УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Улс төрийн шуугиантай нөхцөлд төсөв хэлэлцэж байгаа. Таны хувьд төсвийн асуудлыг хэн хүнээс илүү анхаарч ажиглаж, дүгнэлт хийдэг. Энэ утгаараа ирэх оны төсөв эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, ард түмний амьдралд бодитой наалдсан төсөв орж ирсэн гэж үзэж байгаа юу?

-Төсөв гэхээр тоо л ярьж таарна, нэгт. Хоёрт, би ер нь аливаад шударга хандахыг хичээдэг. Тиймээс сайн,

муу аль алийг нь хэлчихдэг. Дөрвөхөн жилийн өмнө буюу 2021 онд Монгол 15.6 их наядын төсөвтэй байсан. Жил бүр 5-7 их наядыг нэмсээр ноднин 2025 онд 35.8 их наядын төсөв оруулж ирснийг нь бөөн тэмцэл өрнүүлж байж, ашгүй Ерөнхийлөгч хориг тавьснаар 33.5 их наяд болж бууруулаад, дээрээс нь алдагдалгүй болгож батлуулсан. Төсвийн хүрээний мэдэгдэлд 2026 оны төсвийг 37.3 их наяд, 2027 оныхыг бүр 40 их наяд байхаар төсөөлсөн байсан. Ёстой баримжаагүй, галзуурсан юм уу гэлтэй. Өмнөх шигээ бас л хэдэн их наядаар нэмээд оруулаад ирэх вий гэж айж байтал шинэ Засгийн газар ямартаа ч анх удаа өмнөх жилийнхээсээ бууруулж оруулж ирлээ. Маш ихээр шүүмжилж, иргэд ч мөн ихээр сонирхдог болсоны дүнд ямартай ч анх удаа төсвөө олон нийтээр хэлэлцүүллээ. Гарсан үр дүнгийн дагуу тодорхой салбаруудын төсвийг нэмж. Хэлэлцэх хугацааг 15 хоногоор урагшлууллаа. УИХ-аас тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гээд бөөн дүн тавьчихдаг байсныг жагсаалтаар тодорхой болгосон зэрэг бага сага дэвшил гарчээ.

-Тэгэхээр хөгжлийг  урагшлуулах төсөв орж ирж чадаж уу?

-Гэхдээ л том агуулгаараа хөгжлийг урагшлуулах төсөв бол биш, урьд өмнөх жилүүдийн жишгийг хадгалсан “үрэлгэн, өөдрөг” төсөв л байна. Энэ төсөвт иргэдийн амьдралд шууд наалдах бодлого огт байхгүй байгаа. Инфляцийн дарамтыг бууруулахгүй, өрхийн бодит орлогыг өсгөхгүй. Манай улс тэр чигтээ төрийн оролцоог тасралтгүй нэмэгдүүлж, түүнийгээ санхүүжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг хийсээр ирсэн.

Төсвийн энэ тэлэлт нь татвар хураамж торгуулийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр очиж, эцэстээ татвар төлөгчид иргэдийн нуруун дээр бүх ачаа нь ирж байна. Энэ мухардсан нөхцөлөөсөө дорвитой салж чадахгүй байна. Өмнөх жилийн төсвийн үеэр яригдаж байсан асуудлуудыг бүтэн жилийн хугацаанд шийдэж чадаагүй байна. Жишээлбэл, 208 хуулийн 1024 заалт төсвийн тэнцэлд төсвийн бодлогод сөрөг нөлөө үзүүлж байгаа. Эдгээрийг одоо болтол цэгцлээгүй байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг хуульчлах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байсан. Гэтэл одоо болтол энэ асуудлыг засгийн газар оруулж ирээгүй байна.

-Орлогоо хэт өөдрөг төсөөлсөн, мөн урсгал зардлаа дорвитой бууруулж чадаагүй гэдэг шүүмжлэлийг хэлж байна. Таны хувьд орлого, урсгал зардал тал дээр ямар байр суурьтай байна?

-Татвар төлөгчдийн мөнгийг данхайж томорсон төрийн бүх оролцоонд хүргэх гэж оромдож байна. Хэт өөдрөг орлого төлөвлөж байгаад хүчээр урсгал зардлаа санхүүжүүлэх гэж зүтгэдэг хэвшил тогтчихсон. Татвар төлөгчдийн нөөц үнэхээр шавхагдаад байна. Тэднийгээ татварын болон төрийн дарамтаар туйлдуулчихлаа. Мөнгө олох боломжтой салбарт хэрэгжих төсөл, гадаадын хөрөнгө оруулалтыг гадаад дотоодын даалгавраар улдан эсэргүүцдэг буруу жишиг тогтчихлоо. Данхайж томорсон төрийн бүтэц оролцоогоо хумьж чадахгүй мухардалд орчихсон байна. Бид том өөрчлөлт хийж байж энэ мухардлаас гарна. Төрийн оролцоо, бүтэц орон тоог 2-3 дахин багасгах, хувьд боломжтой бүх үүргийг шилжүүлэх, хотын хороод, зарим аймаг сумыг нэгтгэх асуудал ч байгаа. Төр өөрөө үнийн өсөлтийг хуулиар өсгөдөг байдлаа ч халах хэрэгтэй. Нэг гараараа тэтгэвэр цалин нэмдэг ч нөгөө гараараа тэр нэмэгдлээс давсан үнийн өсөлтийг төр өөрөө үйлдвэрлэж байна. Мөн үр ашиг багатай, сонгуулийн амлалтад чиглэсэн зүйлд хөрөнгө оруулалт хийдгээ болих цаг болсон.

-Төсвийн төслийг бүхэлд нь буцаах асуудлыг танай бүлгээс гаргасан. Уг асуудалд та бүлгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүлгээс гаргасан саналыг би дэмжиж байгаа. Яг л урьд урьдынх шигээ энэ төсөв ч мөн иргэд, бизнес эрхлэгчдийн халааснаас мөнгийг нь хуй сэгсрэх ч, эргээд үйл ажиллагаанд нь, амьдралд нь өгөөж тааруу байхаар байна. Татвар төлөгчдийн мөнгө эргээд тэдний хөгжлийг дэмжих ёстой гэдэг зарчмын эсрэг хэвээрээ л байна. Тиймээс бүхэлд нь буцааж, бодитой өөрчлөлт гарахуйц шинэ төсөв боловсруулах нь хэн хэндээ зүйтэй. Шинэ Засгийн газрыг хуучин муу Засгийн газраасаа илүү ажиллаасай, дорвитой томоохон өөрчлөлтүүдийг хийгээсэй л гэж хүсэж байна.

-Эрх баригч намын даргын сонгууль болж дууссан. Гэвч сонгуулийн дүнтэйгээ тус намын гишүүд зөрчилдөж байх шиг. Нөгөөтэйгүүр нүүрсний хулгайн асуудал дахин гарч ирлээ. Үүндээ эрх баригч намын, тэр дундаа Төрийн өндөрлөгүүд хоорондоо улаан цагаандаа гарч үзэж байна. Уг асуудалд сөрөг хүчний гишүүний хувьд ямар байр суурьтай, ямар дүгнэлттэй сууж байна вэ?

-Эрх баригчид намын асуудлаа дотооддоо шийдэж чадахгүй байна. Улмаар энэ зөрчлөө төрийн ажлыг гацаах хэмжээнд авчирч байгаа нь маш буруу. Тэд намын ажлаа намын байран дээрээ хийх ёстой. Харин нүүрсний хулгайг Монголын иргэдийн өмчийг, боломжийг дээрэмдэж буй төрийн дээд түвшний зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үздэг. Эзэн холбогдогчид нь тодорхой ч яг илчлэх гэхээр нотлох баримт нь олддоггүй, эрх мэдэлтэй маш олон хүн зэрэг холбогдож орооцолдсон тор, гинж үүсгэдэг маш хүнд төрлийн хулгай. Гэхдээ энэ хулгайг бид заавал илрүүлэх ёстой. Өмнө хийсэн нүүрсний сонсголын мөрөөр ямар хяналт шалгалт хийж байгааг УИХ дахин шалгаж шаардаж үр дүн гаргаж ажиллахад анхаарах хэрэгтэй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр таныг хил холболтын гэрээг сайжруулах асуудлаар сонсгол хийх ёстой гэж хэлсэн нь зөв санаачилга гэж ярьж байна лээ. Та энэ асуудлаар УИХ-д ямар санаачилга гарган ажиллах гэж байгаа юм бэ?

-Хил холболтын гэрээний хүрээнд гурван том асуудал байгаа, төмөр замын холболт, нүүрсний худалдаа, уурхайн ам нээх гэсэн. Гэтэл энэ гурвын нэрнээс цааш мэдээлэл УИХ-ын гишүүдэд алга. Бид Засгийн газарт өгөх ерөнхий чиглэлийг нэг удаа УИХ-ын тогтоолоор баталсан, дараа нь Харбинд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан. Энэ хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, үнэ, нүүрс нийлүүлэлтийн нөхцөл гээд бүх асуудал нь нууцад орсон бололтой. Хаалттай мэдээллийн ард том хулгай нуугдаж магадгүй гэсэн хардалт их байна. Иргэд олон нийтээс ч шалга, гэрээний нөхцөлүүдийг Монгол Улсад ашигтай болго, биднийг мэдээллээр ханга гэсэн хүсэлт маш их ирж байна. Иргэд маш зөв шаардлага тавьж байна гэж үзэж байгаа. Тиймээс иргэдийн мэдэх эрхийг хангах, улмаар Монголд ашиггүй гэрээ байвал өөрчлөн сайжруулах ёстой гэдэг зорилгоор хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төсөл санаачлан ажиллаж байна.

-Энэ гэрээг дахиад шинэчилье гэвэл боломж байгаа юу. Хэрвээ шинэчлэх боломжтой бол нүүрсний үнээс гадна өөр засах шаардлагатай зүйл юу байгаа вэ?

-Шинэчилж сайжруулж болдоггүй гэрээ хэлэлцээр гэж байдаггүй. Нүүрсний үнээс гадна төмөр замын холболтын үнэ өртгийн асуудал, нүүрс сорчлон олборлож зарахтай холбоотой асуудал, шинээр ашиглах уурхайн ам, тээврийн нөхцөл нь манайд хэр ашигтай байгаа, ажиллах хүчний оролцооны асуудал гээд олон асуудлыг энэ гэрээний хүрээнд судалж үзэх шаардлагатай байгаа.

АН-ын хувьд УИХ-ын даргыг чуулган удирдах ёс зүй байхгүй гэдгийг хэлж байгаа. Танай бүлгийн хувьд энэ парламентад хамгийн том сөрөг хүчин. Энэ утгаараа эрх баригч намын зодоонд оролцож Засгийн газрыг огцруулах, аль эсвэл УИХ-ын даргыг огцруулах зэрэг улс төрийн акц нэгдэн өрнүүлэх үү?

-Манай намын улс төрийн зөвлөл болон УИХ дахь бүлгээс зүй ёсны шаардлага тавьсан. Эрх баригч намын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асуудлаас хальж, Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэл байна гэж үзсэн учраас маш тодорхой шаардлагыг тэдэнд тавьсан. Монгол парламентын тогтолцоотой улс тул парламентын нэр хүнд, дархлаа ихээр унаж буйг зогсоох ёстой. Тиймээс УИХ-ын дарга гэмт хэрэгт нэр холбогдож буй асуудлаа нэг тийш болтол УИХ-ыг битгий удирд, Засгийн газар төсвөө бодит болгоод ороод ир гэсэн л зарчмын шаардлага.

-Сүүлд асуухад, УИХ-д хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон. Гэтэл эмэгтэй гишүүдийн хоорондох зөрчил, ойлголцлын зөрүүтэй байдал нэлээд байна уу. Тухайлбал, М.Нарантуяа-Нара гишүүн та хоёрын хооронд үүссэн зөрчил ямар учиртай юм бэ. Угтаа нийгэмд тулгамдсан олон асуудал байна. Гэтэл өөр хоорондоо ёс бус үг хэллэгээр маргалдаж, түүнийгээ нийгмийн сүлжээнд шуугиулаад байгаа нь та бүхний ёс зүйд харш үйлдэл болж байгаа юу?

-Манай эмэгтэй гишүүд өөр өөрийн мэргэшсэн салбартаа маш сайн ажиллаж байгаа. Цэнгүүн гишүүн эрчим хүч, Батчимэг, Пунсалмаа гишүүд бизнесийн салбарын эрх чөлөө, Мөнхтуяа боловсрол, Энхтуяа ахмад настны нийгмийн хамгаалал, Ганмаа гишүүн эрүүл мэнд, Баасанжаргал гишүүн хүний эрх, Саранчулуун гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт. Ундраа, Соёлоо, Уянгахишиг, Номинчимэг гэсэн гишүүд бас салбар салбартаа маш санаачилгатай ажиллаж байгаа. Бүгдийг дурдаж амжихгүй нь уучлаарай. Миний хувьд сонгогдонгуутаа цэрэг цагдаагийн байгууллагад иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар УИХ-ын хяналтын сонсгол санаачилсан, тус сонсголын дүгнэлтийн дагуу одоо ч ажил үргэлжилж байгаа. Мөн 2025 оны улсын төсвийг алдагдалгүй батлуулахад санаачилгатай ажилласан, энэ хүрээндээ төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаа. ХХОАТ-ыг 1 хувь болгох 100 мянган иргэний хүсэлтийг хуульчлахаар хуулийн төсөл санаачлан ажиллаж байгаа. Сонгогчдын санал худалдан авалттай тэмцэх, сонгогчдын боловсролыг дэмжих, шударга сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, хуулийн төслүүд санаачлан ажиллаж байгаа. Улс төрчийн ажил бол зөвхөн чанга дуугарч, гишүүдийг загнадаг ажил биш шүү дээ. Маргаан мэтгэлцээн тэмцэл байнга өрнөж байдаг талбар, гэхдээ энэ нь ажил хэргийн, үзэл санааны мэтгэлцээн байгаасаа гэж боддог. Харамсалтай нь эрх баригч бүлэглэлүүд шүүмжлэл хэзээ ч хүлээж авдаггүй юм байна. Шүүмжлэх бүрд маргаашнаас нь л гүтгэх, харлуулах ажиллагаа эхэлдэг. Хэр их шүүмжилнэ төдий чинээ гүтгэнэ. Арга хэлбэр нь янз бүр! Сүүлдээ бүр олон дагагчтай, хэл ам хурц улстөрчдийг ашигладаг болсон нь тун эмгэнэлтэй. Уг нь би Нарантуяа гишүүнтэй зүв зүгээр харилцаатай байсан. Гэнэт л хавар Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах үеэс л над руу дайраад эхэлсэн. Сүүлд Нүүрсний гэрээг шалгах түр хороо байгуулна гэсний дараа гэнэт л өөрийнхөө пэйжээрээ хүн доромжлоод эхэлсэн. Улмаар өөрийнхөө баяныг гайхуулж, намайг өлөн зөлмүүн өссөн, гуйлгачин, хөгшин я…, удмаараа луйварчин гэх мэт болон энэнээс ч аймаар үгсээр доромж гүтгэлгийг урсгаад эхэлсэн. Ухамсарт амьдралаа бараг тэр чигт нь шударга ёсны төлөө явсан бурхан болооч аавыг маань хүртэл удаа дараа гүтгэн, доромжлоод байхаар нь тэвчээр алдан, өөрийнхөө бага, залуу насны амьдрал, байдлыг тайлбарласан юм, уг нь. Атал, Нарантуяа гишүүн өөрийнхөө хүн доромжилсон хэсгийг нуучихаад, миний тайлбар маягийн хэсгийг гаргаснаас болж иргэдэд буруу ташаа ойлголт, сэтгэгдэл төрүүлсэн. Би ч бас тийм тайлбар бичсэндээ маш ихээр гэмшиж байгаа тул нийт иргэдээсээ түмэнтээ хүлцэл өчье. Улстөрч хүн бас элдэв гох мэхэнд орохоос үргэлж сэргийлж, тэвчиж байх ёстойг зах зухаас нь ойлгож л явна. Гэхдээ ингээд янз бүрийн аргаар хүмүүсийг дуугүй болгохыг оролдоно гэдэг нь өргөн агуулгаараа ардчилалд маш хортой. Учир нь шүүмжлэлт сэтгэлгээ бол аливаа буруу зүйлийг зогсоож байгаагаараа хөгжил дэвшилд маш хэрэгтэй зүйл.

Цаашид санаачлаад явж байгаа хянан шалгах түр хороогоо байгуулах, улмаар хяналт шалгалтыг маш сайн хийж шинэ жишиг тогтоох, дээр дурдсан хуулийн төслүүдээ эрдэмтэд, иргэдийн өргөн оролцоотойгоор боловсруулж, хууль хэрэгждэг хуулийн засаглалтай улс болохын төлөө бусад гишүүдтэй хамтран ажиллана, бидэнд хийх ажил маш их байна.