Хүүхдийн баярыг бусад оронд хэрхэн тэмдэглэдэг вэ
2019/06/01
Женевт 1924 онд анх хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гарган “Хүүхдийн эрхийн тухай” тунхагийг баталжээ.
Энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн юм. Үүний дараа 1954 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байв.
АВСТРАЛИД Хүүхдийн баярыг аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Үүний өмнөх 7 хоногийн туршид "Хүүхдийн арчилгаа" долоо хоногийг зохион байгуулдаг байна. Энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг ажээ.
ЭНЭТХЭГ УЛСАД Хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ өдөр бол Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм байна. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн бөгөөд энэ өдөр хүүхдүүд түүний хөшөөнд цэцэг өргөдөг байна.
Мөн ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг аж. Харин Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.
ЯПОН УЛСАД Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба “kodomo no hi” гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь 8-р зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд 2 удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. 5-р сарын 3-ны өдрийг охидын өдөр гэх бөгөөд энэ өдрөөр “Хүүхэлдэйн фестиваль” болдог ба Японы айл өрхүүд гэрээ “Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн “Amazake нэртэй” үндэснийхээ ундааг уудаг гэнэ. Тэгвэл 5-р сарын 5-нд болоххөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг юм байна.
МОНГОЛ УЛСАД Хүүхдийн баярыг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэсэн нэрийн дор манай орон 66 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна. 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр манай хүүхэд багачууд нийслэлийн төв талбайдаа цуглан урлаг, соёлын олон арга хэмжээнд оролцож, мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглох зэргээр өдрийг өнгөрүүлдэг билээ.
МЕКСИК УЛСАД Хүүхдийн баярыг 1925 оноос эхлэн 4-р сарын 30-нд тэмдэглэдэг ба "El Día Del Niño" хэмээн нэрлэдэг байна. Энэ өдөр багш нар нь сурагчиддаа зориулсан тоглоом, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг ба хүүхдүүд өөрсдийн дуртай хоолоо анги дээрээ авчран бусадтайгаа хуваалцаж иддэг.
Энэ мэтчилэн улс орон бүр өөрсдийн онцлогоосоо шалтгаалаад төрөл бүрийн нэр, уриан дор хүүхдийн баярыг тэмдэглэдэг. Гэвч бүгд 6-р сарын 1-ний өдөр тэмдэглэдэггүй ажээ. Хүүхдийн баярыг ямар улс, хэзээ тэмдэглэдэг болохыг доорх хүснэгтээс сонирхоорой.