Монгол хүн бүр Чингис хаанаар бахархаж ярих дуртай. Харамсалтай нь ард түмний бахархал болсон хааны нэрээр архи, тамхи, баар, ресторанаа нэрлэж, хөрөг зургийг нь бараг л хогийн уутнаас бусад зүйл дээр ашиглаж байгаа нь бахархал бус үл хүндэтгэсэн явдал болж байгаа билээ. Энэ нь өнөөдрийн байдлаар Чингис хааны нэрийг хэрхэн бичих талаар болон ямар хөргийг нь улсын бахархал болгон ашиглах талаар хуулиар батлагаажуулж өгөөгүйтэй холбоотой юм. Ийнхүү хуульчлаагүйн улмаас эрдэмтэн бүр өөрсдийнхөөрөө Чингис хааны нэрийг “Чингис”, “Чингэс” гэж бичнэ гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлдэг. Энэхүү үндэсний бахархал болох “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон журмын төслийг 2012 онд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нар өргөн барьж байсан ч одоог хүртэл батлагдаагүй байгаа билээ. Тус хуулийн төсөл нь нийт гурван бүлэг 12 зүйлтэй юм. Хуулийн төслийн хэрэглэх, ашиглах журмыг танилцуулъя.

 

“ЧИНГИС ХААН” НЭР, “ЧИНГИС ХААНЫ АЛБАН ЁСНЫ ХӨРӨГ”, “СОЁМБО” БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэж байсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэж байсан иргэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг үргэлжилүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.

2 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр-ийг нэрэмжит болгон хэрэглэж байсан байгууллага, хуулийн этгээд уг нэрийг нэрэмжит болгон үргэлжлүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.

3 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг оролцуудан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийлгэж патент, гэрчилгээ авсан этгээд цааш үргэлжилүүлэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг ашиглах, хэрэглэхийг хүсвэл энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу зөвшөөрөл авна.

4 дүгээр зүйл. “Чингис хаан”, “Соёмбо” нэрээр нэрлэгдсэн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, улс төрийн нам энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын дотор нэрээ өөрчилж, улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Энэ хугацаанд бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дахин бүртгүүлж, нэрээ шинэчлээгүй бол бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхээс тухайн хуулийн этгээд, байгууллага, улс төрийн намыг татан буулгана.

5 дугаар зүйл. Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасны дагуу зохих зөвшөөрлийг аваагүй бол 2013 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн тухайн иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах эрхгүй.

6 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын уг бараа бүтээгдэхүүнийг 2013 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн борлуулахыг хориглоно.

7 дугаар зүйл. Энэ хуулийг “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Ц.БУДСАЙХАН: ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ ХАМААГҮЙ АШИГЛАЖ БАЙНА

 

Баянзүрх дүүргийн иргэн

Иргэдийнхээ бахархал, хүндэтгэл болсон Чингис хааны нэр, хөргийг ямар тохиолдолд ашиглах ёстой вэ гэдгийг хуульчлах хэрэгтэй. Ингэж хуульчилж өгөөгүйн улмаас өнөөдөр Чингис хааны нэрээр архи, тамхиа нэрлэж ард түмний бахархалаар бизнес хийж байна. Мөн хөрөг зургийг нь төрөл бүрээр бараа бүтээгдэхүүн болгон дээр ашигласны улмаас наад захын хогийн цэг дээр хэвтэж байгаа нь дэндүү харамсалтай.

 

Д.ГЭРЭЛМАНДАХ: ЧИНГИС ХААНЫ НЭРИЙГ ХҮНДТЭЙ ЮМАНД Л АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

 

Хан-Уул дүүргийн иргэн

Уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Аливаа зүйл эмх цэгц, бодит үнэн юмнаас эхлэх ёстой. Чингис хааны нэрийг гарцаагүй хэрэглэх хүндтэй юманд л хэрэглэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Чингис нэртэй бүхэн улсын мэдлийн бөгөөд яг журам дүрмийн дагуу байж байвал ард олон бидний хүндлэл болно гэж бодож байна. Дэлхийн хүн учраас монголчууд бид жинхэнээсээ хүндэтгэлтэй хандах ёстой юм аа.

 

Н.БААСАНДЭМБЭРЭЛ