Монгол улсын эдийн засаг өдрөөс өдөрт дордож байгаа талаар бид  өмнө нь мэдээлж байсан.  Тэгвэл  өнөөдөр манай улсын  эдийн засаг элгээрээ эвхэж, дөрвөн хөллөж байгаа гэхэд буруудахгүй.  

Эдийн засаг элгээрээ мөлхөж байгаа нэгэн жишээг дурьдая.   Манай улсад 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж буурсан байгаа юм.  

Үүнээс гадна манай улс эдийн засаг дордож байгааг Олон улсын валютын сан батлаад байна.  Тодруулбал, ОУВС Монголын эдийн засагт хийсэн дүгнэлт, зөвлөмжөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 онд хоёр оронтой тоонд хүрэхгүй 9.5 хувьтай байхаар тооцоолсон байна. Мөн ОУВС, Дэлхийн банкны хамтарсан “Өрийн зохистой байдлын анализ /DSA/” судалгаагаар өрийн дарамтад орох эрсдэлтэй, банкны салбар эмзэг байгааг мэдээлсэн.  

Тэгвэл өнөөдөр  манай улсын нийт өрийн хэмжээ  19.2 тэрбум ам.долларт хүрээд байна.  Тодруулбал,  Монгол  улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар /10 их наяд 15 тэрбум/. Үүн дээр Засгийн газрын дотоод өр 1 их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Энэ өр, зээлийн хүүг 10 хувь гэж бодоход 1 тэрбум 921 сая ам.доллар буюу өнгөрсөн оны 12 сарын дундаж ханшаар тооцоход 3 их наяд 265 тэрбум төгрөг болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр өнгөрсөн оны эдийн засгийн 11,7 хувийн өсөлт зөвхөн гадаад өрийн хүүний үйлчилгээг төлөхөд 6,9 хувиар дутаж байна.

 2013 оны макро эдийн засгийн хувьд гурван эрсдэл байгааг эдийн засагчид онцолж байна.  1.  Нүүрсний экспортын зогсонги байдал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 55 хувийн бууралт, төгрөгийн нийлүүлэлтээр дэмжигдсэн импортын хурдацтай өсөлтийн үр дагавраар гадаад худалдааны алдагдал нэмэгдэж ирлээ.

2. лсын өр ДНБ-ий 49.5 хувьд, нийт гадаад өр ДНБ-ий 146 хувьд хүрснээр  валютын нөөц хомсдож буй үед гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэх боллоо.

3. Валютын ханш 20 хувиар өссөнөөс шалтгаалан инфляцийн дарамт нэмэгдэж, мөнгөний тэлэх бодлогыг эрсдэлд оруулж байгаа.

Мөн Монголбанк, Засгийн газартай хамтарсан үнэ тогтворжуулах, "Чингис" бонд, Хөгжлийн банкны хөтөлбөрүүд нь нэг талаас импортыг тэтгэсэн, нөгөө талаас бизнесийн орчинг муутгасан гэж эдийн засагчид дүгнэж байна. Тэдний мэдээлж байгаагаар            валютын ханшийн огцом өсөлтийн үр дагавраар валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд 573 тэрбум төгрөгийн ханш тэгшитгэлийн алдагдал хүлээсэн. Түүнчлэн валютын чанаргүй зээл 87 тэрбум төгрөгөөр 222 тэрбум төгрөг болж 2.6 дахин нэмэгдсэн. Иймээс 2013 онд үүссэн макро эрсдэлийн нөхцөл байдал энэ онд ч хадгалагдах магадлал өндөртэй гэнэ.

Иймээс өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцууд нь томоохон төслүүдийн гацааг гаргаж, эргэлтэд оруулах, импортын хэрэглээг дэмжсэн зээлийн хэт өсөлтийн хурдыг сааруулах, эдийн засгийн өсөлтийг бодит түвшинд нь хүртэл бууруулах, долларын ханшийн гадагшлах урсгалыг багасгах, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоох, экспортын орлогыг дорвитой дэмжих, нүүрс, төмрийн хүдрийн өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой гэдгийг эдийн засагчид хэлж байна.

А.Баярмаа