Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан мэдээллээр 2017 онд 298 хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн ноцтой мэдээлэл дурдахад 12-17 насны 1613 эх төрж,  20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлжээ. Түүнчлэн 2014-2016 онд шүүхээр шийдвэрдлэгдсэн хүүхдийн хүчирхийллийн 80 баримт дээр тоон анализ хийж, насны байдлаар нь авч үзэхэд 27 хувийг 5-9 насны хүүхэд, 25 хувийг 12-14 нас, 12 хувийг 14-16 нас, 2.5 хувийг 16-18 насныхан эзэлж байна.  Ер нь энэ төрлийн хүчирхийллийн 70 орчим хувь нь ураг төрлийн орчинд үүсдэг байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувийг эмэгтэй, 3,9 хувийг эрэгтэй байсан байна. Шүүхээр эцэслэн шийдэгдсэн энэ төрлийн 250 хэрэг дээрх судалгаанд оржээ. Хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан нь анхаарал татаж байгаа юм. Хүчирхийлэл голдуу наймдугаар сард үйлдэгддэг. Дулааны улирал эхлэх, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ. Харин хохирогч хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хангалттай хийгддэггүй орхигддог тал байгаа болохыг тус Сургалтын төвийн дарга М.Гантулга хэлсэн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байжээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг.  Иймд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтойг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх танилцууллаа.

Шүүхээр шийдэгдсэн хүчингийн хэргийн тоо өссөн байх юм. Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12904 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тухайлбал, хүчиндэх гэмт хэрэг 91 хэргээр буюу 47.6 хувиар өссөн байна. Гэвч бүх хүчингийн хэрэг шүүхээр шийдэгдэггүй. Өөрөөр хэлбэл шүүхээр шийдэгдэхээс өмнө нь зохицдог байна. “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид, ялангуяа хүүхдүүд ихэнхдээ ядуу, амьдралын боломж тааруу байдаг. Энэ эмзэг байдлыг нь ашиглаад хэрэгтнүүд мөнгөөр тохирч, ялаас мултардаг нь хүчирхийллийн хэрэг шийдэгдэхгүй байх хамгийн том шалтгаануудын нэг. Ээж нь охиныхоо өмнөөс тохиролцож, хэрэгтнүүдээс мөнгө аваад гомдлоо татсан тохиолдол олныг нэрлэж болно. Заримдаа хохирогч ганцхан өмгөөлөгчтэй байхад, шүүгдэгч тал бүхэл бүтэн хуульчдын багтай ажилладаг. Манай хуулийн цоорхой ихийг ч хэлэх үү, шүүгдэгч тал давуу талаа ашиглан ял завшдаг” хэмээн “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясах хэлж байсан юм.

Нэг хохирогчийн ард гэр бүл бүхэлдээ хохирч байгааг анхаарч, хүүхдийн бага наснаас нь зөв төлөвшүүлэх сургалтыг насны онцлогт нь тохируулан зааж сургах шаардлагатай байгааг Хүүхэд хамгааллын “Үжин” төвийн захирал Д.Ундраа онцолсон. Бага насандаа амссан сэтгэл зүйн цочрол насан туршид нь байсаар сэтгэцийн эмгэгтэй болдог учраас эрт илрүүлж, урт хугацаанд эмчлэх шаардлагатай байдгийг сэтгэл засалч эмч А.Солонго хэлсэн.

Дээрх тоон баримтууд, албаны хүний үгнээс дүгнэхэд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өсч байгаа, харин хохирсон хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө тааруу, хэрэг бүр шүүхээр шийдвэрлэгдэхгүй байна гэсэн үг. Харин хүчирхийлэл үйлдсэн этгээд хуулийн цоорхойн ачаар хугацаанаасаа өмнө суллагдаад 14 хонолгүй дахин хүчингийн хэрэг хийсэн тохиолдол гарсан. Тиймээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд хүн бүр анхаарч, сэтгэл зүтгэл гаргаж, хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлага байгааг сануулж, сэрэмжлүүлж байна.