Хошин урлагийн ахмад уран бүтээлчдийн залгамж халаа болсон жүжигчдийн нэг “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүнтэй ярилцлаа. Дүрсгүй хүүхдийн дүрийг чадварлаг бүтээдэг түүнийг тайзан дээр жүжиглэдэг шигээ хөгжилтэй нэгэн хэмээн төсөөлж байсан ч харин ч даруухан нэгэн байсан юм.
 
 
“Бидний ярилцлага инээдмийн баяраар гарна” хэмээн түүгээр тайзны ард тохиолдсон хөгжилтэй мөчүүдийг нь яриулах гэж хичээсэн ч тэрбээр “Санахгүй байна” гээд ярьсангүй. Тайзан дээр тохиолдсон хөгжилтэй зүйл жүжигчдийн хувьд алдаа байдаг гэж нэгэн жүжигчин ярьсан байдаг. Тиймээс ч Билгүүн тэр талаараа яриагүй байж магадгүй юм.
 
 
 
-Инээдмийн баяраар хошин урлагийн тоглолтын тасалбар хамгийн эрэлттэй байдаг болохоор бэлтгэл, тоглолт гээд завгүй байна уу? 
 
-Манай продакшн өдөр бүр шилдэг номеруудынхаа тоглолтыг МҮЭСТО-д үзүүлж байна. Шинэ тоглолт хийх хараахан болоогүй учраас продакшны хувьд мэдээлэх сонин хачин алга. Харин инээдмийн баяраар хошин урлагийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн хамтлаг нийлж тоглолт хийхээр болсон.
 
 
Тоглолтод зориулж хамтлаг бүрийн залуу жүжигчид нийлж үзэгчдэдээ бэлэг барих гэж байгаа юм. Яг одоо тэр үзүүлбэрийнхээ бэлтгэлийг хийж байна. 
 
 
 
-Өнгөрсөн жил хошин урлагийнхан анхдугаар наадмаа зохион байгуулсан. Наадмаа энэ жил яагаад зохион байгуулаагүй юм бэ? 
 
-Наадмыг хоёр жилд нэг удаа хийхээр төлөвлөсөн. Тэгээд ч хошин урлагийнхан наадмаа олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Тиймээс дараа жил зохион байгуулах наадамд хошин урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хамтлагуудыг урихаар ярилцаж байгаа.
 
 
Дөрөвдүгээр сарын 1 бидний баяр. Тиймээс энэ жил хошин урлагийнхан хамтдаа үзэгчдээ баярлуулахын зэрэгцээ баяраа тэмдэглэхээр болсон. Дээрээс нь инээдмийн баяраар олон продакшн тоглолт хийхээр үзэгчид алийг нь үзэхээ мэддэггүй. Энэ утгаараа уран бүтээлчид хамтран тоглолт хийж байна. 
 
 
 
-Та ихэвчлэн дүрсгүй хүүхдийн дүрийг бүтээдэг. Ер нь Та амьдрал дээр хэр дүрсгүй вэ? 
 
-Даруухан шүү дээ. Ер нь дуу цөөтэй, нээлттэй хүн биш. Хүмүүс урлагийн хүнийг их нээлттэй, чөлөөтэй гэж боддог. Харин надад тийм зан байдаггүй. Гэхдээ хүнтэй сайн танилцсан хойноо илэн далангүй харилцдаг байж магадгүй юм. 
 
 
 
-Хүүхэд байхдаа ч даруухан байсан уу? 
 
-Би айлын дунд хүүхэд. Дээрээ нэг ахтай, нэг охин дүүтэй. Миний хүүхэд нас Төмөр замд өнгөрсөн. Одоо ч гэсэн тэндээ амьдарч байна. “Улаанбаатар” паласын дутуу баригдсан барилга дээр ах нарыгаа дагаж тоглож өссөн дөө.
 
 
 
Тухайн үед одоогийнх шиг кино театр, компьютер тоглоомын газар элбэг байгаагүй болохоор ах нартайгаа Туул гол уруу явж тоглодог байжээ. Мөн дугуйгаар Зайсан уруу явчихдаг хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
 
 
 
Шилний үйлдвэрээс гуурсан хэлбэртэй шил нууцаар аваад дотор нь модны үр хийж байгаад буудаж тоглоно шүү дээ. Дээрээс нь хлорын шохой усанд хийж буудуулах гээд их ажилтай байсан / инээв/. 
 
 
 
 
-Оюутан байхаасаа л “Шинэ үе”-ийнхэнтэй тайзан дээр гарсан. Заал дүүрэн үзэгчдийн өмнө анх гарч байсан үеэ дурсвал? 
 
-Жижиг тайз гэж байдаггүй. Харин жижиг жүжигчин гэж байдаг гэж ярьдаг. Би анх сургуулийнхаа тайзан дээр ангийнхан, багш нарынхаа өмнө гарч байсан. Харин олон үзэгчийн өмнө хоёрдугаар дамжаанд “Шинэ үе”-д байхдаа олны хэсэгт гарч байсан юм.
 
 
 
Анх сандрал, сэтгэл хөдлөл, биеэ барих гээд их хэцүү байсан. Тайзнаас буусны дараа л өөрийгөө ухаан орсон гэж боддог /инээв/. Тэр үед “Би ч жүжигчин болох яагаа ч үгүй юм байна” гэж бодож байсан. Яг үнэндээ үзэгчдийн өмнө гараад өөрийгөө чамлах сэтгэл төрсөн юм.
 
 
 
Тэгээд л өөрийгөө зоригжуулаад “Чамд боломж олдлоо. Одоо хичээх хэрэгтэй” гэж өөртөө хэлж байлаа. Ер нь би өөрийгөө их азтай гэж боддог. Урлагийн сургуулийг жилд олон хүн төгсдөг ч ажлын байр тун ховор шүү дээ. Тиймээс л авьяас чадалтайдаа биш, азтай учраас “Шинэ үе”-д орсон гэж боддог. 
 
 
 
-Таны бүтээсэн дүрүүдээс дуучин Болдыг дууриасан хэсэг үзэгчдийн сэтгэлд хамгийн их хоногшсон. Тэр дүрийг бүтээхийн тулд дуучныг нь их судалсан уу? 
 
-Дуучин Болдын биеэ авч яваа байдлаас эхлээд хүнтэй хэрхэн харилцдаг, ямар үзэл бодолтой гээд бүгдийг л судалсан. Энэ бүхнээс тухайн хүнийг аль талаас нь үзүүлэхээ шийдсэн. Мэдээж жүжиглэлтэд хэтрүүлэг нэмж, хүмүүсийг илүү хөгжөөнө.
 
 
 
Тэгээд ч тухайн үед Болдын “Хайрын хүч” цомог гарч байсан үе таарсан. Мөн Болд энтертайнмент чиглэлийн бүтээлүүдийг үзэгчдэд их сайхан хүргэж байсан. Тэр зүйлийг нь олж хараад чадан ядан дууриаж байсан юм даа. 
 
 
 
 
-Тухайн үед жүжиглэхдээ булчингаа сайн хөгжүүлснээ их чадамгай харуулж байсан. Тиймээс Таныг бодибилдингээр хичээллэдэг гэж бодож байлаа. Ер нь Та спортоор хэр их хичээллэдэг вэ? 
 
-Бодибилдингээр тууштай хичээллэх боломж олдохгүй л байна. Спорт клубт очих зав тэр бүр гарахгүй юм. Бодигоор хичээллэхэд нойр, хоол, бэлтгэл чухал. Миний хувьд нойр, хоолны зохицуулалт муу байгаа учраас дорвитой юм болохгүй байна. Бид заримдаа шөнө бэлтгэл хийдэг.
 
 
Тэгээд л шөнө хоол иднэ гээд баримтлах ёстой зүйлийг нь мөрдөж чаддаггүй. Хөдөө тоглолтоор явахаар эрүүл хооллолт гээд байх тун хэцүү. Тиймээс спортоор ахиц гарахгүй юм. Ерөнхийдөө би алхах дуртай. Гэхдээ сүүлийн үед больчихсон. Тэгээд л жин нэмээд байх шиг байна. 
 
 
 
-Продакшнаасаа Ганбаа Та хоёр арай илүү дотно юм шиг санагддаг. Нэг анги уу? 
 
-Ганбаатай нэг анги юм чинь тэгж харагддаг нь аргагүй биз. Миний дотнын найз шүү. Манай продакшнд “Мөрөөдлийн театр”-ын Алтаншагай байсан. Мөн Отгоо, Батуушка гээд бид нэг ангийнхан. Ихэнх нь “Шинэ үе”- эр дамжиж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 
 
 
 
 
-Таныг ажиглахад хип хоп дуу сонсдог юм шиг санагдсан. Ер нь хэр дуулдаг вэ? 
 
-Би дуулахдаа тааруухан. Энд тэнд найр хуримд очоод дуулахаар бүтэн мэддэг дуу цөөхөн юм билээ. Гэхдээ хип хоп, рэп дуу их сонсдог. Тиймэрхүү бүтээлүүдээс бүтэн мэддэг дуу олон бий шүү. Заримдаа таалагдсан хип хоп дуугаа дагаад үглэчихдэг юм. 
 
 
 
-Та амьдрал дээр жүжиглэдэг үү? 
 
-Тайзан дээр жүжиглэдэг хүмүүсийг амьдрал дээр бага жүжиглэ гэж сургадаг. Учир нь буруу зүйлд ашиглах гээд байдаг талтай. Ерөнхийдөө ажил маань жүжиглэх юм чинь үлдсэн цагаа өөрийнхөөрөө өнгөрөөх хэрэгтэй гэж боддог. 
 
 
 
 
-“Шинэ үе” продакшн хүүхдүүдэд зориулж бүтээл хийсэн. Жүжгээ хэдийд тоглох вэ? 
 
- “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” хүүхдийн жүжгээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглоно. Харин тоглолт дуусахаар хөдөө орон нутгаар явна. Дээрээс нь зун киноны зураг авалтад гарч магадгүй байгаа. Ер нь бүтэн жилийн төлөвлөгөө гаргачихсан л даа. 
 
 
 
 
-Та аав болсон уу? 
 
-Болоогүй л байна. Хайр сэтгэлийн асуудал төлөвлөгөөгөөр явдаггүй болохоор нэгэн цагт аав болох байх. Ерөнхийдөө эргэн тойрны найз нөхдүүд маань аав боллоо. Намайг “Чи яах гээд байна” гэдэг. Тэгээд л болох л байлгүй дээ. Бид 365 хоногийн 200-г нь уран бүтээлдээ зарцуулдаг юм билээ. Тэгэхээр гэртээ өнгөрөөдөг цаг ховор. 
 
 
 
-Дэлгэцийн бүтээлд өөрийгөө сорих бодол бий юу? 
 
-Хүмүүс тийм дүр бүтээнэ гэж боддог гэсэн. Надад тийм бодол байдаггүй. Заавал энэ тэр гэлтгүй өөрийгөө таньж мэдсэн, хөгжүүлж болохуйц уран бүтээлд тоглохыг хүсдэг. Манай продакшн дөрвөн кино бүтээсэн. Гэхдээ дэлгэцийн бүтээлийн талаар ярихад миний мэдлэг дутах байх.
 
 
Продакшндаа ажиллаад найман жил болж байна. Үнэндээ тайзны урлагийн зах зухаас л сурч байна шүү дээ. Одоо ч гэсэн мэдэхгүй зүйл олон байна. Ерөнхийдөө уран бүтээлийн санал ирвэл Бооёо ахын саналыг сонсдог.
 
 
Бооёо ах бидэнд “Эхлээд сурч мэд. Сайн сурсныхаа дараа юунд тоглох нь Та нарын дур” гэж хэлдэг юм. Би хувьдаа үүнийг зөв гэж боддог. Яагаад гэвэл туршлагагүй байхдаа тоглосон алдаа оноотой зүйл тэр чигээрээ үлддэг учраас эхлээд өөрсдийгөө сайн боловсруулах хэрэгтэй юм шиг санагддаг. 
 
 
 
-Гар утсаа олон гаргаж харах юм. Уран бүтээлийн шинэ санаануудаа байнга тэмдэглэдэг үү? 
 
-Гар утсаараа интернэтэд орж мэдээлэл авна. Ер нь энэ тэнд явж байхад гоё санаа төрвөл мартахгүйн тулд утсандаа тэмдэглэдэг. Жүжигчид дээр үед тэмдэглэлийн дэвтэртэй явдаг байсан гэсэн. Одоо ч илүү боловсронгуй болжээ.
 
 
Ах нар “Шөнө унтах гээд хэвтэж байхад уран бүтээлийн санаа орж ирнэ. Түүнийгээ өглөө босоод санадаггүй болохоор хувцасныхаа шүүгээн дээр бичдэг. Бичихдээ мартах гээд болохгүй болохоор товчилж биччихээд санах гэхээр болдоггүй” гээд л ярьдаг.
 
 
Т.Сэлэнгэ