Хоёр төрд нүүртэй “Жаст”-ын Ш.Батхүү хотынхны ходоодтой ярьж эхэллээ
2013/04/03
Монголд чимээгүйхэн хүрээгээ тэлж байгаа компани бол “Жаст групп” ХХК. Энэ компани Монгол Улсын эдийн засгийн гол салбарууд болох Газрын тосны бүтээгдэхүүний салбар, Хөдөө аж ахуйн салбар, Банк санхүүгийн салбар, Уул уурхайн салбар, Олон улсын худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Үүнд, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлож, борлуулдаг “Жаст Ойл” ХХК, мал бэлтгэж, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг “Жаст Агро” ХХК, иргэдийн банкны зах зээлд зонхилон ажиллаж буй Хадгаламж банк, алтны уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг “Олон Овоот гоулд” ХХК, Монголд үйлдвэрлэгдэж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр худалдаалах үйл ажиллагаа эрхэлж буй “Меркентайл хаус” ХХК зэрэг компаниуд багтддаг байна.
Тэгвэл Монголын эдийн засгийн гол салбаруудыг гартаа оруулсан “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү гэж хэн бэ.
Тэрбээр анх 1999 онд “Жаст” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд аажмаар тэлсээр 2006 оноос группын хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Ш.Батхүү хэмээх эрхмийг хэрхэн томорсон талаар ярьвал багагүй түүх дэлгэгдэнэ. Түүнийг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяртай хэтэвч нэг гэдэг. Тиймээс С.Баярын дэмжлэгтэйгээр Хадгаламж банкийг ямарч тендергүйгээр худалдаж авсан гэх нь бий. Түүгээр ч үл барам УИХ-ын гишүүн асан “Монгол шуудан” банкны Д.Зоригттой ч хэтэвч нэг гэж байгаа. Тиймээс тус банкийг өөрийн Хадгаламж банкинд нэгтгэсэн гэдэг. “Алтжин” Г.Алтанг хэцүүхэн байдалд орох үед түүний мэдлийн шатахуун түгээх станцуудыг өөрт шилжүүлж авсан гэж байгаа. Харин одоо Олон овоотын алтны уурхайнхаа 50 хувийг Г.Алтанд шилжүүлж өгсөн гэх мэдээлэл бий.
Түүнчлэн “Жаст”-ын Ш.Батхүү захирал “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяртай нийлж олон тэрбумын зээл авснаар Зоос, Анод банкны дампууралд нөлөөлсөн гэж ярьдаг. Ц.Мянганбаяр, Ш.Батхүү нар “Зоос” банкинд Олон овоотын алтны ордыг барьцаалан олон тэрбум төгрөгийн зээл авсан ч хугацаандаа төлөгдөхгүй болж, найдваргүй зээл болсон учир дампуурахад хүрсэн гэдэг. Энэ банкийг аврах гэж Төрийн банк хэмээн нэрлэж, улсаас 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан ч одоо дөнгөж 30 гаруй тэрбум төгрөг л төлөгдснийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлсэн удаатай.
“Жаст”-ын захирал Ш.Батхүү ер нь нэлээд жаатай эр бололтой. Тэрбээр Монголын хоёр том “Саалийн үнээ”-д шатахуун шахдаг нэгэн гэнэ. “Улаанбаатар төмөр зам” 2006 оноос эхлэн дотоодоосоо шатахуун авахаар болж, хоёр жилийн хугацаанд шатахуун нийлүүлэх нээлттэй тендер зарлахад “Жаст” ялалт байгуулсан байна. Ингээд хоёр жилийн хугацаатай байгуулагдсан уг гэрээ 2008 онд дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл үргэлжилсэн байгаа аж. “Улаанбаатар төмөр зам”-д жилдээ дунджаар 50 сая ам.доллараар хэмжигдэх өртөгтэй түлш нийлүүлдэг “Жаст групп” Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ч гэрээгээр шатахуун нийлүүлдэг бөгөөд нийт өртөг нь жилд дунджаар 30 орчим сая ам.долларт хүрдэг гэж байгаа. Эндээс харахад “Жаст”-ын Ш.Батхүү зөвхөн хоёр компанид нийлүүлсэн шатахууны нийт өртөг жилдээ л 80 сая ам.долларт хэлбэлзэж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.