Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн Төхөмийн хөндий гэдэг газарт Улаанбаатар хотоос тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Тоёота Камри” загварын суудлын автомашин өчигдөр осолджээ. Автомашин онхолдож, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч,

Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид ослын газар очсон байна. Мөн тус сумын Цагдаагийн хэлтсийн зургаан алба хаагч тухайн газар ажиллаж, автомашинд зорчиж явсан дөрвөн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.  

Осолдсон автомашинд сууж явсан дөрвөн иргэний нэг нь БНХАУ-ын иргэн байжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээрх иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.