2020 оны улсын төсөв: Дөрвөн хүүхэдтэй эхэд 6 жилийг нэмж тооцно
2019/09/27
Өчигдөр сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны улсын төсвийг танилцууллаа. Нийт орлого 12.9 их наяд төгрөгөөр, нийт зарлагыг 13.8 их наяд төгрөгөөр тооцжээ.
Нийт орлогын хувьд татвар, татварын бус орлого, тусламжийн орлого, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн хөрөнгийг оролцуулаад тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд төгрөг болно гэв.
Харин нийт зарлагын хувьд цалин, тэтгэвэр, тэтгэмж, татаас, зээлийн хүүгийн төлбөр, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний бусад зардал, эргэж төлөгдөх зээлүүд орсон байна. Ингээд тооцохоор улсын төсвийн тэнцэл 2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байгаа аж. Энэ нь ДНБ-ийн 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцжээ.
Үүнийгээ сангийн сайд “Хэдий ийм алдагдалтай гарч байгаа ч 2023 оноос эхлэн төсөв ашигтай болно” хэмээн онцлов. Харин алдагдлыг шууд танах нь иргэд, ААН-д сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул алдагдлыг үе шаттайгаар, аажим буулгана гэсэн юм. Эдийн засгийн гүйцэтгэл, орж ирэх орлогоор тооцон эдийн засгийн өсөлт ирэх онд 8 хувьтай байхаар тооцоолсноо ч мөн дуулгалаа.
Тэрбээр танилцуулгынхаа эхэнд ирэх онд эдийн засгийн өсөлтийг 6-гаас эцсийн байдлаар 7-8 хувь байхаар (2018 он онд 7.2 хувь байж, хагас жилийн дүнгээр 7.3 хувь гарсан), инфляцин түвшин мөн одоогийнхтой ойролцоо 8 хувьд цааш үргэлжлэхээр байна гээд, “2020 онд эдийн засгийн өсөлтийг 2019 онтой харьцуулахад, 0.3 пунктээр сайжирч байгаа ч гэсэн хүлээгдэж буй тодорхой эрслүүд байна” гээд үүнд АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны маргаан, үүнээс улбаалаад БНХАУ-ын эдийн засаг саарах магадлал, мөн санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, хэлэлцээргүй “Брексит” зэрэг гадаад нөлөөний байдлуудыг дурдаж байв.
Дотоодод учир болох эрслүүдэд Монгол Улс олон улсын саарал жагсаалтад орох магадлал бүхий байдал хэвээр байгааг, үүнтэй холбоотойгоор ОУВС манай арилжааны банкуудын актив буюу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгасныг дурдаж байв. Мөн түүхий эдийн уналт, өвөлжилт хүндэрч болзошгүй байдлуудыг хэлж байлаа. Ингээд ирэх оны улс, орон нутгийн төсвийн гол онцлогуудыг дурдвал:
- НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болгоно.
- Газрын төлбөрийг бүрэн хураах зорилгоор эрх зүйн орчныг сайжруулна. Ирэх онд газрын төлбөрийн 40 хувийг сумдад олгоно. Газар олгох шийдвэр гарсан даруйд төлбөрийг шууд хураана. Газрын бүх мэдээллийг цахимжуулна.
- Дотоод, гадаад бонд гаргахгүй.
- МСҮТ-ийн оюутнууд сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг нэмнэ.
Уул уухайн голлох бүтээгдэхүүнүүд:
- 42 сая тонн нүүрс худалдана. (эрчим хүчний нүүрсийг 75, коксжих нүүрсийг 125 ам.доллараар тус тус худалдана.)
- 1225 мянган тонн зэсийн баяжмал худалдана.
- Төмрийн хүдэр, алтны үнэ өсөх тооцоо хийсэн.
Иргэдтэй холбоотой өөрчлөлтүүд:
- Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь 4 хүүхэдтэй эхэд 6 жилийг нэмж тооцно.
- Цалинг инфляцтай уялдуулан нэмэхэд 160 тэрбум төгрөгийн
- Төрийн албаны шинэ хууль хэрэгжих тул 140 тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгасан. Жишээ нь багш нарын дундаж цалин 1.5 сая болно.
- “Эрүүл шүд” хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна.
Бусад зардлууд:
- Байгалийн түүхийн музей шинээр барихад 53 тэрбум,
- Үндэсний урлагийн их театр шинээр барихад 30 тэрбум,
- Улсын драмын эрдмийн театр шинээр барихад 4 тэрбум,
- Төв номын сан шинээр барихад 4 тэрбум,
- Дуур бүжгийн эрдмийн театрыг мөн шинээр барина.
- Нийслэлд гал унтраах аврах ангийн барилга шинээр барихад 13.4 тэрбум,
- Улсын бүртгэлийн үйлчилгээний цогц төв барина.
- Орон нутгийн хөгжлийн санд нийт 188 тэрбум төгрөг хуваарилна.
- Сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг (бүс бүрээс 1 сум сонгон, хашааны айлуудыг дэд бүтцэд холбоно.)
- 2020 оны олимпийн наадамд 20, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг,
- Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг,
- УИХ-ын сонгуулийн зардалд 20, олон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөг, нийт 43 тэрбум төгрөг,
- Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг,
- Махны, улаан буудайн урамшуулал үргэлжилнэ.
- Дарханы “Аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад 15 тэрбум,
- Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөг,
- Улсын авто замын санд 55 тэрбум,
- Харгиа цэвэрлэх байгууламжид 5 тэрбум,
- Хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум,
- Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн албанд 4.8 тэрбум төгрөг тус тус зарцуулна.
Ийнхүү Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн мэдүүлээд буй 2020 оны улсын төсвийг хэрхэн батлагдахыг хүлээх үлдлээ
багш · 2019/09/28
Ахмадуудын тэтгэврийг нэмэхгүй юм байхдаа. Багш нар л гэх юм. Бас ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан сардаа ганц удаа тэтгэвэр авч, байр, хоол бүх зардлаа төлдөг. Хүнд л байна шүү.
Zochin · 2019/09/28
Akhmaduudiin tetgever tetgemjiin talaar um alga uu martsan um bolov uu