Дорноговь аймгийн Улаан­бадрах суманд “Кожеговь” компани цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулж байгаатай холбоотойгоор төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж ирсэн. “Арева Монгол” компанийн Тогтвортой хөг­жил, орон нутгийн харил­цаа хариуцсан захирал А.Зулгэрэлийг “Ярилцах тан­хим”-даа урьж энэ асуудлаар ярилцлаа.

-Улаанбадрах суманд та­най компани цацраг идэвхт ашигт малтма­лын хайгуул явуулснаас болж хөрс ус, мал амьтан хордож байна гэж иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хүмүүс хайгуулын ажил гэж юу вэ гэдгийг сайн ойлгох ёстой. Ямар нэг эрдэс баялгийг хайх, геологийн хайгуул явуулах зарчим нь адилхан байдаг. Алт, зэс, нүүрсний хайгуул явуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, харин цацраг идэвх ташигт малтмалын хайгуул илүү хортой гэсэн ойлголт байхгүй. Бүгд нэг ижил хэмжээнд хайгуулын ажил хийгддэг. Манай компани хайгуулын явцад Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тодорхой хэмжээний цацраг идэвхт эрдсийн нөөц байна гэж тогтоосон. Байгаль орчныг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн гэж иргэний хөдөлгөөнийхөн ярьж байгаа. Гэтэл яг газар дээр нь буюу Улаанбадрах сумын нутагт тийм зүйл огт байхгүй. Байгаль орчинд ямар нэг хор нөлөө байхгүй гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллага нь тогтоосон. Малчин Д.Норсүрэн гуайн үхрийн зүй бус хорогдлын шалтгааныг тогтоохоор Засгийн газрын 47 дугаар тогтоолоор 104 мэргэжлийн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, 100 сая гаруй төгрөгийн өртөг зарцуулж ажилласан. Уг ажлын хэсгээс иргэдийн эрүүл мэнд болон малын эрүүл ахуйн байдлыг шалгаад иргэн Д.Норсүрэнгийн малын хорогдол нь цацраг идэвхт бодисын нөлөөнөөс болоогүй, харин селени, зэсийн хордлогоос шалтгаантай гэдгийг тогтоосон. Засгийн газраас энэ талаар мэдээлэл хүсвэл тодорхой дүгнэлтийг нь үзэж болно. Ер нь мал, хүн хоёрыг харьцуулбал хүн илүү эмзэг. Хэрэв мал нь өвчлөөд үхсэн бол хүн ч гэсэн өвчлөх л байсан.Гэтэл манай ажилчидаас нэг ч хүн цацраг идэвхт бодисын нөлөөнөөс хордоогүй. Өрөмдлөгийн өмнө ба дараа цацрагийн хяналт хийж мөн нөхөн сэргээлт хийж дууссаны дараа жилийн эцсээр аймгийн болон сумын байгаль орчны байцаагчид нөхөн сэргээлт хийсэн ойр орчмын цацрагийн тунгийн хэмжээг танилцуулан хүлээлгэн өгдөг.Хайгуулын өрөмдлөгийн үед цацрагийн тунгийн хэмжээ ихсэх ямар ч үндэслэл байхгүй. Байгаль дээрх цацраг тухайн байгалийн бүтцээс хамааран их бага байдаг. Мөн газрын гадарга дээрх цацрагийн хэмжээ наран дээр байнга болж буй халуун цөмийн урвалаас ч хамаарна.Манай хайгуул болон туршилтын үйл ажиллагааны хүрээнд мал болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.

-Улаанбадрах суманд малын өвчлөл их байгаа нь урантай холбоотой гэдэг шүү дээ?

-Малын өвчлөл ихэслээ гэж төрийн бус байгууллагынхан их ярьдаг. Гэвч зөвхөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд малын өвчин их байгаа юм биш.Аймгийн малын зүй бус хорогдлын талаарх статистик мэдээгээр Улаанбадрах сумын хорогдол дунджаас доогуур байгаа.Баруун бүс нутгийн хэмжээнд харьцуулбал буурч байгаа гэсэн мэдээ байна.Судалгаа болон мэдээллээс харахад малын хоёр төрлийн уушгины өвчлөл говийн бүс нутгаар тархацтай байгаа.Энэ асуудал ганц манай хайгуул явуулж байгаа нутагт ч биш, Дорноговь, Өмнөговь, бас Төв аймгуудаар илүүтэй ажиглагдаж байна.Цацраг идэвхт бодисоос болж ард түмний дунд ямар өвчин үүсэх магадлалтай вэ гэж хүмүүс их асуудаг. Одоо явуулж байгаа хайгуулын ажил болоод бидний хийсэн туршилт, цаашид боловсруулах үйлдвэрийн шатанд тийм зүйл гарахгүй. “Арева” групп нь Олон улсын цацрагаас хамгаалах хорооны удирдамжин дор, 60 дугаар зөвлөмжийн дагуу Евро-атомын 96/26 удирдамжид заасан хэмжээг хүртэл багасгасан. Урьд нь хүн жилдээ дээд тал нь 50 миль зиберт цацрагийг авч болно гэж зөвшөөрдөг байсныг нь 18 болгосон.Бараг гурав дахин багасгасан гэсэн үг. Тэгэхээр манай хайгуулын газраас гарч байгаа цацрагийн хэмжээ үүний хаана ч хүрэхгүй,байгалийнхаа хэмжээнд байгаа. Харин ч Улаанбаатар хотын зарим нэг хэсгийн жилийн туршид хэмжигдсэн цацрагийн хэмжээнээс гурав дахин бага байдаг.

-Хайгуулын ажил байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаасаа танай компани хэр анхаарал хандуулж байна?

-“Арева” групп аюулгүй байдлыг хангах тал дээр эрдэм шинжилгээний баг ажиллуулдаг.Байгаль орчинд хохиролгүйгээр хайгуулын болон шар нутгийг боловсруулах үйл ажиллагаа явуулах тал дээр манайхыг шилдэг компани гэж үнэлдэг.Нөгөө талдаа “Арева”-гийн үйл ажиллагаанд хяналт шалгалт байнга тавьж байна.Монгол Улсын иргэн хүн иргэний үнэмлэхгүй бол амьдрахад хэцүү байна биз дээ. Түүнтэй адилхан бүхэл бүтэн тусгаар улсын газар нутаг дээр хайгуул хийж байгаа компани зөвшөөрөлгүй, хяналтгүй ажиллана гэж байхгүй. Түүнчлэн Монголын төрөөс манай хайгуулын төслийн үйл ажилагааны явцыг байнга хянадаг. Хайгуул, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цөмийн энергийн газар болон тухайн сумын засаг захиргаа, нутгийн иргэдийн төлөөлөл гээд зохих байгууллагуудад нь тогтмол тайлагнан ажиллаж байгаа.

-Танай компанийг шар нунтаг боловсруулж эхэлсэн гэдэг. Шар нунтаг боловсруулж эхлээгүй биз дээ?

-Үгүй. Үнэндээ бол 2.7 тонн цацраг идэвхт эрдсийн маш бага агууламж бүхий ураны хүдэр буюушороог туршилтаар гаргасан.Технологийн талаасаа давирхайд наалдуулж гаргасан энэхүү шороог дахин боловсруулж шар нунтаг гаргаж авна.Шар нунтгийг дахин тусгай өндөр нарийн технологиор боловсруулж, үйлдвэрлэлийн аргаар эцсийн бүтээгдэхүүн болох цөмийн түлш “уран”-ыг гаргаж авдаг.Харин энэ процесс хэзээ ч Монголд хэрэгжих боломжгүй. Тэгээд ч Монгол улс Цөмийн зэвсгээс ангид байх Олон улсын Конвенцид нэгдсэн.Тиймээс Монголд цацраг идэвхит ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг ямар ч аж ахуйн нэгж байлаа гэхэд шар нунтгaaс цааш боловсруулах олон улсын болон дотоодын ямар ч эрх зүйн боломж байхгүй.

-Шар нунтаг гаргахын тулд үйлдвэр барих ёстой гэж байна. Үйлдвэрээ хэзээ барьж эхлэх вэ ?

-Зөөвч-Овоо дээр Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил эхлээд хийх ёстой. ТЭЗҮ-ээ боловсруулахад доод тал нь гурван жил болох байх. Өөр олон шаардагдах материалуудыг бүрдүүлнэ. Тэгэхээр наад тал нь тав, зургаан жилийн хугацаа шаардлагатай.

-Хүдрээ гаргаад шар нунтгаа боловсруулаад авчихлаа гэж бодъё. Тэгээд шар нунтгаа гадаад зах зээл рүү хэрхэн гаргадаг юм бол?

-Нүүрс болон бусад эрдэс хэрхэн экспортолж байгаа шиг л зах зээлд нийлүүлнэ. Өөр хаана дараагийн шатанд нь боловсруулж болох нь вэ, тэр газар руу өгнө гэсэн үг. Зах зээлийнхээ ханшаар тухайн газар нутаг руу нийлүүлнэ.Өөрөөр хэлбэл уран баяжуулж гаргаж авахад шаардлагатай анхны түүхий эдийг манай улс бэлтгэж байна гэсэн үг. Хүмүүс үүний дараа Атомын цахилгаан станц барих гээд байна гэдэг.Тийм зүйл ерөөсөө байхгүй. Боломжгүй зүйл гэдгийг би урьд нь онцолж хэлж байсан.Миний ойлгож байгаагаар Монгол Улсын цацраг идэвхт эрдсийн тухай бодлогын хүрээнд тийм зүйл байхгүй.

-Ашиглалтын лиценз авахаар Засгийн газарт хандсан уу?

-Үгүй. Ашиглалтын лиценз зүгээр нэг өргөдөл өгөөд болчихдог зүйл биш л дээ.Цөмийн Энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гээд бусад хууль, эрх зүйн хүрээнд бичиг баримтаа бүрдүүлэх ёстой.Бүх бичиг баримтаа зохих ёсоор бүрдүүлж хандсаны дараа Засгийн газар шийднэ. Орд ашиглалтын лиценз авсны дараа ТЭЗҮ боловсруулах ёстой.

-“Арева”групп хэдэн онд байгуулагдсан бэ?

- 1958 онд Францын 3, Америкийн 1 компаний хамтарсан Фраматоме хэмээх компани байгуулагдсан. 2001 онд Фраматомед Германы Siemens-ийн Цөмийн бизнесын компани нь  нэгдсэн.Дараа нь 2001 оны 9-р сарын 3-нд Фраматоме болон 2 компани нэгдэж эрчим хүчний “Арева”групп байгуулагдсан түүхтэй. Дэлхий дахинд цөмийн эрчим хүчний чиглэлийн үйл ажиллагаа нь илүү танигдсан.

-“Арева” групп ямар орнуудад уран, цөмийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

- “Арева” групп 30 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. “Арева” группын уул уурхайн бизнес групп нь Австрали, Канад,Казахстан, Франц, Монгол, Нигер, Габон, Намиб, Нигер зэрэг найман оронд үйл ажиллагаа явуулж байгаа.

Төрийн бус байгууллагынхан манай компанийг “Хөгжиж буй орнуудад л үйл ажиллагаа явуулдаг” гэж шүүмжилдэг.Гэвч манайх Канадад маш том уурхайтай.Канад бол байгаль орчин, хүн амын эрүүл мэнд тал дээрээ маш сайн хяналтаа тавьж байдаг улс. Тэр Канадын туршлагыг Монголд хэрэгжүүлж байгаа.Тэгэхээр зөвхөн хөгжиж буй орнуудад цацраг идэвхт эрдсийн хайгуулын болоод боловсруулах ажил явуулж байгаа юм биш.

-Танай компани Монголд хичнээн хайгуулын лицензтэй вэ?

-“Арева Монгол” компанийн нэр дээр Сүхбаатар, Дорноговь аймгуудад нутагт 25 хайгуулын лиценз бий.Бид тусгай хамгаалалтын газарт байсан лицензээ буцааж өгч байсан тохиолдол байдаг юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Богд уул гэдэг тусгай хамгаалалттай газар дээр лиценз өгсөн байсан. Тэгэхэд нь Богд уулын хамгаалалтын бүсээс гадуурх хэсгийг аваад уулынх нь хэсгийг лицензийн зурагт оруулахгүй, ашиглахгүй байлгахаар үлдээж байсан.Тусгай хамгаалалттай, өөрийн гэсэн тахилга шүтээнтэй уулыг онгон байгалиар нь үлдээх ёстой байх.

-“Арева Майнз” компани гурван улсын эзэмшилд байдаг.Хэрхэн хувь эзэмшдэг юм бол?

-Монголын тал 34 хувийн өмчтэй. Үлдсэн хувь нь “Арева” болон Японы “Мицүбиши” корпораци эзэмшдэг.

-Хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Улаанбадрах суманд байх. Ураны хэр хэмжээний нөөцтэй гэж тогтоосон бэ?

-Хайгуул хийгээд нөөц тогтоогоод олчихсон нь Улаанбадрах сумын Дулаан-Уул, Зөөвч-Овоо гэсэн хоёр газар байна. Энэ хоёр газарт 64.7 мянган тонн ураны нөөцтэй гэж тогтоосон.

-Уул уурхайн компаниуд тухайн орон нутгийн хөгжилд анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Танай компанийн хувьд ийм зүйл байна уу?

-Бид орон нутагт маш олон ажил хийж ирсэн. Бид тухайн орон нутгийг хөгжүүлэх нийгмийн хариуцлагаа илүү тодорхой байлгах зарчимтай. Энэ жилийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард “Арева” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч ирсэн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун болон бусад Засгийн газрын эрх бүхий гишүүдтэй уулзалт хийж нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан. Төлөвлөгөөн дээр дээрх хүмүүсийн үнэтэй санаачилга, орон нутгийг хөгжүүлэх саналуудыг тусгаж, эцсийн байдлаар Дорноговь Аймгийн Засаг дарга болон бусад холблогдох байгуулагуудад төлөвлөгөөгөө хүр­гүүлсэн.Орон нутагт энэ талаар тодорхой мэдээлэл байгаа.

-Японд болсон Цөмийн цахилгаан станцын дэлбэрэлтээс үүдэн Монголд ураны хог хаягдлыг булах нь гэсэн айдас бий болсон.Та энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Японд Фүкүшимагийн цахилгаан станц дэлбэрсний дараа энэ улс хүндрэл бэрхшээлд орсон.Үүнтэй зэрэгцээд монголчуудын дунд Улаанбадрахын цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажлаас болж ихээхэн хор хохирол учирна гэсэн айдас төрсөн байх.Тийм юм байхгүй. Японы хувьд эцсийн бүтээгдэхүүн болох ураны баяжмалыг ашиглаж эрчим хүчээ хангадаг.

Манай улсын хувьд нэгдүгээрт цацраг идэвхт ашигт малтмалыг хайж байгаа.Хоёрдугаарт хэзээ ч эцсийн бүтээгдэхүүн гаргахгүй. Тийм учраас ямар ч аюул нүүрлэхгүй. Уг нь эцсийн бүтээгдэхүүн гаргавал эдийн засгийн маш их ач холбогдолтой байдаг.

-Дэлхийн зах зээл дээрх ураны үнэ ханш ойролцоогоор ямар байдаг юм бэ?

-Нэг килограмм уран нэг сая тонн нүүрсний гаргах эрчим хүчийг гаргадаг. Тэгэхээр үнэлгээний асуудал маш өөр байгаа биз.Шар нунтаг нэг кг нь 80 ам.доллар байдаг.Цэвэр ураны үнийг бид мэдэх боломжгүй. Мэдэх шаардлага ч байхгүй. Яагаад гэхээр бид уран гаргаж авахгүй, борлуулахгүй шүү дээ.

-Танайхыг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох хүртэл шаардлага хүргүүлсэн байна билээ?

- Харамсалтай нь байнга худал мэдээлэл тарааж ирсэн. Төрийн бус байгууллагуудад ийм маягийн үйл ажиллагаанд мэргэшсэн хүмүүс байдаг юм шиг л харагддаг.Анх “Бороо гоулд”-ыг үйл ажиллагаа явуулж байхад арьсны өвчин тараалаа, мал өвчиллөө, хүн хордлоо гэдэг байсан.Ингэж сүрдүүлж байж олон уул уурхайн компаниудаас мөнгө авсан тохиолдол байдаг гэсэн мэдээлэл бий.Тэдгээр байгууллагын тэмцлийн зорилго нь тодорхой.Над руу зарим гишүүд нь ярьж “Манай ТББ-ын зорилго анхнаасаа ийм байгаагүй. Өөр хүмүүстэй нийлээд, гаднаас хүмүүс орж ирээд ондоо болчихлоо” гэж хэлж байсан удаа бий.Тэр хүмүүс “Тусдаа та нартай хамтарч ажиллая” гэсэн саналыг ч ирүүлж байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Т.АМАРТҮВШИН