэх шийдвэрээсээ ухарч эхэлсэн юм. Тэдний нэг нь саяхан Монголыг орхиж гарсан Канадын “Сентерра голд”.

Б.Бат-Эрдэнийн дараа уул уурхайг самарсан түүхэн зүтгэлтэн бол Г.Занданшатар. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах гэсэн сүржин нэртэй хууль санаачилж батлуулаад наашчилчихсан байсан ам.долларын урсгалыг цаашлуулчихсан. Монголын эдийн засаг өнөөг хүртэл тэр үеийн “шок”-оосоо гараагүй яваа. УИХ-ын даргын цөс ихтэй үедээ батлуулж хэрэгжүүлсэн хуулиас болж “BHP”, “Англо Американ” зэрэг дэлхийд гэж яригддаг компаниуд Монголыг орхисон түүхтэй. 2009 онд урт нэртэй хуулиас гадна өөр нэг балагтай хууль батлагдсаныг санах нэг нь санаж суугаа байх. Цөмийн эрчим хүчний тухай хууль гэж баталж, ураны салбарыг багтааж хуульчилсан нь даарин дээр давс болсныг онцлохгүй орхиж болохгүй. Ураны төслүүдэд төр 34 хувь хүртэл ямар ч үнэ төлбөргүйгээр хувь эзэмшиж ашиг хүртэнэ, улсын зардлаар хайгуул хийсэн ордуудын 50 хүртэлх хувийг төр нэг ч зоосны зарлагагүйгээр өөрийн болгоно гэсэн заалт ураны салбарыг унагачихсан. Бизнест үнэгүй, төлбөргүй зүйл гэж үгүйг цус махаараа мэдэрчихсэн барууны хөрөнгөтнүүдийн хувьд эвэртэй туулай харсан дайны шийдвэр л дээ. Ураны салбарт дэлхийн том компаниуд ороод ирчихсэн байсан ч энэ хуулиас болж бултаараа гарцгаасан юм.

Монголын Засгийн газар Канадын “Хан ресурс”-ийг бол ил цагаан хөөж байв. Ингэж хөөснийхөө төлбөрт сүүлдээ өчнөөн ам.долларын өрөнд улсаараа унаж байлаа. Хөрөнгө мөнгө зарж хэрэгжүүлж явсан төслөө булаалгасан компани Арбитрын шүүхэд хандаж, Арбитрын шүүх “Хан ресурс”-т учирсан хохирлыг Монголын засаг гаргах ёстой гэж алх тогшсон нь тийм ч эртний явдал биш. Хууль тогтоогчдын буруугаас болж унасан энэ өрийг 2012-2016 оны Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байв. Канадын “Камико” яг энэ хуулиас болж Монголыг орхисон бол Канадын “Вестерн пропектор” Хятадын төрийн өмчит компанид лицензээ зараад гарсан юм. “Арева” л Францын Засгийн газрын өмчтэй компани тулдаа өнөөг хүртэл Монголыг орхиогүй, оффис нь ажиллах төдий яваа. Товчхондоо ураны салбарт урагшилсан нэг ч төсөл өнөөхөндөө алга. Уул уурхайд дургүй попчин гишүүдийн хүчин зүтгэлээр Монгол Улс уранаа доллар болгож чадахгүй өнөөг хүрсэн. Уг нь бид Дулаан-Уул, Зөөвч-Овоо гэх мэт дэлхийн анхааралд орсон ураны ордтой. "Арева"-гийн охин компани "Кожи говь"-ийн хайгуул хийсэн Зөөвч-Овоод дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар нөөц илрээд байгаа.

Монгол Улс өнөөхөндөө зэс, нүүрсээ зарж доллар олж байна. Зэс нүүрснээс гадна уран, занар, газрын ховор металл зэрэг эдийн засагт валют цутгах шинэ ашигт малтмалууд бий ч попчдын балгаар энэ салбарт хэрэгжих магадлалтай төслүүд хөдлөх нь бүү хэл сураг ч үгүй байна.

Өөрсдийгөө халуун эх оронч гэж төсөөлдөг улстөрчид хайгуул, уул уурхайн төслүүдийг гацааж суугаагаа “Ард түмнийхээ төлөө” гэж тайлбарладаг. Бидний төлөө уул уурхайн эсрэг баатарлагаар тулалдаж яваа гэж боддог нь хэвлэлд өгсөн ярилцлагаас нь тод харагддаг. Гэтэл өнөөдүүлийн адалдаг уул уурхай татвар, хураамж хэлбэрээр нэг хоногт 8.1 тэрбум төгрөгийн өгөөжийг эдийн засагт оруулдаг. Уул уурхайн төслийн шууд бус өгөөжийг нэмж тооцвол үүнээс ч аварга тоо гарна. Коксжих нүүрсний нөөцөөрөө хорхой асаасан Таван толгойдоо хөрөнгө оруулагч хайж, харь улсын засаг, төрийнхнийг царайчилж явсан үе бидэнд бий. Тэр үед улсаараа тарчиг амьдарч байсан нь булзах аргагүй үнэн. Эрхбиш мал олонтой тулдаа өлсөхийн зовлон мэдрээгүй байх. Бусад үзүүлэлтээрээ дэлхийн өнгөтэй өөдтэй улс орнуудын иргэдийн амьжиргаатай харьцуулах аргагүй байсан нь мөн л бодитой үнэн. Өнөөдрийнхтэй зүйрлэх аргагүй хэцүү дутуу аж төрцгөөж явснаа статистикаас эргэж харцгаая. Нэг хүнд оногдох ДНБ -ээр жишээлэхэд 1990-1993 он хүртэл тасралтгүй буурч, 1994-2002 онд бага зэрэг өсч, буурч, 2003 оноос хойш тасралтгүй өссөн зурагтай харагдаж байна. 2003 гэдэг нь уул уурхай ид хөгжиж эхэлсэн цаг. 1993 онд нэг хүнд оногдох ДНБ 317 ам.доллар байсан бол өнөөдөр 4000 ам.доллараар хэмжигдэж буй. Уул уурхайн салбар эдийн засагт жин дарж эхэлсэн үеэс ДНБ огцом цойлсон гэж хэлж болно.

Инфляцийн түүхийг сөхье. 1992 онд 325.5 хувь руу үсэрч, 1993 онд 183 хувь хүрч цойлж байснаа уул уурхай сэргэж эхлэхийн өмнө буюу 1997 онд 20.5 хувь, уул уурхай эрчээ авсан 2002 онд бүр 1.6 хувь руу орж байж. Иргэдийн хэрэглээ ч огцом өссөнийг статистикаас харж болно. 2002 онд орлого багатай нэг иргэний сарын хэрэглээ 17 мянган төгрөг байсан бол 2007 онд 44 мянга, харин өнөөдөр хар таамгаар дор хаяж 300 мянган төгрөгөөр хэмжигдэх байх. Орлого дажгүй иргэдийн хувьд 2002 онд сардаа 47 мянган төгрөгөөр амьдарчихдаг байсан бол 2007 онд 131 мянган төгрөгөөр аж төрдөг байж. Өнөөгийн орлого өндөртэй хэсэг сардаа хэдэн төгрөг хэрэглэдгийг таамаглахад хэцүү. Дор хаяж сая төгрөгөөр яригдах байлгүй. Уул уурхайгүй амьдарч байсан үеийнхээс иргэдийн ахуй амьжиргаа тэс өөр болсныг сая дурдсан тоонуудаас харчихаж болно.

Уул уурхайгүй болгочихвол энэ улсын эдийн засаг дутуу гацуу тэр үе рүүгээ ухарна. Мэдээж хэн ч уруудахыг хүсэхгүй. Попчин гишүүд уул уурхай зогсчихвол нийт олноороо өлөн зэлмэн ч болтугай амьдарна, өөрсдөд нь өмнөх сонгуулиуд шиг саналаа өгсөөр явна гэж бодож яваа байж мэднэ. Харамсалтай нь тийм биш л дээ. iPhone барьж, “Adidas” өмсч, “Channel” түрхэж, LV-гээр гангарч, дэлхийн хөгжилтэй улсын иргэдийн хэрэглэдэг бүхнийг хэрэглэж, эдэлдэг бүрийг эдэлж яваа иргэд буцаад өнгөрсөн рүүгээ алхана гэж байхгүй. Хэрэглээ, амьжиргаагаа дээшлүүлэхийг л бодно. Попчдын тэмцлээс болж уул уурхай зогслоо гэхэд манай халуун эх орончдын улс төр дэх карьер дуусна гэдэг л булзах аргагүй үнэн.

Тэгэхээр уул уурхайтай тэмцэлдэж яваа түшээдээс асуух нэг л зүйл байна. Уул уурхайгүйгээр, яг өнөөдрийнх шигээ аятай таатай аж төрөх ямар гарц байна вэ. Тодорхой гарц гаргалгаа байхгүй бол нэгэнт босчихсон, бүхэл бүтэн улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа ганц салбараа адлах хэрэг байна уу?

Ц.Баасансүрэн