Төв банкнаас өрхийн өрийн дарамтыг бууруулах зорилгоор хэрэглээний зээлд хязгаарлалт тавьсан нь зах зээл дэх зээлийн эрэлтийг эрчимжүүлсэн. Энэ шийдвэрийн үр дүнд банкны салбар дахь иргэдийн хэрэглээний зээл буурсан ч ББСБ-ын өндөр хүүтэй зээлийн дарамт нэмэгджээ.

 Банк бус санхүүгийн байгууллагын зээл олголт энэ он гарснаас хойш эрчимтэй өсөж байна. Өрхийн өрийн дарам­тыг бууруулахаар төв банк хэрэглээний зээлд хязгаарлалт тавьснаас банк бусын зээлийн эрэлт зах зээлд эрс нэмэгджээ. Тодруулбал, зээлийн үлдэгдэл нь энэ оны хоёрдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн байна. Удахгүй гуравдугаар улирлын тайлан мэдээ ил болно. ББСБ­-ын нийт зээлийн үлдэгдлийн дийлэнх хэсгийг иргэдийн зээл бүрдүүлж байна. ББСБ-­аар үйлчлүүлэх харилцагчдын тоо гэхэд 1.7 саяд хүрч, жилийн хугацаанд 1.2 дахин нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, банк бусын салбарт огцом тэсрэлт энэ онд гарсан гэж болно. Банкны салбартай харьцуулахад ББСБ-­ын зээлийн бүтээгдэхүүний үнэ буюу сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин гурав дахин өндөр байгаа. Тодруулбал, сард хамгийн багадаа 3.4 хувиар иргэд зээл авч байна гэсэн үг. Ийм өндөр хүүгийн ачааллыг давж, дааж гарна гэдэг амаргүй. Ломбардын хүү бүр ч өндөр. Макро зохистой бодлогын хүрээнд төв банк банкны салбарт олон төрлийн хязгаарлалт тавьсан. Үүний нэг нь хэрэглээний зээлийг хумих шийдвэр байв. Банкны салбар дахь иргэдийн хэрэглээний зээл өнгөрсөн хугацаанд буурсан ч эсрэгээрээ өрхийн зээлийн дарамт нэмэгдсэн гэсэн судалгаа гараад буй. Өр, орлогын харьцаа өөрч­лөгдөж, хугацаанд хүртэл өөрчлөлт орсноор банк бусаас зээл авах нь иргэдэд илүү амар дөхөм болж эхэлсэн. Ингэснээр банкны сарын 1.4 хувийн хүүтэй зээлийн хүртээмж хумигдаж, харин үүний оронд ББСБ-­ын 3.5, түүнээс ч өндөр хүү өрхийн хэрэглээний зээлийн эрэлт, хэрэгцээг орлох хэмжээнд ирсэн. Өөрөөр хэлбэл, төв банкны 2018 онд гаргасан шийдвэр өнөөдөр банк бусыг дэмжих тал руу хэт хазайсан нь өрхийн өр агших бус тэлэх нөхцөл болсон гэхэд үгүйсгэхгүй байна.

Үүнийг эдийн засагч С.Болд сэтгүүлчидтэй уулзах үеэр дурдсан юм. Товчхондоо, өрхүүд ойр зуурын хэрэглээгээ ББСБ­ын өндөр хүүтэй зээлээр залгуулж байна. Банкны салбарт чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өндөр байсантай холбож өөрсдийн гаргасан шийдвэрээ төв банк өдгөө тайлбарлаж буй. Учир нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд банк бусынхан багагүй ашгийг иргэдийн зээлээс халаасалж амжсаныг статистик үзүүлэлт гэрчилнэ. Тэд зээл олгоно гэсэн зар сурталчилгааг боломж л гарвал түгээж, өөрсдийн бүтээгдэхүүнээ байнга сурталчилдаг. Тэгвэл энэ онд банк бусууд зээлийн хүсэлтээ дийлэхгүй, зээл олгох сонирхол нь тэр хэрээр багассан гэх. Үүнд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бусуудад тавьсан өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаат шийдвэр голлох нөлөө үзүүлсэн нь үнэн. Өрхийн өрийн түвшин сүүлийн жилүүдэд зөвхөн манай улсад бус олон улсад хурдацтай өсөж байна. Зээлийн хэт өсөлт, үүнийг дагасан өрийн их дарамт урт хугацаанд санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлөх, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх үр дагавартай гэдэг.

Ийм байдлаас сэргийлэх үүднээс төв банк банкны салбар дахь хэрэглээний зээлд хязгаарлалт тавьсан ч банк бусуудад энэ нь олз болсноос үзвэл өрхийн өр үнэхээр буурсан уу, эсвэл өсөв үү гэдэгт эргэлзэхэд хүргээд байна. Банкны салбар дахь хэрэглээний зээл тодорхой хувиар уруудсан ч банк бусын өндөр хүүтэй зээл өрхийн төсвийн хамаг орлогыг өөртөө төвлөрүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Эдгээрийг улирал тутам гардаг ББСБ болон арилжааны банкны зээлийн статистик тайлангаас харахад андашгүй. Иргэдийн авч буй зээлийн өсөлт богино хугацаанд хэрэглээг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмждэг. Өрхийн өрийн дарамт хэрэглээг урт хугацаанд хумьснаар эдийн засгийн өсөлтийг сааруулна. Иргэдийн орлого буурах эсвэл зээлийн хүүгийн түвшин ихсэх зэрэг нь зээлийн эргэн төлөлтийг хүндрэлтэй болгодог. Эдийн засгийг бүхлээр нь харахад эдийн засгийн хямралын үед хэрэглэгчид дээрх хоёр хүндрэлтэй байнга тулгарч хэрэглээгээ хумьдаг байна. Эргэн сануулахад, төв банк иргэдийн зээлийн өр орлогын харьцааг 70 хувьд барихаар 2018 онд шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, иргэн таны авч буй сарын орлогын 70 хувиас зээлийн эргэн төлөлт хэтрэхгүй байна гэсэн үг. Энэ бол хэрэглээний зээлийг хязгаарлахын тулд авсан эхний арга хэмжээ байсан. Дараагийн алхам нь иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сар буюу дунджаар хоёр жил байхаар тогтоосон. Өмнө нь иргэдийн хэрэглээний зээлийг тав хүртэлх жилийн хугацаатай олгодог байсан нь иргэдийн зээл авах боломжийг нэмэгдүүлж байсан. Гэхдээ эдгээр нь өрхийн эдийн засгийг бодсон шийдвэр гэж зарим эдийн засагч төв банкны арга хэмжээг сайшааж байлаа. Их дүнтэй эсвэл урт хугацаатай хэрэглээний өрийн дарамтаас иргэд сулрах, илүү санхүүгийн сахилга баттай болоход дээрх шийдвэр олон хүнд нөлөөлсөн нь маргаангүй.

Хэдий тийм ч банк бусын өндөр хүүтэй зээлийг иргэд эргэлт буцалтгүй сонгоход дээрх шийдвэр бас хүргэсэн талтай. Монголчууд хэрэглээг шүтсэн, ирээдүйн орлогоо өнөөдөр зарцуулах нь түгээмэл. Энэ дадал зуршил нэг талдаа өрхийн өрийн дарамтыг улам нэмж, хэрэглээний зээлд “ташуур” өгөв. Банкнаас зээл авах боломж багасахад иргэд ББСБ болон ломбард руу очихоос аргагүйдэх нь гачлантай амьдралын бодит үнэн. Дээрх шат дараалсан шийдвэрүүд иргэдийг өрийн дарамтаас гаргах, хэрэглээний зориулалттай импортын өсөлтийг хязгаарлах, ирээдүйн хэрэглээг дэмжих, хэрэглээний зээлийг хязгаарлах замаар бизнесийн зээлийг дэмжихэд чиглэсэн. Санаа нь зөв боловч дан ганц банкны салбарын хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлах нь эсрэгээрээ банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч өрийн дарамтад өрхүүд нухлагдахад шууд бусаар нөлөөлж байгааг тэмдэглье. Зээл авах хэрэгцээ шаардлага хүн болгонд, өрх бүрд харилцан адилгүй. Монголын банкны холбооны дэргэдэх судлаачдын клуб “Иргэн Дорж сард 800 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнд 20 сая төгрөгөөр машин худалдан авах хэрэгцээ гарав. Гэтэл банк хамгийн ихдээ 30 сарын хугацаатай зээл олгох боломжтой учир банкнаас 13 сая хүртэлх төгрөгийн зээл л авч чадна. Харин үлдсэн долоон сая төгрөгийн зээлийг ББСБ болон ломбард зэрэг өндөр хүүтэй газруудаас авахаас аргагүй болно. Энэ нь эргээд Доржийг илүү их өрийн дарамтад оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зээлийн хугацааг дан ганц банкны салбарт хязгаарлах нь иргэдийн зээлийг хязгаарлаж чадахгүй бөгөөд төрөөс хангалттай зохицуулалт хийж чаддаггүй иргэдийн өөр хоорондын зээл, ломбард, өндөр хүүтэй нэг өдрийн зээл зэргийг улам даамжруулж, иргэдийг улам өрийн дарамтад оруулж болзошгүй” хэмээн дурдсан удаатай. Манай сонин ч дээрх эрсдэлийг урьдчилан харж, хөндөж байлаа. Иргэдийг өрийн дарамтаас гаргах асуудал хэрэглээний зээлийн хяз­гаарлалтыг тогтоосноор ший­дэгдэхгүй нь.

Төв банкны уг санаачилга нь дэлхий улс орнуудын төв банкуудын авдаг нийтлэг арга хэмжээ. Хамгийн гол нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэг­дүүлэх, боловсролын салбарт, тэр тусмаа их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хувь хүний санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, зөв дадал зуршил суулгах хичээл, сургалт зайлшгүй үгүйлэгдэж байгаа нь үүнээс харагдана.
 

Засгийн газрын мэдээ сонин