УИХ-ын гишүүн,  Сангийн сайд асан А.БАЗАРХҮҮ

Үндсэн хуулиа дагаж мөрдсөнөөс хойш 22 жил боллоо. Үндсэн хууль Монголын нийгмийн бүхий л талын харилцааны үндсийг тодорхойлсон, хууль зүйн зохицуулалтын өндөр чадамж бүхий дээд хууль болох нь амьдрал дээр нотлогдож байна.

Сүүлийн үед улс төрийн хүрээнийхний дунд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Энэ бол Үндсэн хуульд тусгагдсан тодорхой харилцааны хууль зүйн зохицуулалтын төгөлдөржилтийн асуудал болно. Үүний зэрэгцээгээр Үндсэн хуулиа агуулгаар нь хэрхэн ойлгож дагаж мөрдөж байна вэ гэдэг асуудал судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Төрийн байгууламжийн дээд түвшинд, тухайлбал Ерөнхийлөгчийн инс­титуц, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн заалт хэрхэн зөрчигдөж байгааг цувралаар нийтэлж байна.

Цуврал нэгээр 2008 онд МАХН, АН Үндсэн хуулийн бус аргаар хамтарсан Засгийн газар байгуулсан, цуврал хоёроор 2004, 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр УИХ шинээр бүрдээгүй байхад анхдугаар чуулганыг зарлан хуралдуулж төрийн эрх мэдлийн хуваарилалт хийсэн Үндсэн хуулийн зөрчлийн талаар олон түмний сонорт  хүргэсэн билээ.  /Монголын Үнэн сонин. 2014.01.07, 02.06-ны дугаарт/

 

ЦУВРАЛ ГУРАВ

Монголын ард түмэн Үндсэн хуулийнхаа дагуу ардчиллын зарчмаар өөрийн элчээ сонгон илгээж дөрвөн жилд нэг удаа төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аа байгуулдаг. Энэ нь иргэдийн улс төрийн эрхээ эдэлж байгаа дээд хэлбэр болно. Элчээ ямар тогтолцоогоор хэрхэн яаж сонгох, саналаа ямар журмаар тоолж дүгнэх, хяналт тавихаа шийдвэрлэх үндсэн эрх нь ард түмэнд хадгалагдаж байдаг.

Энэ утгаар нь Сонгуулийн хуулийг “бага” Үндсэн хууль ч гэдэг. Анхнаасаа сонгуулийн зарчмын асуудлуудаар хэлэлцүүлэг явуулж сонгогчдынхоо саналыг авсны үндсэн дээр сонгуулийн хуулийг боловсруулж удаан хугацаанд тогтвортой мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй байв. Гэтэл Сонгуулийн хуулиар “мэргэшсэн” гэгдэх цөөн хэдэн хүний санаа бодолд тулгуурлан хуулийн төслийг боловсруулж УИХ дахь намын бүлгүүдийн түвшинд хэлэлцэн баталдаг, сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа өөрчилдөг болсоор өдийг хүрэв.

Эрх баригч намууд Сонгуулийн хуулийг өөрсдөд нь аль болох ашигтай хувилбараар баталж, сонгогчдод тулган хүлээлгэдэг гэхэд нэг их хилсдэхгүй. Сүүлийн үед сонгуулийн үр дүнг будилаантуулдаг, сонгогчдын олонхийн санал авч итгэлийг нь хүлээсэн элчийг  “сольдог”, сонгуулийн эцсийн үр дүн гараагүй байхад УИХ-ыг байгуулж төрийн эрх мэдлийн хуваарилалт хийдэг, Үндсэн хуулийн бус аргаар намууд хамтран Засгийн газар байгуулчихдаг “гаж үзэгдлүүд” Монголын улс төрд бий болов. Энэ бүхэн сонгогчдын саналыг “үнэгүйдүүлж”, сонгуулийн улс төрийн ач холбогдлыг бууруулж байгаа юм. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц буурч байна.

Сонгууль тойрсон гаж үзэгдлүүдийг таслан зогсоохын тулд сонгогчид бид цуглаж, жагсаж суулт хийж, өлсгөлөн зарлалтай нь биш. Сонгогчдод үлдэж байгаа ганц эрх нь сонгуульд оролцож саналаа өгөхгүй байх явдал болж хувирч байгаа юм. Учир нь сонгуульд оролцож саналаа өгвөл энэхүү гаж үзэгдлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаар барахгүй хөхиүлэн дэмжсэн хэрэг болно. УИХ-ын гишүүдээс сонгогчдын саналаа өгөхийг ажил, албан тушаалтай нь “барьцаалах” тухай үг цухалздаг болов. Гэтэл сонгох, сонгогдох нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх болохоос үүрэг биш юм.

Нэг үгээр хэлбэл, үүссэн нөхцөл байдлуудыг эс тооцоолох аваас УИХ-ын 2016 оны сонгуулийн сонгогчдын ирц эрс буурч сонгууль хүчингүй болох магадлал тун өндөр байгаа болно. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ, нэгдүгээрт, сонгууль тойрсон Үндсэн хуулийн дээрх зөрчлүүдэд бодитой дүгнэлт хийж, цаашид давтагдан гарах боломжийг хаах, хоёрдугаарт, сонгуулийн зарчмын асуудлуудаар санал, асуулга явуулж сонгогчдын саналыг авч, улс төрийн бүх намын зөвшилцлийн үндсэн дээр Сонгуулийн хуулийг батлах шаардлагатай байгаа юм.

Энэ удаад миний бие Үндсэн хуулийн зөрчлийг агуулсан Сонгуу­лийн хуулийн хоёрхон заалтыг сонгогч олон түмний сонорт хүргэж байна.

Нэг. Сонгуулийн тухай хуулийн 5.3-т “Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана”гэжээ. Гэтэл Үндсэн хуулийн агуулгаар “УИХ-ын гишүүнийг иргэдийн шууд сонгох эрх гэдэг нь сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигч нь ард түмний элч бөгөөд завсрын ямар нэгэн шат дамжлагын батламжлалгүйгээр Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлнэ.” гэсэн гүнзгий ойлголт болно. Ингэж байж гэмээнэ сонгогчдын улс төрийн эрх, Монголын төрийн дархлаа хангагдана. Үндсэн хуулийн агуулгыг гуйвуулж Сонгуулийн тухай хуульд оруулснаас үүдэн ардчиллын зарчмаар олонхийн санал авч итгэлийг нь хүлээсэн ард түмний элчийг баалдаг, мөрдөн мөшгидөг, шүүн хэлэлцдэг, мандатыг нь олгодоггүй, хүчингүй болгодог болов. Энэ нь УИХ-ын гишүүнийг шууд сонгох иргэдийн эрхэд халдаж байгаа явдал мөн. Ийнхүү шүүх, Сонгуулийн ерөнхий хорооны “тусламжтайгаар” ард түмний мандатгүй УИХ-ын гишүүн “төрж” байгаа болно.

Хоёр. Сонгуулийн тухай хуулийн 52.1-д “Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна” гэжээ. Үндсэн хуулиар УИХ-д хоёр л тохиолдолд УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах шийдвэр гаргах эрх олгосон байдаг. УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдвол гишүүнээс нь чөлөөлөх, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах шийдвэр гаргана. УИХ-ын гишүүн сонгогчдодоо өгсөн амлалт, тангаргаасаа няцаж ямар нэгэн шалтаг, шалтгаан зааж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах, түүнийг нь УИХ авч хэлэлцэж тогтоол, шийдвэр гаргах эрх Үндсэн хуулиар хэн хэнд нь олгогдоогүй байдаг.

Ард түмний элчийг томилдоггүй, баталдаггүй, батламжилдаггүй су­бъект, түүнийг чөлөөлөх шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэс байхгүй болно. Хэрвээ сонгосон УИХ-ын гишүүн нь чөлөөлөгдөж болдог байвал сонгогчид хэнд итгэж саналаа өгөх билээ. Нөхөн сонгууль тухайн тойргийн сонгогчдын УИХ-д төлөөлөлтэй байх эрхийг хангах зорилготой байдаг. Түүнээс биш нөхөн сонгуулийн үр дүнгээр бүх ард түмний сонгуулиар намуудад олгогдсон, төрийн эрх мэдлийн хуваарилалт хийхэд тооцогдсон УИХ дахь намуудын суудлын тоо өөрчлөгдөхгүй. Тухайлбал, нөхөн сонгуулийн үр дүнгээр УИХ-д олуулаа байгаа АН олонхи, цөөнх болсон МАН олуулаа болохгүй. Төрийн эрх мэдлийн хуваарилалт гагцхүү бүх ард түмний сонгуулийн үр дүнгээр хийгддэг.

Парламентын засаглалтай аль ч улс оронд энэхүү хөдөлшгүй зарчмыг баримталдаг. Учир нь нөхөн сонгуулиар төрийн эрх мэдлийн хуваарилалт хийж болдог байвал төрийн гадна, дотны улс төрийн нөлөөнд автах магадлал өндөрсөж, дархлаа нь суларч, төр хэврэг болно. Үүний дээр төрийн түшээдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлэл, халдлага учрах эрсдэл агуулагдаж байдгийг ч бодолцохгүй байж болохгүй юм.

Манайд Үндсэн хуулийнхаа агуулгыг төдийлөн гүнзгий ухаа­раагүйгээс эрх баригч намууд нөхөн сонгуульд улс төрийн хэтэрхий өндөр ач холбогдол өгч, санаархаад, хүсэмжлээд байгаа нь ажиглагддаг. Мөн түүнчлэн парламентын аль нэг нам бус­даасаа гишүүн “элсүүлснээр суудлын тоо нь бас нэмэгдэхгүй. Төрийн дархлааг хуулиар хамгаал­даг.  Иймээс Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан байдаг.