"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол үдээс хойшхи сонсгол болж байна.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Монгол Улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд байна. Засгийн газраас бондын баталгаа гаргаж өгдөг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 2026 онд 4.6 их наядаар батлагдаж, гүйцэтгэл нь 0.6 их наяд төгрөг байна. За ингээд үдээс хойшхи сонсголоор эхний хоёр илтгэл танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, үг хэлнэ. 

Шинжээч н.Данаасүрэн: Туулын хурдны замын төсөл дээр маргааш Аудитын газрын дарга нь өөрөө дүгнэлтээ хэлэх учраас энэ дүгнэлтээ төсвийн гүйцэтгэл, санхүүгийн шинжилгээнд хийсэн дүгнэлтийн хүрээнд танилцуулъя. Нийт 16 мега төслийн төсөвт өртөг 8.1 тэрбум ам.доллар буюу 28.9 их наяд төгрөг. Тодруулбал, 2025 оны улсын төсвийн 93 хувьтай тэнцэх дүн, орон нутгийн нийт төсвөөс 3.6 дахин, хотын төсвөөс 6.5 дахин их дүн юм. Эдгээр төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх нь чухал байгаа. 

Метроны төсөл хамгийн их буюу 30 хувийг эзэлж байгаа бол нэг, хоёрдугаар тойрог зам, Сэлбэ дэд төв, Тавдугаар станц, Туулын хурдны зам төслүүд 70 орчим хувийг эзэлж байна. 

Нийт 16 төслийн 10 нь 2025-2027 он хүртэл хэрэгжихээр байгаа ч цаг хугацаа дундаа орсон хэдий ч 28.9 их наяд төсөвт өртгийнхөө таван хувийг л зарцуулсан байна. Тодруулбал, Дүүжин тээвэрт 26 хувь, Туулын хурдны зам болон Баянхошуу дэд төв 22 хувьтай байгаа бол бусад төслүүдийн зарцуулалт хангалтгүй байна. 

Нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төслүүдийг зургаан эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гадаад зээл, гадаад бонд нь 54 хувь буюу 15.5 их наяд төгрөг байна. Тухайлбал, төр хувийн хэвшлийн түншлэлээр 25 хувь, нийслэлийн төсвөөр 19 хувь, буцалтгүй тусламжаар хоёр хувь, гадаад бондоор найман хувь, гадаад зээлээр 46 хувийг санхүүжүүлж байна. Улаанбаатарт том төслүүдийг эрэмбэлдэггүй юм байна. Төсвийн төлөвлөлт, тайлагналтийг ил тод байршуулах шаардлагатай байна. 

Screenshot 2026-06-15 143256

Screenshot 2026-06-15 143449

 

 

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал: АТГ-аас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт дээр зарим мэдээлэл өгөх зөвшөөрлийг олгоогүй байна. Тиймээс бусдын овог нэрийг хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгье. УЕП-ын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, шалгаж байна. Үүнээс, Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийн тендер, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөвтэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер, Сэлбэ дэд төвийн долоон багц ажил зэрэг нийтийн тээврийн зургаа, замын салбарын дөрөв, барилгын салбарын дөрөв, эрчим хүчний салбарын тав, усны салбарын таван гээд нийт 24 төсөл хөтөлбөр байгаагаас 11-д нь санхүүжилт олгоогүй бол 13 төслийг эхлээд явж байгааг шалгаж байна. Шалгалтын явцад 30 дансны 2.6 их наяд төгрөгийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, найман хүнийг яллагдагчаар  татан, гурван хүнийг цагдан хорьсон байна. 

НЗДТГ, НИТХ болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын мэдээллийг өгье. Өнгөрсөн 2024 онд нийслэлд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийг хянаж, 80 мэдүүлэг гаргагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 198 сая төгрөгөөс дээш ХОМ мэдүүлсэн байна. Өнгөрсөн 2025 онд 821 нийтийн албан тушаалтныг хянаж, 693 албан тушаалтныг зөрчилгүй, 98 албан тушаалтан томилогдвол зөрчил үүсч болохуйц, зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэж сануулж, хүргүүлсэн. Энэ онд 310 албан тушаалтны ХОМ-ийг хянаж, 257 нь зөрчилгүй, 22 хүнийг анхааруулж, гурван албан тушаалтныг илт зөрчилтэй гэж хүргүүлсэн.