БАЙР СУУРЬ: Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсголын үеэр хэн, хэн юуг өгүүлэв
2 цагийн өмнө

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
-Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 24 хувиар өссөн-
Сангийн сайд З.Мэндсайхан: Улаанбаатар хот болон улсын төсвийн хоорондын харилцаа, цаашид анхаарах асуудлаар танилцуулга бэлтгэлээ. 2026 онд нийслэл 2.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үнэт цаас болон зарлагын хэмжээ 2.6 их наяд төгрөг байна. Мөн улсын төсвөөс 42.6 тэрбум төгрөгийг нийслэлд олгож байна. Нийслэлийн төсвийг Хүн амын орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хөрөнгийн татвар болон татварын бус орлогоос бүрдэж байна. Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 24 хувиар өссөн. Улсын төсөвтэй харьцуулбал, нийслэлийн төсвийн бүтэц ХХОАТ болон ААНОАТ нь нийслэлийн орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа нь нэгдсэн төсвийн 40 орчим хувиас өндөр үзүүлэлт бөгөөд нийслэлийн орлого хөдөлмөр эрхлэлт, ААН-ийн үйл ажиллагаанд суурилсан татварын баазад илүү төвлөрснийг харуулж байна.

Нийслэлийн төсвийн зарлага 2025 оны гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32 хувиар өссөн. Өнгөрсөн 2022 оноос хойш зарлагын тэлэлт үүссэн. Тодруулбал, 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наядын зарлага батлагдсан байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр -2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байна. Улсын төсвийн алдагдал нэг их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн алдагдал дангаараа нэгдсэн төсвийн нийт алдагдлаас өндөр байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсч, улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Нийслэлийн төсвийн зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас бид цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог бий болгож, Төсвийн тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зохицуулалт оруулахгүй бол асуудал үүсэх эрсдэлтэй. Оны төгсгөл рүү механик зохицуулалт хийхээс өөр замгүй болно. Нэг ёсондоо төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно. Улсын төсвийн гадуур нийслэлийн төсөв алдагдал бий болгож, хяналт тавих боломжгүй болж байна.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Төсвийн хуульд байсан зарлагын бүх бүтцийг чиг үүргийн эрх мэдлийг нийслэл рүү татаж, зөвхөн орлого талыг нь улсын төсөв дээр үлдээсэн. Ингэснээр орлогоо хянаж, зарлагаа хянах боломжгүй болсон.
-Хөрөнгө оруулалтын зардал нийт төсвийн зардлын 53 хувийг эзэлж байгаа бөгөөд төсөл арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна-
Шинжээч н.Хосжаргал: Нийслэл 2024 онд төсвөө дөрвөн удаа тодотгохдоо анх батлагдсан төсвийн алдалдлыг нэмэгдүүлж баталсан. Өнгөрсөн 2025 онд анхны баталсан төсвийн алдагдлыг бууруулсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч тухайн оны төсвөөс санхүүжих дүнг бууруулсан нь хууль зөрчсөн байна. Төсөл арга хэмжээний мөнгөн дүн нэмэгдүүлэхдээ нийслэлийн төсвийн төсөлд тусгагдаагүй, урт болон богино хугацааны баримт бичигт тусгагдаагүй, уялдаагүй байсан. Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад зарлагын өсөлт 34.6 хувьтай, алдагдалтай гарч төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Баталсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагын гүйцэтгэл дунджаар 77 хувьтай байгаа нь төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээний биелэлт зорилтот түвшиндэээ хүрсэн гэж үзэхээргүй байна. Хөрөнгө оруулалтын зардал нийт төсвийн зардлын 53 хувийг эзэлж байгаа бөгөөд төсөл арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна.
-16 мега төсөл 28.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй-
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга н.Оюумаа: Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хуулийн этгээд, компани үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 26 орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2025 онд долоон компани 7.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан болд есөн компани 14 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Мөн 18 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 18.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 6 үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа бол дөрвөн компани аудитын хязгаарлалттай дүгнэлттэй гарсан.
Эдгээр хуулийн этгээдүүд 16 мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайн төсөл хөтөлбөрийг хариуцсан бүх мэргэжилтнүүд энд ирсэн байгаа. Нийт 16 мега төсөл 28.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Өнөөдөр 1.3 их наяд төгрөгийн зарцуулалттай буюу 4.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
-НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна-
Шинжээч н.Мөнхбаатар: Нийслэлд орон нутгийн өмчит 43 аж ахуйн нэгж байгаагаас нийслэлийн өмчит 40 бол 30 нь компани, 26 нь ОНӨААТҮГ байна.
НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 буюу 62.5 хувь нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна. Мөн 10 төлөөлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа нь засаглалын төвлөрөл, хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Тодруулбал, НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.







Зочин · 1 цагийн өмнө
BOIB XXN 8095587