ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
1 цагийн өмнө

Намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд л АН-ын зүгээс гурав хоногийн завсарлага авлаа. Улс төрчдийн "халуухан" өдрүүд үргэлжилж байна. Өчигдөр өглөө Ерөнхий сайд Н.Учрал Хуульзүйн сайдыг огцруулж буйгаа мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажиллахдаа аймгийн удирдлага болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагын дарга нартай уулзаж, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, төрийн алба, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой үүрэг, чиглэл өгсөн юм.
Тэрбээр үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь хэнийг ч гадуурхаж болохгүйг сануулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоохыг үүрэг болгосон.
Тэгвэл Ерөнхийлөгч Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзсанаас гадна Баян-Өлгийд өгсөн үүрэг, даалгаврынхаа хүрээнд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна. Уулзалтад АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагын удирдлагууд оролцож байгаа талаар мэдээлжээ.
Ийнхүү Ерөнхий сайдын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн салбарын удирдлагуудад хариуцлага тооцож, шалгуулах шийдвэр гаргасан бол ҮАБЗ-ийн тэргүүний түвшинд хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.






