Иргэдийн дунд хү­лээлт үүсгэсэн “Буянт-Ухаа” хорооллын барилга ашиглалтад орж, өчигдрөөс захиалгаа авч эхэллээ. Уг хороолол ашиглалтад орсноор бага, дунд орлоготой иргэдэд боломжийн үнээр байртай болох нь гэсэн горьдлого төрүүлсэн.

Гэвч тус хороололд байр захиалах иргэдэд төрөөс цензур тавьсан юм. Дээр нь залуу гэр бүлийн нас 35-аас хэтэрсэн бол уг хорооллоос байр авахаар захиалга өгөх боломжгүй гэдгийг бид мэдэж байгаа. Яах вэ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ир­гэд, төрийн албан хаагчид орон сууцны захиалгад хамрагдаж болно. Харин өрх толгойлсон эмэгтэй, орлого багатай, хувиарай хөдөлмөр эрхэлдэг ч нийгмийн даатгал төлдөггүй иргэдэд энэ журам огт хамаагүй. Учир нь одоо ашиглалтад ороод байгаа орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад үлдэж буй 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд хуваарилахаар журамд хатуу заасан юм.

Энэ журмаар 576 орон сууцны 340-ийг нь төрийн албан хаагчид хямд үнээр авч, үлдсэн 236-г нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр хувааж авах юм. Нэг ёсондоо байр авах хүсэлтэй залуу гэр бүл, өндөр настнуудын дунд чамгүй өрсөлдөөн үүсэх бололтой.

Тус хороололд захилга өгөх иргэдэд дараах шаардлагуудыг тавьсан. Байр авах хүсэлтэй иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй Монгол Улсын иргэн байх ёстой. Мөн анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа, төрийн болон аж ахуй нэгж, байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж сүүлийн хоёр жил нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн, банк сан

хүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх, өмнө нь банк санхүүгийн байгууллагаас орон сууцны зээл авч байгаагүй байх, орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх боломжтой байх, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авахад банк санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчдэд тавигдах нөхцөл шалгуурыг хангасан байх гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтийг тавьжээ. Тодруулбал, ажилтай, боломжийн орлоготой иргэд л байр авах учиртай.

Ийнхүү эдгээр бусад нийгмийн бүлгүүд “Буянт-Ухаа” хороолол руу харах ч эрхгүйгээр журмаа боловсруулж, одоо захиалгаа хэдийнээ аваад эхэллээ. Тус хорооллын 60 хувийг авах эрхтэй болсон төрийн албан хаагчдын хувьд хангалттай орлоготой. Дээрээс нь төрийн албан хаагчдад төрөөс өгдөг урамшуулал мундахгүй. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг нь Төрийн сангийн зардлаар их, дээд сургуульд төлбөргүй сургадаг. Аливаа сургууль, цэцэрлэгт тэдний хүүхдийг түрүүлж бүртгэдэг гээд олон жишээ дурьдаж болно. Ажлын цаг дуусаагүй байхад ажлаа орхиод явдаг, баасан гарагийг амралтын өдөр болгодог, төрийн алба бус хүнд суртлын алба болсон энэ салбарынхныг ингэж эрхлүүлэх шаардлагагүй ч төр гараа дахин сунгасан нь энэ. Төрийн албан хаагчид хувийн хэвшилд ажиллагсдыг бодвол баталгаатай ажлын байртай гэдэг нь ч тэднийг хөнгөлөлт урамшуулалаас нэг удаад хоцрооход хангалттай үзүүлэлт болно.

Төрийн албаныхныг ийн эрхэлж суух зуур өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүдийн асуудал “Буянт-Ухаа” хорооллоос байх авахаас эхлээд олон зүйл дээр орхигдож байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 81.2 мянган өрх толгойлсон эмэгтэй байгаагийн 23.8 мянга нь нийслэлд байдаг гэсэн тоог Нийслэлийн статистикийн газраас гаргасан. Хүн амын тоог 2.9 сая гэж авч үзээд, эмэгтэйчүүд хүн амын 50.1% гэж тооцвол ойролцоогоор 18 эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлсон гэсэн үг юм. Ийм тооны эмэгтэйчүүд ардаа 350 мянга гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх гээд зүтгэж яваа аж. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 60 хувь нь дунд, дундаас доош орлоготой байдаг аж. Нэг ёсондоо тэдэнд төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэг хамгийн их хэрэгтэй. Төрийн албан хаагчдаас илүүтэйгээр өрх толгойлсон эхчүүдэд хөнгөлөлттэй үнээр байр авах эрх хэрэгтэй байна.

Өрх толгойлсон эхчүүдэд төрөөс өгдөг тусламж бий. Гэхдээ тэр нь хангалттай биш. Тодруулбал, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт сард 70 мянган төгрөг, зайлшгүй дэмжих шаардлагатай, бага насны гурван хүүхэлтэй өрхөд амьжиргааг нь дэмжих зорилгоор жилдээ нэг удаа 60 мянган төгрөг олгодог ажээ. Ийм байхад улсаас ядаж тэдэнд байранд орох боломж бүрдүүлж “Буянт-Ухаа” хороололд захиалга өгөх боломж олгох зайлшгүй шаардлагатай ажээ.

 

БАЙР АВАХ ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ТҮЦ МАШИНААР ЗАХИАЛГАА ӨГНӨ

 

Яармагийн дэнжид баригдсан “Буянт-Ухаа” хорооллын 567 айлын орон сууцны нэг метр.квадратын үнийг 1.280.000 төгрөг байхаар Засгийн газраас зарласан. Тэгвэл уг байранд орох иргэдийн захиалгыг ТҮЦ машинаар дамжуулан өчигдрөөс авч эхэллээ. Нийслэлийн хэмжээнд ТҮЦ машин 20 ширхэг байрлаж байгаа тул захиалга өгөхөд иргэдийн хувьд хүндрэл үүсэх нь бага гэнэ. Мөн ТҮЦ машин 24 цагийн турш ажиллана. Харин захиалга өгөх иргэн иргэний үнэмлэхтэйгээ очиж, бүртгэлээ хийлгэнэ. Гол нь иргэд захиалгыг өгөхдөө бүртгэлээ үнэн зөв хийх ёстой. Хэрэв бүртгэлээ хуурамчаар өгсөн байвал хоёр дахь шатны шалгаруулалтын явцад энэ бүхэн нь илрэх аж. Бүртгэл гуравдугаар сарын 24-ний 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

“Буянт-Ухаа” хорооллын байрны захиалгыг ТҮЦ машинаар авхаар болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах Мэдээлэл технологийн үндэсний паркийн ТҮЦ машин дээр очсон. Өчигдөр 15:00 цагийн үед ТҮЦ машинаар үйлчлүүлж буй иргэдийн дунд “Буянт-Ухаа” хороололд байрны захиалга өгч байгаа хүн ганц нэг л байлаа.

 

ТҮЦ МАШИНЫ БАЙРШИЛ

 

-Баянзүрх дүүрэгт 14 дугаар хороо Сандэй худалдааны төв, 18 дугаар хороо Офицеруудын ордон, 23-р хороо Хужирбулан дэлгүүр.

-Баянгол дүүрэгт долоодугааро хороо Төв вокзал.

-Сонгинохайрхан дүүрэгт 20 дугаар хороо Орбитын эцэс, 11 дүгээр хороо Хөтөлийн буудал, 16 дугаар хороо 32-ын буудал, Миний дэлгүүр, 31 дүгээр хороо СХД-ийн 31 дүгээр хорооны байр

-Сүхбаатар дүүрэгт 12 дугаар хороо Мэдээлэл технологийн үндэсний парк, нэгдүгээр хороо 32-ын тойрог Номин худалдааны төв, Төв шуудан.

-Хан-Уул дүүрэгт хоёрдугаар хороо Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, 10 дугаар хороо Чингис хаан ОУНО буудал, наймдугаар хороо Яармагийн дэнж

-Чингэлтэй дүүрэгт 11 дүгээр хороо 17-ын дэлгүүр, дөрөвдүгээр хороо Тэнгис кино театр, 18 дугаар хороо Долоон буудлын эцэс худалдааны төв зэрэг газруудад байрлаж байна.

 

Д.МЯГМАРДОРЖ