“Transparency International” олон улсын ашгийн бус байгууллага дэлхийн 107 оронд авлигын тухай олон нийтийн санал асуулга явуулсан талаар нийтэлжээ.

Энд үндэслэж тухайн улс орнуудыг эрэмбэлчихэж. Тэрхүү жагсаалтыг Либерти улс тэргүүлсэн бол манай улс багахан зөрүүгээр хоёрдугаарт жагссан байдаг гэнэ. Харин үүний дараагаар Венесуэл, Зимбабве, Мексик зэрэг орон орсон байдаг байна. Энэхүү судалгаанд хамрагдсан монголчуудын бараг тэн хагас нь “Сүүлийн хоёр жилд авилга асар ихээр нэмэгдэх болсон” хэмээн хариулсан аж. Харин судалгааны 77 хувь нь хээл хахууль төрийн албанд үүрлэсэн байдаг зэргээр хариултыг өгжээ. Нөгөөтэйгүүр, дэлхийн буу­рай хөгжилтэй орнуудад авлига асар хур­дан газар авдгийг “USA Today” ч улам­жилж байсан удаатай. Тиймдээ ч авлигаар тэргүүлсэн орнуудын жаг­саалтад нь нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд толгой цохидог 50 орны нэг нь ч багтаагүй болохыг тэмдэглэсэн гэх юм билээ. Авлига хамгийн ихтэй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн Либерти улсын нэг хүнд ногдох ДНБ 673 ам.доллар бол 2012 оны байдлаар манай улсын нэг хүнд ногдох ДНБ 5372 ам.доллар байсан гэдэг.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж баталсан. Тус хуулийг санаачлагчдын зүгээс авлигатай тэмцэх байгууллагад хүнд нөхцөлд ажилладаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулах, мөн дээрх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байх, Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх шаардлагыг 45 нас гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан аж. Энэ мэтчилэн хуулийн төслүүд батлагдвал авлигын эсрэг хууль тогтоомж улам боловсронгуй болж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, хэвийн явуу­лах боломжтой болно хэмээн үзэж баталжээ.

Авлигатай тэмцэх газраас жил ирэх тусам авлигтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, үүнтэй холбодох арга хэмжээг дор бүр нь авч байгаа гэдэг. Түүнчлэн мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотой нэр бүхий олон хүний талаарх мэдээллийг хүргэж байдаг. Гэсэн ч энэ нь нэг талаар авлигийн эсрэг хууль дор бүрнээ хэрэгжихгүй байгааг илтгэдэг. Хамгийн гол нь авлигын эсрэг хууль тогтоомжийг практикт хэрэглэж, хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл гарч байгаа бөгөөд авлигааас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хариуцлагын механизмыг зөв бүрдүүлэхэд одоо үйлчилж буй хуулийн зарим зохицуулалт төдийлөн шаардлага хангахгүй байгаа нь харагдаж байгаа гэдэг үндэслэлээр үндэсний хэмжээнд мөрдөх авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан хөтөлбөрийг УИХ-аас баталж мөр­дүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн түүнийг хэрэгжүүлдэг, биелэлтээ тайлагнадаг байхаар суурь хууль болох Авлигын эсрэг хуульд нэмж оруулж байгаа гэдэгт холбогдох хүмүүс ч тайлбарыг өгч байсан.

Энэхүү хууль нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэдэг ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг хүн бүр хэлж байгаа юм.

Харин хуулийн долоодугаар зүйл. Хориглох зүйл

7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:

7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;

7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;

7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;

7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;

7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;

7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;

7.1.8.үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэмээн заасан байдаг юм билээ. Эдгээр тохиолдолд тухайн албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо ямар нэгэн үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ хэмээжээ.

 

Ж.БАТСАЙХАН: АЛБАН ТУШААЛТНУУД ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ

 

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга

-Авлигын эсрэг хууль, нөгөө нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль. Олон нийт Ашиг сонирхлын зөрчлийн хууль гэж нэрлэж хэвшээд байгаа шүү дээ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар нийтийн алба гэх ойлголтыг томъёолсон байдаг. Нийтийн албан дотор төрийн алба багтана. Энэ хоёр хуулиар нийтийн албаны албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийнхээ хувийн ашиг сонирхол, түүнийг нь илэрхийлдэг өмчлөл, эзэмшил, хөрөнгийн байдал, орлогоо мэдүүлэх үүрэг хүлээж шударга, нээлттэй байх ёстой. Тэгэхээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил манай улсад нэгэнт хэвшин тогтсон. 2012 онд мэдүүлгийн маягт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хоёр удаа мэдүүлэг гаргаснаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлыг ес дэх удаагаа зохион байгуулж буй хэвшсэн ажил боллоо. Сүүлийн хоёр жилд мэдүүлгийг цахим системээр бүртгэж, цаасан хэлбэрээр баталгаажуулан гаргуулж байна. Цахим гарын үсгийн хуулийн хэрэгжилтээс болж цаастай зууралдаж байгааг тооцолгүйгээр мэдүүлгийн бүрдүүлэлтийн тогтолцоо улам боловсронгуй болж байна гэж болох юм. Тухайлбал, 2014 онд 47 мянга гаруй хүн мэдүүлэг гаргахаас 9000 орчим албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлсэн байсан. Харин цахим байдлаар хандаж байгаа тоо нь өдөрт 6000 гарч байгаа юм.

Share