Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
1 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа намын дотоод нөхцөл байдал, гишүүдийн байр суурь болон сахилга хариуцлагын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй МАН-ын бүлэг дэх “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэдгийг онцлов. Харин ажлаа өгсөндөө гоморхсон болон улстөрчид хоорондын харилцаатай холбоотой байр суурь илэрхийлж буй 10 гаруй хүн байгааг хэллээ.
Я.Содбаатар “Манай намын бүлэгт 38:30 гэсэн тоо байхгүй. Ажлаа өгсөндөө гоморхсон, улстөрчид хоорондын харилцаатай холбоотой 10 гаруй хүн байх шиг байна. Энэ хүмүүстэй намын удирдлага, хяналтын шатны байгууллагууд уулзаж, ярилцаж, ойлголцох тал руу явж байгаа” гэв.
Энэ хүрээнд өчигдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг дуудаж уулзсан байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр МАН дотор талцал, хуваагдал, фракц бүлэглэл байхгүй бөгөөд хувь улстөрчид өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа аж.
Мөн МАН 31 дүгээр Их хурлаа хийж, Н.Учралыг намын даргаараа сонгосныг сануулав. Сонгууль ойртож байгаатай холбоотойгоор намын лидерүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа мэтээр ярих болсон талаар ч байр сууриа илэрхийллээ.
Харин намын бодлого, эв нэгдэл болон дүрмийн асуудал дээр хатуу байр суурь баримтална гэдгээ Я.Содбаатар мэдэгдэв.
Тэрээр “Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө. Энэ том нам дүрмийн хүрээнд явж ирсэн. Засгийн газрын асуудал орж ирээд эсрэг ярьсан, ямар нэгэн үйлдэл парламентын гишүүн гаргавал намаас хөөнө” гэлээ.
Ийнхүү МАН-ын удирдлага нам дотор “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэж мэдэгдсэн ч байр суурийн зөрүүтэй 10 гаруй гишүүн байгааг үгүйсгэсэнгүй. Тэдэнтэй намын удирдлага болон хяналтын шатны байгууллагууд уулзаж, ойлголцох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд намын бодлого, эв нэгдэл, дүрэмтэй холбоотой асуудалд сахилгын хариуцлага тооцох байр суурь баримталж байгаагаа илэрхийллээ.






