“Халдвар авсан болгон сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Нийт халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь л өвддөг” хэмээн албан тушаалтнууд хариуцлагаас мултрахаар тайвшруулах зуур сүрьеэгийн сэжигтэй тохиолдлууд улам газар авч байна. 

Анх 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч, тэдний 38 нь өвчилсөн мэдээлэл ил болсноор энэ өвчин олны анхаарлын төвд орсон. Араас нь 97 дугаар сургуулийн 70 гаруй сурагч халдвар авсан нь тогтоогдсон бол Төв аймгийн Сүмбэр суманд 200 гаруй хүүхэд халдвар авсны зургаа нь өвчилсөн мэдээлэл олныг цочирдуулсан билээ.  Гэтэл хотын төвийн, улсдаа шилдэгт тооцогдох 1 болон 23 дугаар сургуулийн хүүхдүүдээс сүрьеэгийн халдвар илэрсэн гэх дуулиан сонсогдох боллоо. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол энэ өвчний тархалт үнэхээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очжээ гэсэн үг.

Сайн сургуулийн үзүүлэлтүүдийг бид эдгээр сургуулиар жишээ болгон авдаг. Зөвхөн сургалт, сурагчдын амжилтаас гадна цэвэр цэмцгэр байдал, тохижилт, тоног хэрэгслийн тал дээр манайдаа л шилдэгт тооцогддог. Хэрэв сайн бүхний жишиг болсон шилдэг сургуулиас сүрьеэгийн халдвар илэрсэн бол бусад нь яах болж байна аа. тоос шороондоо дарагдсан хотын захын сургуулиудын талаар яриад ч хэрэггүй болох нь.

Энэ жил ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийг сүрьеэгийн үзлэг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж буйгаа ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.Энхмандах тайлбарласан. Одоогоор энэ ажил 50 гаруй хувьтай яваа. Сургуулиудыг шинжилгээнд бүрэн хамруулаагүй, дүн мэдээлэл нэгдсэн байдлаар ирээгүй ч мянга шахам хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь хэдийн тогтоогдчихлоо. Муу амлахыг хүсэхгүй байгаа ч энэ тоо цаашид улам нэмэгдэх нь тодорхой. Тиймээс бид нэг хэсэгтээ, магадгүй хэдэн жилийн турш сүрьеэгийн талаарх муу мэдээ сонсох нь ойлгомжтой боллоо.

Дорвитой тэмцэхгүй бол сүрьеэг хяналтаасаа алдаж эхэллээ

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, энэ үеэр Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл сүрьеэ өвчний үзлэг шинжилгээний талаар танилцуулав. Улмаар цаашид үзлэг шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгажээ.

“Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байна.

Цаашид сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа сургуулийн агааржуулалтад анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт чанартай, бүрэн хамруулж хяналт тавих нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн Засгийн газрын албан мэдээнд дурджээ.

Энэ өвчний дэгдэлтэд засгийн зүгээс анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахаар шийдсэн нь сайн хэрэг. Гэхдээ л ниргэсэн хойно нь хашхирдаг монголчуудын зан энэ удаад ч давтагдав. Үнэнийг хэлэхэд эмч нар, мэргэжлийн хүмүүс сүрьеэгийн тархалт өндөр байгааг хэдэн жилийн турш анхааруулж, сануулсаар ирсэн. Гэтэл төрийн томчууд энэ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөснийхөө горыг одоо амсаж байна. Тэр ч байтугай ХӨСҮТ-ийнхөн үзлэг шинжилгээ хийхдээ “глобал” санг царайчлан, дэмжлэг авч буйгаа хэлж байна лээ. Улс мөнгөө харамлаад хөдөлж өгөөгүй ажилд төрийн бус байгууллагын туслалцаа авч байгаа нь дэндүү өрөвдөлтэй. Харин хүүхдүүд хэдэн зуугаараа халдвар авсны дараа засаг төр нь арайхийж анхаарлаа хандуулах нь бодохоос гутмаар үйлдэл.

• 15 дугаар сургуулиас эхэлсэн дуулианаар сүрьеэгийн тархалт ямар аюултай хэмжээнд хүрснийг мэдэж авлаа.

• Энэ жил ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийг сүрьеэгийн үзлэг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа.

• Харамсалтай нь сүрьеэ тархах бүх л таатай нөхцөл нь Монголд, тэр тусмаа Улаанбаатарт бүрэлдчихээд байна.

Тун удахгүй сурагчдын амралт эхлэх гэж байна. Анги танхимдаа сүрьеэгийн халдвар авсан, түүнийгээ мэдээгүй хүүхдүүд зуны гурван сарын турш хөдөөгүүр амарна, зусланд явна. Энэ хэрээр энэ чимээгүй тахлын тархалт хүрээгээ улам тэлэх нь ойлгомжтой. Нөгөө талаар сургуулиудад хийж буй үзлэг шинжилгээ амралт эхлэхтэй зэрэгцэн зогсох нь тодорхой. Харин есдүгээр сард сургууль дахин орох үед ажлын эрчим буурч, олон нийт тоохоо больсон цагт сүрьеэгээр Монгол дэлхийн шившиг болох вий. Бид юмыг мартахдаа амархан улс шүү дээ. Тиймээс сургууль амрахаас өмнөх энэ хэд хоногт хүн хүчээ сайн дайчилж, үзлэгийн цар хүрээг өргөжүүлээч, эрхэм сайд аа. Сүрьеэ илэрсэн л бол нууж хаагаад байлгүй нээлттэй мэдээлж, сэрэмжлүүлэх нь зөв шүү. 15 дугаар сургууль дээр хүүхдүүд сүрьеэгээр өвдсөн байна гэх мэдээ бүтэн жилийн өмнө цацагдахад сургуулийн удирдлагууд худал хэмээн мэлзэж, бүр хүүхэд амиа алдсан байхад бидний нэр хүндийг унагалаа хэмээн шүүхэд хандсан  талаар бид өмнөх дугаартаа нийтэлсэн. Энэ мэтээр халдварын тохиолдлыг нуугаад байвал өвчин намжих биш хүрээгээ улам тэлнэ.

Сүрьеэг ядуусын өвчин гэж ярьдаг. Дархлаа муу, бие султай бол сүрьеэгээр өвчлөх магадлал өндөр. Мөн ойр ойрхон ханиад хүрэх нь уушгийг гэмтээж, цаашлаад сүрьеэ болох эрсдэлтэй. Харамсалтай нь сүрьеэ тархах бүхий л таатай нөхцөл нь Монголд, тэр тусмаа Улаанбаатарт бүрэлдчихээд байна. Өвлийн хэдэн сарын турш нүүрсний хорт утаагаар амьсгалсан хүмүүсийн уушги эрүүл байх ямар ч үндэсгүй. Ялангуяа, бага насны хүүхдүүд энэ их утаанд хамгийн их хордож байгаа. Өвлийн цагт эмнэлгүүд ханиад нь хүндэрсэн хүүхдээр дүүрдэг нь үүний нотолгоо. арайхийж өвлийн их утааг давж гарлаа гэхэд хаврын тоос шороо залгаад угтана. Тэгээд дээрээс нь нийт хүн амын гуравны нэг нь нэн ядуу гэх ангилалд багтаж, энэ арми өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна. Ганц кг мах авч дийлэхгүй байгаа хүмүүс үр хүүхдээ шим тэжээлтэй хоолоор тэжээж чадах уу. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас нэг ангид тавь, жараараа хичээллэж буй сургууль олон байна. Тэр олон хүүхэд ганц ангид умгар чихэлдэхээр агаарын солилцоо явагдахгүй нь хэнд ч ойлгомжтой. ийм байхад бид сүрьеэгийн тархалтаар дэлхийд эхний тавд орохоос ч аргагүй.

Сүрьеэ өвчин одоо л гэнэт дэгдээд, хүүхдүүдэд халдварлаад байгаа юм биш. Харин үзлэг шинжилгээг нэгдсэн байдлаар хийсний ачаар нуугдмал, далд байсан тохиолдлуулыг гаргаж ирж байгаа хэрэг. Тиймээс одоо ид яригдаж, хүмүүсийн халаглаж шогшроод байгаа халдвартай хүүхдийн тоо юу ч биш. Цаашид энэ байтугай дэгдэж Монголыг аалзны тор шиг нөмрөх цаг айсуу. Нуун дарагдуулчихгүй бол шүү дээ.

Хорт хавдар аюулын харанга дэлдэж буй талаар бид шуугиж, төр засгийн зүгээс хавдрыг бууруулах чиглэлээр ажил хийж байгаа. Тэгвэл сүрьеэ өвчний дэгдэлтэд ч бас онцгойлон анхаарч, үндэсний хэмжээний аян өрнүүлэх цаг болсон юм биш үү. Энэ өвчний улмаас Монголд жил бүр 200 гаруй хүн нас барсаар байна. Тухайлбал, 2018 онд 228, 2017 онд 219 хүн, 2016 онд бүр 274 хүн сүрьеэ өвчний улмаас хорвоог орхилоо. Энэ бол бага тоо биш. Үүнээс гадна өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд ямар их мөнгө зарцуулж, эдийн засгийн хувьд ямар их дарамттай нүүр тулж байгааг бодоод нэг үзээрэй. Монголчууд бид “сохорсон биш завшив” гэж ярьдаг. Тэгвэл 15 дугаар сургуулиас эхэлсэн дуулианаар сүрьеэгийн тархалт ямар аюултай хэмжээнд хүрснийг мэдэж авлаа. Энэ өвчний дэгдэлтэд энгийн иргэдээсээ эхлээд төр засгийн хэмжээнд анхаарлаа хандуулах цаг иржээ. Сүрьеэгийн эсрэг хийх “дайн”-ыг улам өргөжүүлж, хүн хүчээрээ тэмц л дээ. одоо л хүч хаяхгүй бол сүрьеэг хяналтнаасаа алдах эрсдэл нэгэнт бий болсныг санахад илүүдэхгүй биз ээ.

ЗГМ сонин